“Кино код”-ын түүх үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

“Кино код”-ын түүх үргэлжилсээр

Хүн бүрийн зүрхний цохилтыг нэгэн хэмнэлд нэгтгэж, баяр хөөр, айдас эргэлзээ, догдлол гээд бидэнд төрж болохуйц бүхий л мэдрэмжийг амтлуулдаг хамгийн өвөрмөц, хэзээ ч уйдамгүй сэтгэл татам зүйл бол кино юм. Тиймээс ч хүмүүст энэ гайхалтай орон зайд өөрийн биеэр нэвтрэх нууцхан хүсэл байдаг. Киноны зөвхөн үзэгч нь бус кино жүжигчин эсвэл зохиолч  болж, таалалдаа нийцүүлэн кино  бүтээх  тодорхой алхмуудын  сонголтыг хийх боломжийг “Боловсрол” суваг телевиз, “Hero entertainment” студи, “Modern nomads”-ын хамтын бүтээл “Кино код”  шоу нэвтрүүлэг олгож байгаа билээ. Ард түмний сонголтоор кино бүтээх “Кино код”  шоу нэвтрүүлэг нь жанр сонгох, сэдэв сонгох, киноны зохиолч болон зохиол сонгох, киноны хөгжим сонгох, дууг дуулах хамтлаг дуучдыг сонгох, кино бүтээх гэсэн үндсэн дараалалтайгаар хүрэхээс гадна дээрх бүхий л алхмуудын сонголтыг үзэгчид, ард түмэн өөрсдөө хийх юм.

Нэвтрүүлгийн анхны  алхам болох киноны төрөл жанрын сонголтыг ард түмэн хэдийнэ хийсэн. Хөгжимт буюу мюзикл,  үлгэр домгийн, уран зөгнөлт,  аймшгийн,  мелодрам,  дайн байлдаант,  адал явдалт, түүхэн,  инээдмийн гэсэн есөн төрөл жанр өрсөлдсөн. Бүтэн сарын турш үргэлжилсэн киноны төрөл сонгох санал асуулгад нийт 23573 хүн санал өгснөөс 35 хувь буюу 8250 хүний саналаар “Түүхэн” киноны төрөл энэ удаагийн санал асуулгад тэргүүлсэн юм.

Төрөл жанрын сонголт  амжилттай болсны дараагаар үзэгчид сэдвээ сонгосон. Хүннү гүрэн-Эртний Монгол, XIII зуун–Их Монгол улсын түүх, Монголын домогт хатад, Манжийн дарлалын эсрэг тэмцэгчид-Шилийн сайн эр, Богд хаант засгийн түүх, Соёлын довтолгоо, Атар эзэмшлийн үе, XX зууны Монгол,  Түүхэн ремикс кино гэсэн есөн сэдэв бүхий санал асуулгад нийт 25363 оролцогч саналаа ирүүлснээс “Манжийн дарлалын эсрэг тэмцэгчид – Шилийн сайн эр” сэдэв  11274  санал авснаар “Кино код”-ын киноны төрөл, сэдэв тодров.

“Кино код” нэвтрүүлэг алхам алхмаар урагшилсаар л, үзэгчид ч нэвтрүүлгийн нэгэн эд эс, шимтэн үзэгч төдийгүй оролцогч, удирдагч гэдгээ улам бүр мэдэрсээр байна.

Тун удахгүй зохиол тодорхой болно. Зохиол бичихээр маш олон үзэгч, уран бүтээлчид  бүртгүүлээд буй. Тэд зохиолын санаа, мэргэжлийн хэллэгээр синопсис бичиж, “Кино код” шоу нэвтрүүлэгт ирүүлсэн бөгөөд тэдгээрийг нэвтрүүлгээр дамжуулан үзэгчдэд хүргэсэн юм. Мэргэжлийн зохиолчид ч нэвтрүүлгийг сонирхож байгаа. Ард түмний санал, сонголтоор тэдний хайртай киног бүтээх учир мэргэжлийнхэн ч мөн синопсисоо бичиж “Кино код”-д илгээсэн аж.

Харин тун удахгүй ирээдүйн киноны зохиолч шалгарсны дараа нэвтрүүлгийн хамгийн сонирхолтой хэсэг болох “проб шоу”-ны үе шат эхэлнэ. Киноны алдартай жүжигчин, ард түмний кинонд дүр бүтээсэн азтай оролцогч хэн байх вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ тун удахгүй авьяаслаг бас сонирхолтой залуус Монголын кино урлагт өнгө нэмэн гялтганах болно. Бахархах түүхтэй бидний ард түмэн монголын кино урлагт бас нэгэн шинэ түүхийг өөрсдийн  оюунаар бий  болгож байна. Түүх үргэлжилсээр….

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж