Аяга, цаас, хүрэм сонгуульд өрсөлдөх үү?

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Аяга, цаас, хүрэм сонгуульд өрсөлдөх үү?

УИХ-ын
гишүүд нэгнийхээ юмыг дараад салахгүй  хэсэг заваардаг байсан. Харин
энэ зуршил нь УИХ-ын Дэгийн тухай шинэ хууль баталсан цагаас хойш арай
гайгүй болоод байсан юм. Гэвч тэр дунд дэгийн хуульд захирагддаггүй
Д.Батбаяр, “молекул” хочит Батж.Батбаяр, А.Телейхан зэрэг гишүүд УИХ-ын
дэг зөрчиж хууль батлалцсан хэвээр. Харин тэдэнд УИХ Дэгийн тухай
хуулийн дагуу хариуцлага тооцолгүй өдий хүрлээ. Уг нь бол Монголын хууль
гурав хоног гэдэг үг байдаг даа. Гэтэл УИХ-ын дэгийн тухай хууль гурав
хоног байтугай нэг хоног хэрэгжсэнгүй.  Баталсан хуулиа өөрсдөө дагаж
мөрдөн үлгэр жишээ болох УИХ-ын гишүүд нь сурсан юмыг сураар боож
болдоггүй гэдэгчлэн нэгнийхээ өмнөөс коноп дардаг муу зүршил УИХ-ын
чуулганы бүрэн эрхийн хугацаа дуусгавар боох цаг ойртох тусам эргээд
сэдэрлээ.
Өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд
Тендерийн тухай хуулийн төслийн талаар гишүүд хэлэлцэж санал хураах үед
гишүүн Я.Батсуурь хажуугийнхаа суудлыг эзгүйчилж өөр гишүүний
товчлуурыг дарсан. Харин үүнийг нь харсан УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “боль
зүгээр суу, битгий давраад бай” гэж байгаа бололтой эзгүй байгаа
гишүүний картыг сугалж харагдав. Харин Я.Батсуурь яаж зүгээр байх вэ
гэсэн шиг Л.Гантөмөр гишүүний өөдөөс хөмсөг атираастай хариу үг хэлж
харагдана. Магадгүй ямар нэг эрх ашгийн сонирхол явж байсан юм болов уу.
Бусад нь яаж байна гээд хартал УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Телейхан
гээд өчнөөн гишүүд өөр хүний санал өгөх товчлуур дарж харагдав. Харин
хүний өмнөөс санал өгөөд байгаа гишүүд хуралдаа суугаагүй хөлд нь хий
орсон гишүүдээ төлөөлж чадаж байна уу гэдэг нь сонин. Хэрэв тэднийг
төлөөлж чадаж байгаа бол хуралд суудаггүй гишүүдээ хуралдаа ирэхээр нь
хөөгөөд зайлуулах хэрэгтэй ч юм шиг. Тэгсэн хэрнээ хуралдаа суудаггүй
гишүүд ирэх сонгуулийг жижиг 76 тойрогтоо мажоритар системээр хуучнаараа
явуулах нь зүйтэй гэж гоншигоноод байгаа.

Тэгэхээр УИХ-ын гишүүд чуулганы танхимдаа ядаж 100 хувь биш юм аа
гэхэд 51 хувьтай цугларч байгаад асуудал шийдвэл яасан юм бэ. Сандал
дээр өлгөөд орхисон хүрэм, цайны аяга, ширээн дээр тавьсан цаас
гишүүнийг төлөөлж болох уу. Ирэх 2012 оны сонгуулийг ямар тогтолцоогоор
явуулах вэ гэдэгтэй хамт ширээндээ тавиад орхидог аяга, сандал дээр
өлгөөд орхидог хүрэм, цайны аяга зэргээ сонгуульд өрсөлдүүлж болох эсэх
талаар хэлэлцэх санал дэвшүүлье.

А.Балт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж