С.Ламбаа: Өнөөдрийг хүртэл би дуугүй явлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

С.Ламбаа: Өнөөдрийг хүртэл би дуугүй явлаа

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эмч
нар нь эсэргүүцэл, суулт зарлаад “Эрүүл мэндийн биш Эрүүгийн хууль”
боллоо гэх мэт мэдэгдлүүд хийгээд эхлэхээр олон нийт ч гэсэн “Ямар хууль
баталчихав” гэж эргэлзэж байгаа байх. Тэгэхээр сая УИХ-аар баталсан
Эрүүл мэндийн тухай хуулийн талаар тайлбар хийх үү?

-Энэ
хууль нь тодорхой хэмжээнд зарчмын өөрчлөлт болсон хууль. Эрүүл мэндийн
үйлчилгээ нь орны хойноос хөөцөлдсөн тогтолцоотой байсаар өнөөдрийг
хүрсэн. Эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын тогтолцоо гээд бүх зүйл нь
орны тоогоор санхүүжилт хийгддэг байлаа. Одоо бол эрүүл мэндийн
санхүүжилтыг өвчний оношоор ялгавартайгаар тогтоодог болгож байна.
Төсөвтэй холбоотой дүрэм журам батлах асуудлыг эрүүл мэндийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны гишүүн, санхүүгийн асуудлыг эрхэлсэн төрийн
захиргааны гишүүн хамтран баталдаг тогтолцоонд шилжиж байна. Түүнчлэн
даатгалаас санхүүжүүлж байгаа тохиолдолд үүнтэй холбоотой дүрэм журмыг
Эрүүл мэндийн даатгуулагчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын дарга,
эрүүл мэндийн болон сангийн асуудал эрхэлсэн гишүүд хамтарч баталдаг
болгох гээд байгаа юм. Нөгөө талаас эрүүл мэндийн салбарын тогтолцооны
хувьд томоохон өөрчлөлт болж байгаа. Нийгмийн тусламж үйлчилгээ, эрүүл
мэндийн тусламж үйлчилгээ гэсэн хоёр төрөлд хуваагаад энэ үйлчилгээг хэн
хариуцах вэ гэдгийг нь заагаад өгчихсөн. Нийгмийн эрүүл мэндийн
үйлчилгээг сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв гүйцэтгэх,
эмнэлгийн тусламжийн үйлчилгээг аймаг, дүүргийн болон сум дундын
эмнэлэг, эрүүл мэндийн яамны харьяа нэгдсэн эмнэлэг, үндэсний төвүүд
гүйцэтгэхээр тогтоосон.

Мөн эмнэлэгүүдийн статусыг тодорхойлсон.
Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг гэдэг нь өөр болчихоод байгаа тул ийнхүү
тодорхойлох болсон. Долоогоос доошгүй нарийн мэргэжлийн эмчтэй бол
нэгдсэн эмнэлэг гэх ангилалд багтаж болох нь. Эдгээр ангилал нь ихээхэн
ач холбогдолтой. Түүнчлэн маш чухал асуудал туссан нь эмч, сувилагч,
бага эмч, гээд тус тусад нь нэрээр нь хуульчилж байсныг болиод эмнэлгийн
мэргэжилтэн, эмнэлгийн ажилтан гэдгээр бүх хүнийг багтааж байгаа. Нэг
хууль гарахаар эмч нь хамрагдаад сувилагч нь үлддэг, эсвэл лаборант эмч
орхигддог байсан тогтолцоо одоо байхгүй болно гэсэн үг.

-Тогтолцооны
хувьд дэвшилттэй болсон гэдгийг ойлгож байна, гэтэл эмч нарын хуулийг
эсэргүүцэх болсон гол үндэслэл нь хариуцлагын системтэй холбоотой.
Үнэхээр тэдний хэлж буйгаар зарим хариуцлагыг 70-140 дахин
нэмэгдүүлчихсэн юм уу?

-Энэ хуулинд 70-140 дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуулийн нэг ч заалт байхгүй. Харин
5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуулийн заалт бий. Гэхдээ
энэ 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль нь энгийн эмч,
мэргэжилтнүүдэд хамааралгүй. Өөрөөр хэлбэл энэ нь ААН, хангамжийн
байгууллага, шавьж хорхой ариутгадаг байгууллагууд зэрэгт тогтоосон
зүйл. Энэ хуульд хорь гаруй торгуулийн заалт бий. Гэтэл үүнээс эмч
мэргэжилтэн нарт хамааралтай дөрөв, тавхан л заалт бий. Үнэндээ
ААН-үүдийг, эмнэлэгийн байгууллагыг энэ хуулиар илүү чангалсан шүү дээ.
Нөгөө талаас иргэн буруутай үйлдэл хийсэн бол яг эмч нартай адил
торгууль төлөхөөр байгаа. Эмч нар цалин багатай учраас торгож болохгүй
гэсэн зүйл байхгүй шүү дээ. Хэрвээ торгууль төлүүлэхгүй гэх юм бол алдаа
гаргасных нь төлөө Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэхээс өөр аргагүй
болно биз дээ. Торгууль гэдэг зүйл нь торгох гэж, цалин мөнгийг нь
хураах зорилготой биш. Харин хариуцлагатай байлгах тогтолцоог бий болгох
гэсэн зүйл.

-Огноо буруу тавьсан төдийд хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох
зүйл байхгүй гэсэн үг үү?

-Тийм заалт нэг ч байхгүй. Өвчний
түүх хөтлөхдөө он сар буруу бичсэн, илүү зураас зурчихсан байхад
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин торгох тухай нэг ч өгүүлбэр
байхгүй.

-Засгийн газраас боловс­руулан, өргөн мэдүүлсэн
хуу­лийн төсөлд байгаагүй зүйлийг УИХ дээр гэнэт гаргаад ирсэн гэж
ойлгогдоод байгаа?

-Засгийн газраас энэ хуулийн төслийн
хариуцлагын хэмжээг тогтоохдоо тав, арав дахин нэмэгдүүлэх байдлаар
хуулийн төслийг оруулж ирээгүй. Харин торгуулийн хэмжээг 100, 200, 300
мянга гэх байдлаар оруулсан. Үүнийг нь УИХ-аар хэлэлцээд хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн байдлаар торгох нь зүйтэй гэж
өөрчилсөн. Үнэхээр сүүлийн үед гарч буй бүх хуулийн торгуулийг ийм
байдлаар ногдуулж байгаа.

-Засгийн газар ингэж их цаг гарган
хэлэлцсэн атлаа яагаад ха­риуцлагын хэсэгт одоогийн байгаа хуулийн
хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг нэмэг­дүүлсэн байдлаар оруулж ирээ­гүй
юм бэ? Уг нь УИХ дээр хариуцлагын хэмжээг тооцох арга нь өөрчлөгдөөгүй
байсан бол ингэж хэл ам гарахгүй байсан байх.

-Хуучин байсан
үнийн дүнг одоогийн өсөлтөөр нь тооцоод л гаргачихсан байсан юм.  Тэгж
хуульчилсан ч болно. УИХ дээр үүнийг нь тооцох аргачлалыг өөрчлөөд
хувиар тогтоосон нь буруу биш. Хуулийн төслийг үзэл баримтлалтайгаа
нийцүүлэн өөрчлөх эрх бий шүү дээ.

-Хуулийг эсэргүүцэгч нарын шаардлагыг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Эрүүл
мэндийн сайдын хувьд би эмч нарыгаа хариуцлага алдаад, торгуулаад байна
гэж бодохгүй байна. Эрүүл мэндийн хуучин хуулиар 60 мянга, арван
мянгаар торгоно гэж байсан нь үнэхээр хуучирсан. Тэр үеийн арван мянган
төгрөг нь одоогийнхоор хэдэн арван сая шүү дээ.

Хамгийн гол нь
тэд сонин асуудал тавиад байгаа юм. Жишээлбэл, “Төрийн болон төрийн
өмчийн, эрүүл мэндийн болон эрүүл мэндийн боловсролын байгууллагад 25
жил ажилласан бол тодорхой тэтгэмж олгоно гэж байгаа атлаа яагаад хувийн
эмнэлэгт олон жил ажилласан хүнийг үүндээ хамааруулахгүй байгаа юм бэ” 
гэх шаардлагыг тавьж байна. Гэтэл ингэж адилтгаж хуульчилж болохгүй шүү
дээ. Хувийн эмнэлгийн статус нь ч өөр. Ингэвэл ядаж л хувийн
эмнэлэгүүдийн холбоо нь эсэргүүцэх байлгүй дээ. Хувийн эзэмшлийн
байгууллагын үйл ажиллагааг төр зохицуулдаггүй биз дээ. Угаас хууль
ёсоор хориотой зүйлийг зохицуулахыг шаардаж болох уу. “Эрүүл мэндийг
хууль Эрүүгийн хууль боллоо” гэх мэт янз бүрийн нэр өгөөд, УИХ-ыг энэ
хуулийг “хулгайгаар баталсан” гэх ийм сонин мэдэгдэл хийж эмч  нарыг
турхираад байгаатай санал нийлмээргүй байна.

-Мөн эмч нараас хувийн эмнэлгүүдийг энэ хуулиар гадуурхаж байна гэх шүүмжлэл хэлж байна?

-Харин
тийм. А.Отгонболд эмч энэ хуулинд хувийн эмнэлгүүдийн талаар ямар ч
заалт алга гэж байна билээ. Тэрээр “Адилхан өрхийн эмнэлгийг ямар нэгэн
лоббигоор энэ хуулинд хамрууллаа” гээд яриад байсан. Гэвч ийм зүйл
байхгүй шүү дээ. Тэр хувийнх гээд байгаа өрхийн эмнэлэг чинь анхан шатны
тусламж үйлчилгээ үзүүлдэг, ямар нэгэн төлбөр авдаггүй эмнэлэг. Анхан
шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй өгнө гээд Үндсэн хуулийн заалт
бий. Ийм учраас тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг төр өгдөг юм. Харин
А.Отгонболдын “Хатагтай” ч гэх юм уу, тэр хувийн эмнэлгүүд хүссэн
төлбөрөө иргэдээс авч байгаа биз дээ. Өөрсдөө төлбөрөө тогтоодог ийм
эмнэлгүүдийг өрхийн эмнэлэгтэй харьцуулж болохгүй. Ингэхээр хувийн
эмнэлгийн талаар тусгай заалт орсонгүй гээд гомдоллоод байх шаардлага
байхгүй. Хувийн эмнэлэг гэх заалт байхгүй ч энэ хуулийг хувийн
эмнэлгийнхэн ч мөрдөнө. Торгуулах зүйлээ торгуулна, авахыгаа авна.
Стандартыг ч мөрдөнө.

-Эмчийн гаргасан алдааных нь ард хариуцлага биш, даатгал байдаг тогтолцоо байж болохгүй юм уу?

-Энэ 
тухай Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэх үед л яригдана.
Эрүүл мэндийн тухай хуулинд энэ тухай хамааралгүй. Одоо бид Эрүүл
мэндийн даатгалын хуулийн төслийг өргөн оруулахдаа заавал даатгал,
нэмэгдэл даатгал гэж оруулсан. Ер нь бол эрүүл мэндийн салбарыг
хариуцлагын даатгалын тогтолцоонд шилжүүлж болно.

-Хуулийн
алдааг эмч нар хэлэлцэж байгаа гэнэ. Гэтэл хууль батлагдахаас өмнө
мэргэж­лийнхэн хэлэлцүүлэгт оролцож санал дүгнэлтээ өгцгөөдөг биз дээ.
Эсвэл үнэхээр тэдгээр эмч нарт хэлэлцүүлэгт оролцох боломж өгөөгүй юм
уу?

-Хуулийг хэлэлцүүлэх тал дээр ярих зүйл байхгүй. Энэ
хуулийг өргөн бариад долоон сар, өргөн барихаас өмнө жил гаруй ярьсан.
ЭМЯ дээр үйлдвэрчний байгууллагаас авсан санал гээд өчнөөн олон хуудас
материал бий. Тэдгээр саналуудыг нэг бүрчлэн судлаад олон санал
тусгасан. Мөн бүх эмнэлэгийн дарга нарыг цуглуулаад саналаа өгөх
даалгавар өгсөн. Томоохон эмнэлгүүд ч бичгээр саналаа ирүүлсэн. Ингэхээр
хэлэлцүүлээгүй энэ тэр гээд яриад байх хэрэг байхгүй.

-Эмч нарыгаа хамгаалж Үйлдвэрчний эвлэл нь дараа, дараагийн алхмуудаа хийх байх даа?

-Үйлдвэрчний
эвлэлийн байгууллагаас өвчний түүх хуурамчаар бичиж  баахан даатгалын
мөнгө авсан гэж бөөн сенсаци үүсгээд Чингэлтэй дүүргийн дарга нь
ажлаасаа түдгэлцэж, Арьсны төвийн захиралыг болиулна гээд өчнөөн асуудал
үүсгээ биз дээ. Гэтэл прокурорын газраас ямар ч үндэслэлгүй байгаа
тухай шийдвэр гарсан.

Үйлдвэрчний эвлэлийн газрын дарга Б.Мягмар
хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа. Өвчний түүх дээр цэг таслалын төдий
зүйл алдсаны төлөө хичнээн их мөнгөөр торгох гэж байгаа мэтээр ярьж,
эмч нарыг боомилж байна гэх зүйл мэдэгдэж байна. Үнэхээр буруу онош
тавьж хүний амь насанд хүрвэл яах юм бэ. Өвчний түүх гэдэг чинь зүгээр
нэг бүртгэлийн дэвтэр биш. Буруу зүйл бичсэнээс болж үзэгний үзүүрээр
хүний аминд хүрвэл яах юм. Иймд үүнтэй холбоотой хатуу хариуцлага
ногдуулдаг байх нь зүйтэй.

-Хариуцлагагүй мэдэгдэл хийж байна гээд л сууж байх хэрэг үү?

-“Ардын
эрх” сониноор дамжуулж хэлэхэд Үйлдвэрчний эвлэлийн байгууллага сүүлийн
гурван сар эрүүл мэндийн салбар луу дайрч байгаа. Тухайлбал,
“Зүүрмэглэж буй эрүүл мэндийн яам, Эмгэнэлтэй эрүүл мэндийн яам” гэх
мэтээр олон материалыг төлбөртэйгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудаар
тараасан. Би харин өнөөдрийг хүртэл дуугүй явлаа.  

-Дуугүй байх шалтгаан байсан юм уу?

-Яагаад дуугүй байсан гэхээр хууль батлагдах гэж байсан. Одоо нэгэнт хууль батлагдсан учраас тэдэнд хариуг нь хэлж байна.

-Одоо тэгэхээр юу хэлнэ гэж?

-Намайг
тэр даатгалын мөнгийг идэж уусан, шинжилгээ хийлгэсний төлөө сард гучин
мянган төгрөг өгдөг болгож хамаг мөнгийг өөрсдөө хармаалдаг болсон, 400
сая төгрөгний үнэтэй түргэний тэрэг авсан зэрэг хачин юм олон ярьсан.
Үйлдвэрчний байгууллага нь хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг хамгийн гол
байгууллага.  Тэд ард түмний цалин мөнгө, хөдөлмөрийн харилцаатай
холбоотой асуудалд үгээ хэлдэг байтал юуны төлөө яваад байгааг ойлгохгүй
байна. Ард түмний эмчилгээг сайжруулах асуудал тавихаар эмч нарыг
дарамталж байна гэх юм. Эсвэл хүнийг хорлож болно гээд байгаа юм уу.

Цаашид
эрүүл мэндийн даатгал төлөгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага нь
эрүүл мэндийн даатгалд хяналт тавьдаг тогтолцоонд орох ёстой. Энэ
асуудал үйлдвэрчний эвлэлийн байгуулагад бол “падлий” ч байхгүй. Олон
улсын байгууллагын хууль дүрмээр бол ийм л байдаг. Цаашид УИХ-ын гишүүд
энэ талаас нь ч авч үзэх байх. Даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах
байгууллага гэж тусдаа бүтэц бий. Тийм байгуулагад нь эрхийг нь өгөөд
хуульчлах хэрэгтэй.

Ер нь ингэж самарч болохгүй шүү дээ. Би олон
зүйл дээр тэвчиж дуугүй байгаа. Буруу бүхнийг Эрүүл мэндийн яам руу
чихсэн мессеж нисгэж байна. Тэр С.Ганбаатар баахан шуурч, ард түмний
талд байгаа мэт хашгирсан. Ингэж ярьсныхаа төлөө тэр “Топ улстөрчид”-ийн
жагсаалтын аравт орж байгаа юм байлгүй. Манай монголчууд ингэж худлаа
юм ярьж явдаг хүмүүсийг ч үнэлдэг болчихож. Би түүний хажууд ажил хийж
байгаа шүү, харин. Эрүүл мэндийн салбарын төлөө. Гэхдээ үүгээрээ
далимдуулж ямар нэгэн улс төр хийж байгаа зүйл байхгүй.

-Ярианы төгсгөлд танд дахин нэг боломж өгье. Шүүмжлэл дагуулаад буй эмнэлгүүдийн удирдах зөвлөлийн асуудлаар тайлбар хийгээч?

-Энэ
хуулиар дотоод хяналтыг бий болгосон нь үнэн. Ийм хяналтын тогтолцоог
байлгахаас ч өөр арга байхгүй. Хүмүүс эмнэлгийн үйлчилгээг голж байгаа
нь үнэн. “Ариутгал халдваргүйтэл муу хийгддэгээс халдварт өвчин их гарч
байна. Эм тариа, бүхий л зүйлээ гаднаас авчирч байна” гэж байгаа. Ийм
үед хяналт хэрэгтэй л баймаар юм. Энэ бүхэнд мэргэжлийн хяналтынхныг
дуудаад байж чадахгүй шүү дээ. Яагаад дотоод хяналтын алба байгуулаад
тэр албаны даргад нь улсын байцаагчийн эрх өгнө гэхэд нь айгаад байгаа
юм. Ажлаа ёс журмынх нь дагуу хийж байгаа манай эмч нар үүнээс нь
айхгүй. Тэгээд ч эмч мэргэжилтэй хүмүүс нэг нэгнийхээ мууг үзэх гээд
яваад байх ч хүн байхгүй байх.  Энэ бол чанар сайжруулах арга болохоос
биш эмч нарын мууг үзэх гэсэн зүйл биш. Ер нь хянадаг тогтолцоо
байхгүйгээс л болж бүтэхгүй зүйлс гарч ирдэг. Хуучин хяналтын алба гэж
маш хатуу алба байсан.

Дарга нарт хэзээ хайртай болчихсон юм бүү
мэд, удирдах зөвлөлтэй болгосныг эмнэлгийн дарга нарын эрх мэдлийг
боомилсон гэж эсэргүүцэж байна. Энэ чинь харин ч хамтын удирдлагын
тогтолцоонд шилжих гэж буй хэрэг. Яагаад ганцхан дарга бүх асуудлыг
шийддэг байсныг арван хэдэн мэдлэг боловсролтой, мэргэжлийн улсууд сууж
эмнэлгийн хөгжлийн асуудлыг ярьж болохгүй гэж. Ийм зүйлийг эсэргүүцээд
байгааг би ерөөсөө ойлгохгүй байна.

Мөн нийгмийн хамгааллын
тогтолцоон дээр ч гэсэн цоо шинэ шинэчлэлийг хийж чадсан. Тухайлбал,
одоо бол аймагт ажиллаж байгаа эмч таван жил зургаан сарынх, баг тосгон
сумандаа ажиллаж байвал гурван жил зургаан сарын цалинтай тэнцэх
хэмжээний урамшуулал олгодог тогтолцоонд шилжлээ. Энэ бол том дэмжлэг.
Тэтгэвэрт хамрагддаггүй байсан бүх хүнийг эмнэлгийн мэргэжилтэн гэж ганц
томьёололд оруулж 12,24,36 сараар тэтгэврийг нь тогтоогоод өгчхөөр бүх
хүн хамрагдана гэсэн үг. Миний хувьд УИХ-ын гишүүдийн эмчийн хариуцлагын
торгуулийн хэмжээг өндөр тогтоосныг дэмжиж байгаа. Ер нь хийж байгаа
юмыг эсэргүүцэж болно. Өөрсдийн хариуцлагын тухай асуудлыг мөн л хүлээж
авч сурах хэрэгтэй юм.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж