2020 онд дэлхий цэвэр усны нөөцгүй болно

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

2020 онд дэлхий цэвэр усны нөөцгүй болно

Дэлхий
нийтээрээ 2020 он гэхэд усны хомсдолд орно гэдгийг олон шинжээчид,
судлаачид баталсан байна. Энэ аюул уур амьсгалын өөрчлөлтөөс
шалтгаантай. 1990 онд дэлхий дээр 5,5 тэрбум хүн амьдарч байсан бол
өдгөө 6,9 тэрбум хүрсэн, цаашид 2020 онд 9,3 тэрбум болж өсөх тооцоо
гарчээ. Дэлхийн хүн амын тоо нэмэгдэх тусам тэдний хэрэглээ ч өснө. Ус
бол амьдралыг тэтгэгч. Хүн ам өсөхийн хэрээр усны хэрэгцээ нэмэгдэж
байгаа тул усыг ариг гамтай хэрэглэхийг зөвлөхөөс өөр зүйлийг одоохондоо
хийж чадахгүй байна.  Тиймээс “Монгол орны усны хангамжийн асуудлыг
шийдвэрлэх нь” сэдэвт семинарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын
газар, “2030 Усны нөөцийн бүлэг” олон улсын байгууллагаас хамтран зохион
байгуулсан. Уг семинараар  Монгол Улсад тулгарч буй асуудлуудыг
тодорхойлж, зарим салбаруудын хүрээнд усны нөөцөд үзүүлэх нөлөөллийг
гаргах, Монгол орны усны эргэлтийг хангах нөөц бололцоо, шаардлагатай
хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох, усны хэрэгцээ, хангамжийн
зөрүүгээс үүдэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг судалж, ирээдүйд усны
хэрэгцээг хангах арга замууд, усны салбарыг хөгжүүлэх асуудлаар
ярилцлага өрнүүлсэн юм.  “2030 усны нөөцийн бүлэг”-ийнхэн Монгол Улсын
Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад тус семинарыг зохион байгуулж,
цаашид усны нөөцийг хэрхэн хамгаалж үлдэх талаар амжилттай хамтарч
ажиллана хэмээн найдаж буй юм.

Монгол Улсад 2007 онд нийт гол,
горхины 17,2 хувь, 2009 онд нийт 3700 гол, горхины 31,2 хувь нь ширгэсэн
судалгаа байна. Харин энэ жил усны тооллогыг дахин явуулж байгаа бөгөөд
одоогоор тооцоо гараагүй байгаа аж. Nestle групп болон “Усны нөөцийн
бүлэг”-ийн ерөнхийлөгч Петер Брабек-Лэтман  “Уул уурхай, үйлдвэрлэл
хөгжихийн хэрээр байгаль орчин устахад хүрч байна” гэдгийг уг семинарын
үеэр онцолсон. Монгол Улсын хувьд уул уурхай хөгжиж буй энэ цагт
төлөвлөгөөтэй ажиллах хамгаас чухал, төлөвлөгөөтэй ажиллахын тулд бусад
орны зөв төлөвлөлтийг ашиглах хэрэгтэй гэдгийг ч зохион байгуулагчид
анхааруулж байлаа. Тэрээр “Усны нөөц эх үүсвэрийг хамгаалах  нь нэн
түрүүнд хийх ажил. Усыг хамгаалах, зөв зохистой хэрэглэхэд төр, олон
нийт, хувийн хэвшил гээд хүн бүрийн оролцоо чухал. Үүний тулд төр
засгаас зөв бодлогоор иргэд, хувийн хэвшилд нөлөөлөх ёстой” гэсэн юм.

Монголд хамгийн хямдхан зүйл ус байна

-Усны үнэ цэнийг боломжийн хэмжээнд аваачиж байж хамгаалах талаар ярих нь зөв-

ШУТИС-ийн профессор Д.Басандоржтой уулзлаа.

-2020 он гэхэд Дэлхий цэвэр усны хомсдолд орно гэж байна. Харин манай улсын хувьд усны нөөц, зарцуулалт хэр байдаг юм бол?

-Дэлхийн
цэвэр усны нөөц хязгаартай. Хүн амын өсөлтөөс шалтгаалан хүнс,
тэжээлийн хангамж, усны аюулгүй байдал чухал асуудал болно. Өнөөгийн
хүмүүсийн хэрэгцээнд тулгуурлан судалж үзээд 2020 он гэхэд дэлхийн цэвэр
усны нөөц бүрэн дуусна гэсэн тооцоог “2030 усны нөөцийн бүлэг”-ээс
гаргасан. Дэлхийд 7,3 миллиард тонн усыг нэг өдөрт ашигладаг. Энэ нь
дэлхий дээр нэг жилд ашигладаг нийт ашигт малтмалын хэмжээтэй тэнцүү
байгаа юм. Мөн хүмүүсийн хүнсний хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр усны
ашиглалт нэмэгдэж байна. Монгол Улсын хувьд усны нөөцийг дангаар нь
судалсан зүйл байхгүй.  
-Уул уурхай  хөгжиж байгаа үед усны хэрэгцээ, нөөцийг яаж хамгаалах ёстой вэ?
-Оюутолгой,
Тавантолгой гээд уул уурхайн томоохон үйлдвэрүүд бий болж буй энэ цаг
үед бид дэлхийн бусад орны зөв төлөвлөлтийг ашиглаж байж усны нөөцөө
хамгаалж чадна. Уул уурхай, боловсруулах үйлдвэр хөгжүүлнэ гэж ярьж
байгаа. Боловсруулах үйлдвэр гэдэг нь эцсийн бүтээгдэхүүн гаргахын тулд
асар  их хэмжээний ус хэрэглэнэ гэсэн үг. Говьд усны нөөц хэр байдаг,
үйлдвэр нээсний дараа усаа хаанаас хэрхэн хангах талаар  зөв төлөвлөлт
хийх хэрэгтэй. Өнөөдрийн энэ уулзалтаар бусад орны уул уурхайд усыг
хэрхэн зөв ашиглах талаар ОУ-ын төлөөлөгчидтэй санал солилцож байна.
Нөгөөтэйгүүр усны эх үүсвэрээс худаг гаргах нь дурын асуудал болсон.
Гадаадын зарим оронд усны эх үүсвэрийг өрөмдөх зөвшөөрлийг  Засгийн
газар нь олгодог. Харин манайд эсрэгээрээ хэн дуртай нь худаг ухдаг. Энэ
мэтэд зөв бодлого хэрэгтэй.

-Нийслэлийн иргэдийг орон сууцжуулна гэж ярьж байгаа. Усны хангамжийг хаанаас яаж зохицуулах боломжтой вэ?

-“JAICA”
олон улсын байгууллагын судалгаагаар нийслэл 2020 он гэхэд хоёр сая
хүнтэй болно гэсэн тооцоо гарсан. Үүний 1,2 сая нь төвлөрсөн орон
сууцанд амьдарна.Төвлөрсөн орон сууцанд амьдарч байгаа нэг хүн хоногт
230 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Үүнээс авч үзвэл ирээдүйн усны 
хэрэглээ ямар байхыг одооноос ярих хэрэгтэй. Усны асуудлыг улс төржүүлж
ярихаас илүү бодитой зүйл хийхийг анхаарах хэрэгтэй. Байгаль орчин,
аялал жуулчлалын яам дангаараа ус яриад юунд ч хүрэхгүй. Гол ширгэлээ
гэж тоолох нь зөв гарц биш ээ. Өмнө нь ийм тооны гол ширгэсэн гэсэн
судалгааг гаргасан юм бол цаашид ширгээхгүйн тулд юу хийх ёстой гэдгийг
судалж дорвитой ажил хийх хэрэгтэй байна. Том компаниуд эдийн засгийн
өсөлт шууд устай холбоотой гэж үздэг. Сая “НОЙКА” компани дампуурсан.
Дэлхийн томоохон компаниуд дампуурч эхэлбэл эдийн засаг уналтад орно.
Тиймээс экологи, эдийн засгийн хувьд үр ашигтай  усны дэд бүтцийг яаж
хөгжүүлэх вэ гэдэг нь шинэ бодлогын асуудал болоод байна.

-Усыг дахин ашиглах боломж бий юу?

-Монгол
улс нийт усны  нөөцийн 70 гаруй хувь Оросын нутгаар дамжин Хойд мөсөн
далайд цутгадаг, 20 гаруй хувь нь Хятадаар дамжин Номхон далайд
цутгадаг. Манай усны нөөцийн 69,2 хувь нь  гадаргуун урсац байхгүй мөнх
цаст мөсөн голоос эх авч байгаа. Ийм нөөц дээр тулгуурлан эдийн засгийн
өсөлт, хөгжил, экологийг эдийн засагтай уялдуулж хөгжүүлэх нь бодлогын
том асуудал болоод байна. Гэтэл бид өнөөдөр цэвэр усныхаа нөөцийг зүгээр
урсгаад бохир ус болгон алдаж байна. Зөвхөн нэг шөнийн дотор 100 литр
цэвэр ус жорлонгоор дамжин урсаад бохирын сувагт орж байна. Усыг бид
зөвхөн экологийн нүдээр харж байна. Одоо эдийн засгийн нүдээр харах цаг
болсон. Монголд хамгийн хямд зүйл ус байна. 1 литр нь 21 мөнгө. Усны үнэ
цэнийг боломжийн хэмжээнд аваачиж байж хамгаалах талаар ярих нь зөв юм.
Шүд угаасан усаа нойл руугаа дамжуулдаг байх технологи байдаг. Үүнийг
ашиглахад өртөг өндөр ч гэсэн цэвэр усыг дахин ашиглах боломжуудыг хайж
турших нь зүйтэй.

Ш.ОЮУНЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж