Туул голыг яаж хамгаалах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

Туул голыг яаж хамгаалах вэ?

Туул голыг яаж хамгаалах вэ?

-Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд 1 тэрбум доллар шаардана-

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барихгүйгээр Туул голоо бохирдлоос хамгаалах боломжгүй болсон тухай асуудлыг Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр талууд хөндлөө. Ашиглалтад орсноосоо хойш 50 гаруй жил болж байгаа Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн хүчин чадал нь 170.000 м3 усыг хоногт цэвэрлэнэ. Гэвч хүчин чадлыг нь давсан бохирдлыг үйлдвэрлэл бий болгож байгаа нь цааш ажиллах боломжгүй болж, эвдрэлд орсон нь энэ аж. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихад 1 тэрбум орчим ам.доллар шаардлагатай юм байна.

О.Чулуунбилэг: Туул гол Улаанбаатар хот руу урсаж ирээд бохирддог

Туул гол Улаанбаатар хот руу урсаж ирээд бохирдож байна гэсэн асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг хөндлөө. Тэрээр “Туул гол зургадугаар түвшний бохирдолттой болсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн бохирдолтой голын тавд Туул орсон. Бохирдол Улаанбаатар хотын зүүн хэсэгт хамгийн их байгаа нь Цэвэрлэх байгууламжтай холбоотой. Цэвэрлэх байгууламж 1970-аад оны сүүлээр баригдсан. Одоо үндсэн үүргээ гүйцэтгэж чадахаа байж, Улаанбаатар хотоос гарч байгаа бүх бохирдолыг Туул гол руу цутгаж байна. Жижиг засваруудыг хийдэг ч тэр нь үр дүнгээ өгдөггүй. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах шаардлагатай байна. Ойролцоор 900 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Одоо 1.3 сая иргэний хэрэглэсэн бохирыг тэр чигт нь Туул гол руу цутгах талаар ярьж байна. Хэрвээ ийм арга хэрэглэвэл Туул гол дэлхийн хамгийн том задгай жорлон болж хувирна"

Су.Батболд: Хөрөнгө гаргахаас аргагүй

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд “Зам барина, утааг бууруулна, тийм төсөл хэрэгжүүлнэ гэдэг. Амьдрал руу чиглэсэн юм руугаа хөрөнгө гаргахаас аргагүй. Засгийн газраас гаргасан судалгаагаар Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барихад 1 тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэсэн дүн гарсан. Аль нэг улсад санал тавиад гадны хөрөнгөөр шийдэхээс аргагүй. Тодорхой хувийг улсын төсвөөс гаргах хэрэгтэй. Энэ асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байна. Улаанбаатар хотоос 1 км газар яваад очиход Туул гол ямар бохирдолтой урсаж байна вэ, хүн мал юугаар ундаалж байна вэ гэдэг нь тодорхой харагдана. Энэ нь эргээд хүнсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалтай холбогдож байгаа. Тийм учраас байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд тогтоол гаргаж, Засгийн газарт хүргүүлнэ”.

Д.Оюунхорол: Ус бохирдуулсны төлбөрийг бий болгоно

Хэлэлцүүлэгт оролцсон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “Туул голыг бохирдуулж байгаа гол хүчин зүйл нь Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж. Шинэчлэхэд шаардагдах нэг тэрбум ам.долларыг Засгийн газар, УИХ шийдвэрлэх ёстой. Сүүлийн 40 гаруй жил Туул татарч байгааг бид харж байна. Тиймээс Туулын эхэнд усан цогцолбор барьж, усны нөөцөө бий болгох ёстой. Аливаа улс орны тогтвортой хөгжлийн бодлогын нэгдүгээрт цэвэр усны асуудал багтдаг. Салбарын яамнаас ус бохирдуулсны төлбөрийг бий болгоно. Төлбөргүй юм бүхэн ямар байдалд ордогийг Туул гол харуулж байна”.

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлыг нэлээд хэдэн жилийн өмнө хөндөж байсан ч одоог хүртэл шийдвэрлэж чадаагүй нь хөрөнгө мөнгөгүй байсантай холбоотой аж. Нөгөө талаас концессын гэрээгээр байгуулахаар болж, ажил эхлүүлсэн ч тендэр зарлагдах шатанд маргаан гарч тодорхойгүй хугацаагаар зогссон юм байна.

Бохир ус гаргадаг 70 үйлдвэр байна

Төв цэвэрлэх байгууламж эвдрэхэд олон жилийн насжилт нөлөөлжээ. Дээр нь үйлдвэрлэлээс гарч байгаа бохир усны хэмжээ ихэссэнтэй холбоотой юм байна.

Улаанбаатар хотод арьс ширний 27, ноос ноолуурын 27, өлөн боловсруулах 16 үйлдвэр байгаа ба эдгээр үйлдвэрүүдээс гарч байгаа бохир ус нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар ирснийг холбогдох албаныхан хөндөж тавилаа.

Засгийн газраас 2013 онд 249 дүгээр тогтоол батлахдаа 2017 он гэхэд арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргаж, Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэр гаргаж байсан аж.

Гэвч Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор өмнөх тогтоолын зарим заалтыг хүчингүй болгож, арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү буюу Шар хөцийн хоолой руу нүүлгэхээр болж өөрчилжээ.

Туул гол татардаг

Жил бүрийн хавар Туул голын урсгал хэсэг хугацаанд татардаг нь уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой аж. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт элс, хайрга ашиглахтай холбоотой ашиглалтын 156, хайгуулын 34 тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Үүнээс элс хайрга олборлодог 84 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газарт санал хүргүүлсэн нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд оршдогтой холбоотой аж.

Одоогоор элс хайрга олборлодог 29 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон юм байна. Гэвч бүтээн байгуулалтын ажил зогсох, барилгын түүхий эдийн хомсдолд орж, барилгын материалын үнэ нэмэгдэх зэрэг бэрхшээлтэй тулжээ.

Тиймээс холбогдох газрууд элс хайрганы оронд уулын чулуулаг /дайрга/ ашиглах боломжийг судалж үе шаттайгаар шийдвэрлэх саналыг Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн байна.

Ийм арга хэмжээ авахгүй бол Төв цэвэрлэх байгууламжийг шинэчиллээ ч Туул гол сэлбэгдэж чадахгүй, мөн урсгал нь татарсаар ширгэх аюултай аж.

Туул голыг хамгаалахгүй бол мал, амьтан хорогдоно

Судалгаагаар Туул голд Улаанбаатар хотын Сонгинын зүүн хойд уулзвараас бохир ус нийлүүлэгддэг байна. Энэ нь Улаанбаатар хотоос баруун зүгт 52 км-т хил залгаа орших Алтанбулаг сумын орчимд Туул голын бохирдол дээд хэмжээндээ хүрч, аюултай төвшинд хүрдэг гэнэ.

Туул голын бохирдол нь 2006 оноос сумын иргэдэд мэдрэгдэж, өмхий үнэртэх, лаг шавар үүсэх нь ихэсчээ. Уршгаар нь 2007 оны долдугаар сард 10 гаруй зүйлийн, 2.7 тн загас үхэж байсан аж. Үүнээс хойш Туул голд мэлхий, загас эрс ховорджээ.

2008 онд Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутагт иргэн Нэргүйн суурьт дөрвөн мөчгүй тугал гарч байсан.

Тус сумын 1 багийн иргэн Сум-Очирын хотонд 1 нүдтэй хурга гарсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран  Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам”сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд дээрх газруудаас төлөөлөл оролцсоны зэрэгцээ Усны хэрэг эрхлэх газар, Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдээс мөн төлөөлөл оролцсон юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд Засгийн газарт тогтоол хүргүүлэхээр боллоо.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж