“Киноны санал ирдэг ч тэд миний үнийг дийлдэггүй”

Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

“Киноны санал ирдэг ч тэд миний үнийг дийлдэггүй”

УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатартай ярилцлаа. Тэрээр хамгийн сүүлд Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнгийн зохиол “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Базарын дүрийг бүтээсэн юм.

-Базарын дүрд ажиллалаа. Өмнө нь энэ дүрийг 1988 онд Ардын жүжигчин Л.Жамсранжав агсан бүтээж байсан юм билээ?

-Тухайн үед Л.Жамсранжав гуай тоглосон нь нэлээд шуугиан тарьсан юм билээ. Хүмүүсийн хэлдгээр жинхэнэ тултал нь тоглочихсон гэж ойлгож болно. Миний хувьд энэ дүрд сонгогдсондоо баяртай байна. Жүжиг маань ч Ялалтын баяраар амжилттай нээлээ.

-Өмнө нь Л.Дэмидбаатар жүжигчин сонгогдсон гэж байсан. Гэнэт яагаад хоёр жүжигчин ээлжилж тоглохоор болчихов оо?

-Эхлээд Л.Дэмидбаатар ах сонгогдсон юм. Харин дараа нь манай найруулагч, уран бүтээлчид ярилцаад, хоёр жүжигчин тоглох хэрэгтэй юм байна гэж шийдээд намайг сонгосон. Өмнө нь тэр мундаг жүжигчин бүтээчихсэн болохоор жаахан хэцүү санагдсан. Жишээлбэл урьд нь Л.Жамсранжав тэгж тоглож байсан, одоо Г.Амгаланбаатар яаж тоглох нь вэ гээд үзэгчид харьцуулах тохиолдол гарыг үгүйсгэхгүй.

-Та жаахан айдастай байгаа юм уу?

-Гэхдээ би айхгүй байна. Учир нь хүн бүхэн тухайн дүрийг өөр, өөрийн өнцгөөс хардаг. Би жүжигчин Г.Амгаланбаатар гэсэн уран бүтээлчийнхээ хувьд өөрийн, ойлгож, мэдэрснээрээ тоглолоо. Мөн энэ театрт ажиллаад 10 гаруй жил болж. Тиймээс энэ жүжгээр өөрийнхөө сурсан, мэдсэнийг чадлынхаа хэрээр үзэгчиддээ үзүүлье гэж хичээсэн. Тиймээс өөрийнхөөрөө болон найруулагчийн зааж, зөвлөснөөр дүрээ бүтээлээ. Базар  мөн чанарын хувьд их хатуу, зарчимч хүн. Эхлээд харахад дүүгээ алаг үздэг, хүйтэн хөндий, ээжийнхээ сэтгэлийг ойлгодогүй нэгэн. Харин жүжгийн төгсгөлд тэр бүхнийг ойлгож, өөрчлөгддөг.

-Танд Базартай төстэй зан чанар байдаг уу?

-Надаас бүр тэс өөр дүр л дээ. Би түүний хажууд илүү уян зөөлөн хүн байх шүү.

-“Драмын дөрөв” ойн баяраа хийнэ гэж дуулдсан?

-Бид Европод байгаа монголчууддаа очиж, тоглолт хийхээр төлөвлөөд байна. Хоёр цомгийнхоо  шилдэг дуунуудыг нэгтгээд “Хайрын дурсамж” тоглолтоо толилуулахаар төлөвлөсөн. Мөн 10 жилийн ойдоо зориулсан гурав дахь цомгоо гаргах ажил эхэлчихсэн.

-Та дөрөвийн дунд оюутан насны сайхан дурсамж олон байдаг байх даа?

-Бидний нөхөрлөл оюутан цагаас эхтэй. Дээд, доод курсийнхэн. Мөн анх 2000 онд хамтдаа драмын театрын босгоор алхаж байлаа. Биднийг нэгтгэсэн хамгийн том хүчин зүйл бол урлаг. Бидний нөхөрлөлийн үнэ цэнийг урлаг тодорхойлдог гэж ойлгож болно.

-Хамт байхдаа зөвхөн урлаг ярьдаггүй биз дээ?

-Бид гэр бүлийн найзууд учир чөлөөт цагаараа агаарт гарч, амьдралынхаа тухай нэг нэгнийхээ тухай дотно яриа дэлгэнэ. Мөн спортоор хичээллэж, кино үзвэр үздэг.

-Спорт гэснээс та гурав Эбигээс үлгэр дууриал авч бодбилдингээр хичээллэдэг үү?   

-Бид хичээллэж байгаа шүү. Энэ биеийг хар л даа Эбиг арай гүйцэхгүй ч өөрчлөгдсөн байгаа биздээ /инээв/. Ер нь бие биенийхээ хобби, сонирхлыг ойлгож, дэмжиж, түүнийг нь уран бүтээлдээ тусгахсан гэж хүсдэг юм.

-Та дөрөвийн хамгийн хамгийныг сонирхмоор байна?

-Хамгийн гоё биетэй нь Эби. Харин хамгийн уяхан нь Боогий юм даа.

-Харин та?

-Би хамгийн зөрүүд нь байж магадгүй.

-Яагаад. Үргэлж зөрүүдлээд байх хэцүү биш үү?

-Энэ чинь хамгийн хамгийн шүү дээ. Мэдээж уран бүтээл дээр ч юм уу үргэлж зөрүүдлэнэ гэвэл утгагүй. Хааяа мэдээж буулт хийнэ, гэхдээ зөрүүдлэх үедээ зөрүүд зантай.

-Та ойрд дэлгэцийн бүтээлд тоглож харагдсангүй?

-Манай гурав бие даагаад кино найруулчихлаа. Би ч ялгаагүй ойн тоглолтынхоо дараа шинэ кино хийхээр зохиол дээрээ ажиллаж байна. Энэ хооронд жижиг дүрүүдэд ажиллаад л явж байна.

-Киноны санал хэр их ирдэг вэ?

-Санал ирдэг. Гэхдээ тэдгээрийг бүгдийг нь хүлээж авна гэхэд хэцүү. Зарим зохиол нь надад таалагддагүй, тэд миний үнийг дийлдэггүй ч юм уу энэ мэт шалтгаан олон байна.

-Та нэг кинонд хэдэн төгрөгөөр тоглодог юм бэ?

-Би өөрийгөө үнэлэхгүй бол хэн намайг үнэлэхэв дээ. Тиймээс яг тэдэн төгрөг гэж зарламааргүй байна. Ерөнхийдөө үнэтэй гэж ойлгож болно.

-Та энэ үнэлэмжийн хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Манайхан урлагаа дэмжих талдаа жаахан тааруухан санагддаг. Уул нь манай уран бүтээлчид хаана ч гологдохооргүй чадвартай. Гэтэл тэднийгээ дэмжиж, урамшуулах нөхцөл бага юм. Тухайн уран бүтээл ч ялгаагүй үнэхээр чадвартай бол өөрийгөө үзэгчдэд харуулж, үнэлж чаддаг байх хэрэгтэй.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: www.polit.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж