Африкийн Бурунди улсын засгийн газраас ирэх зургадугаар сарын 26-нд болох сонгуульд зориулан иргэдийг мөнгө хандивлахыг уриалжээ. Харин гадны донор орнууд Бурундийн сонгуульд нэр дэвшсэн ерөнхийлөгч Пьер Нкурунзиза улиран сонгогдвол мөнгөн тусламж үзүүлэхээ зогсоохыг анхааруулж байна. Бурундид засгийн газрын эсрэг жагсаал тэмцэл өрнөж эхэлсний дараа Бельги улс хэдийнэ мөнгөн тусламжаа зогсоосон юм.
Бурундийн ард иргэд ерөнхийлөгч Пьер Нкурунзизаг сонгуулиас нэрээ татахыг шаардан өчигдөр /V.27/ дахин жагсаал зохион байгуулжээ. Бурундид ерөнхийлөгч Пьер Нкурунзизаг эсэргүүцсэн олон удаагийн жагсаал, мөргөлдөөний улмаас 20 хүн амь үрэгдэж, 471 хүн гэмтэж бэртээд байгаа юм.
Үүний зэрэгцээ Нью-Йорк хотноо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааны дараа Бурундийн сонгууль товлосон цагтаа болох ёстой гэж тэргүүн Раймонда Мурмокайте мэдэгджээ. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гу Мун Танзанийн ерөнхийлөгчид хандан Бурундийн асуудлаар энэ тавдугаар сарын 31-нд Зүүн Африкийн орнуудын суммитыг зохион байгуулахыг шаардсан байна.
Бурунди нь кофены экспорт, гадны мөнгөн тусламжаас хамааралтай ядуу буурай орон юм. Тус улсад 1993-2003 оны хооронд иргэний дайны дэгдсэнээс 250 мянган хүн амь үрэгдсэн аж. Иргэний дайны дараа Пьер Нкурунзиза 2005 онд Бурундийн төрийн эрхэнд гарчээ. Гэвч тэрээр 2010 онд сөрөг хүчнийхний бойкотлосон сонгуульд ялалт байгуулсан хэмээн зарлаж төрийн эрхийг барьсаар байгаа аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press