Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

ФИФА бужигналаа

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА:

Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА-ийн зургаан алба хаагч авлигын хэргээр Швейцарийн Цюрих хот дахь зочид буудлаас баривчлагджээ.

Тэдний дунд ФИФА-ын дэд Ерөнхийлөгч хүртэл байгаа гэнэ. Швейцарийн цагдаагийн алба хаагчид тэднийг баривчлан, АНУ-руу нэн даруй шилжүүлэхээр ажиллаж буй аж. Нэр бүхий зургаан алба хаагчийг мөнгө угаасан, айлган сүрдүүлсэн, залилан хийсэн, авлига авсан гэх хэрэгт буруутгаж байгаа юм байна.

Ямартай ч одоогоор холбооны Ерөнхийлөгч энэ удаагийн хэрэгт холбогдсон эсэх нь тодорхойгүй байна. Ныо-Йорк таймс сонинд өгүүлснээр энгийн хувцас өмссөн цагдаа нар холбооныхны хуралдаж байсан “Баур ау Лак” зочид буудлын өрөөний түлхүүрийг ресейпшинээс авч, танхим руу оржээ.

Үүний дараа ФИФА-ын нөлөө бүхий албан тушаалтнууд өрөөнөөс гарч ирсэн бөгөөд баривчилгаа чимээ шуугиангүй тайван явагдсан гэдгийг гэрчүүд мэдүүлжээ.

Тэдгээр албан тушаалтнуудын дунд ФИФА-ийн дэд ерөнхийлөгч Жеффри Вебб, Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны дарга асан Эухенио Фигередо, Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбооны дарга бөгөөд ФИФА-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жэк Варнер, Коста-Рикагийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Эдуардо Ли нар байгаа тухай “Би Би Си” агентлаг мэдээлсэн байна.

Швейцарийн холбооны мөрдөх товчооноос өчигдөр дээрх албан тушаалтнуудыг 1990-ээд оны эхэн үеэс хойш эдүгээг, хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд нийт 100 сая ам.долларын хөрөнгийг угаасан хэрэгт сэжиглэж буй тухайгаа тайлбарласан байна. Сэжигтнүүд АНУ-ын банкны дансанд тэрхүү мөнгөө байршуулж байсан гэдгийг мөн нэмж тэмдэглэжээ.

Энэ Баасан гарагт ФИФА-ийн Ерөнхийлөгчийн сонгууль явагдах байсан ч ийнхүү удирдах албан тушаалтнууд нь баривчлагдсан байна. ФИФА ОХУ-д 2018 оны, Катарт 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг олгосон нь олны дунд хардлага дагуулж, энэ сараас эхлэн нөлөө бүхий албан тушаалтнуудыг мөрдөх ажиллагаа эхлээд байжээ.

Б.ДАВААХҮҮ

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж