Сагсан бөмбөгийн "Мөнгөн цагариг" клубээс зохион байгуулдаг спорт холбоодын Цомын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн уламжлалт тэмцээн хоёр дахь өдрөө Спортын төв ордонд үргэлжилж байна.
Зургаа дахь жилдээ тасралтгүй явуулж буй тэмцээнийг "SKYTEL" групп ивээн тэтгэжээ.
Бокс, жүдо, чөлөөт, самбо бөх, буудлага, олс таталт, гандбол, хөнгөн атлетик, туялзуур сэлэм, байт харваа, хөлбөмбөг гээд спортын бүх төрлийг хамардаг энэхүү тэмцээнд олимп, дэлхийн аваргууд тэргүүтэй өөр өөр төрлийн шилдэг тамирчид оролцон, сагсан бөмбөгөөр хүч чадлаа сорьж, чөлөөт цагаа өнгөрүүлдгээрээ энэ тэмцээн онцлог, сонирхолтой болдог юм.
Энэ жилийн тэмцээнд спорт холбоодыг төлөөлсөн 20 гаруй баг өрсөлдөж байна. Тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
Сонирхуулахад, зургаан жилийн өмнөх анхны тэмцээнд эрэгтэйчүүдээс Монголын чөлөөт бөхийн шигшээ баг, эмэгтэйчүүдээс Монголын спортын сэтгүүлчдийн холбооны баг түрүүлж, анхны цомыг хүртэж байсан билээ.
Б.ЭНХ