-"Ливерпуль”-ийн домог, супер баатар, жинхэнэ удирдагч Жеррард ингээд явлаа. Жеррардгүйгээр тэдний гол хүн нь хэн байх вэ? Хэн удирдагч нь байх вэ? Хэн тэднийг ялалт, амжилт өөд уриалах вэ?-
Стивен Жеррард “Ливерпуль”-иэс явж байна. Тоглогчид ирж л байдаг, явж л байдаг… Зарим нь амжилтын төлөө, илүү олон цомын төлөө, зарим нэг нь мөнгөний төлөө, өөр нэг хэсэг нь гэр бүл, амьдралынхаа төлөө гээд олон шалтгаанаар хөлбөмбөгчид тивийн хил хязгаар давж, багаас багт дамжин явдаг. Харин Стивен Жеррард “Энфилд”-ийг орхиж байгаа нь Английн, Европын төдийгүй дэлхийн хөлбөмбөгт онцлох үйл явдал байв. Английн хөлбөмбөгийн ертөнцөд хамгийн агуу түүхтэй энэ багийн ахлагч, лидер, сайн муу, ямар ч цаг үед багтайгаа хамт байж, удирдаж залж явсан, хөлбөмбөгийн ногоон талбайд тэр зөвхөн “Ливерпуль”-ийн улаан өмсгөлөөр гоёж явсан учраас ийм эрхэм, ийм нэр хүндтэй ажээ.
Дайны дараах жилүүдэд “Ливерпуль”-ийн фенүүдэд агуу Билли Лиддель, дараахан үед нь Билл Шанклигийн удирдлага дор Рожер Хант, Йан Сент Жон гээд шилдгүүд байсан. 1970-аад он, түүний дараах 10-аад жилд ч Кевин Киган, Далглиш, Грэм Сунесс, Алан Хансен, Йан Раш гээд “Ливерпуль”-иэр овоглож, энэ багийг чирж, түлхэж, амжилт өөд тэмүүлж явсан олон арван супер тоглогчдыг нэрлэж болно.
Харин Стивен Жеррард “Ливерпуль”-ийн өмсгөлтэй талбайд гарч тоглосон тэр мөчөөс хойш фенүүдийнх нь, үнэнч хөгжөөн дэмжигчдийнх нь хувьд Жеррардын эрин үе эхэлсэн юм. 1998 оны арваннэгдүгээр сарын 29-нд Премьер лигийн хүрээнд “Блэкбурн Руверс”-ийн эсрэг хийсэн тэр тоглолтод Мерсисайдын унаган хүү Жеррард эцсийн минутад Вегард Хеггемийг орлож талбайд гарч иржээ. Тэр цагаас хойш Жеррард тэднийг олон амжилтад хөтөлсөн. 2001 оны Европын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний финалд Дортмундад “Алавес”-ийг хожиход, Лигийн цомын шигшээд 2003 онд Кардиффт “Манчестер Юнайтед”-ыг 2:0-ээр буулган авахад, Английн хөлбөмбөгийн холбооны цом, Аваргуудын лигийн шийдвэрлэхэд тулаанд ч тэр Стивен Жеррард багтаа ялалт авчирч байв. Тэр цагт цом бүгд “Ливерпуль”-ийнх болсон, бүгд Жеррардын онцгой оролцоотойгоор.
Есөн настай хүү “Ливерпуль” клубын хүүхдийн академид элсэн орсноос хойш 25 жилийн дараа тэр багаа орхиж байна. Багтайгаа байгуулсан урт хугацааны гэрээ нь энэ зунаар дуусгавар болж, тэр Хойд Америкийн MLS-т тоглохоор шийд гаргажээ. “Ливерпуль”-ийн тоглогчийн хувиар тэр дасал болсон “Энфилд” цэнгэлдэхэд хамгийн сүүлийн тоглолтоо тавдугаар сарын 16-нд хийсэн юм. Түүний хувьд энэ нь багийнхаа төлөө хийсэн 709 дэх тоглолт. “Энфилд”-ийн 45 мянган үзэгчийн суудал пиг дүүрч, лигийн хүснэгтийн тавдугаарт бичигдсэн “Ливерпуль”, бүр 12-т эрэмбэлэгдээд байсан “Кристал Палас” нарын тоглолтын тасалбар 19 мянган ам.долларын шагийн үнэд хүрсэн тухай мэдээлэл дуулдав. Тоглолтод хэдийгээр талбайн эзэд ялагдал хүлээсэн ч улаан, цагаан хосолсон үзэгчдийн асар том давлагаа, S8G гэсэн дүрслэл, цэнгэлдэхэд эгшиглэх дуу, үзэгчдийн уухай гээд бүгд зөвхөн Стивен Жеррардын зориулагдсан, түүнд хүндлэл үзүүлсэн хэрэг байлаа. Харин тэр өөрөө “Үнэхээр сонин мэдрэмж төрж байна. Ийм цаг үе ирнэ гэдгийг мэдэж байсан ч би эмээж байсан юм. Энд өнгөрүүлсэн хором мөч бүхэн гайхалтай. Энэ гайхалтай хөгжөөн дэмжигчдийн өмнө дахин тоглохгүй гэхээр дэндүү харамсалтай байна. Багийнхаа бүх хамтрагчид, өнгөрсөн хугацаанд хамт тоглож байсан бүх тоглогчдод баярлалаа. Тэдний ачаар л би өнөөдрийн энэ хэмжээнд хүрсэн. Эцэст нь би энэ багийн хамгийн чухал хүмүүст талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Хөгжөөн дэмжигчид бол хэнээс ч илүү бидний талд байдаг. Би явахынхаа өмнө, нулимс минь урсаад гараад ирэхийн өмнө би дэлхийн хамгийн шилдэг хөгжөөн дэмжигчдийн өмнө тоглолоо. Ганц л зүйл хэлье, та нар хамгийн шилдэг нь” хэмээн “Энфилд”-д хийсэн сүүлчийн тоглолтынхоо дараа Жеррард өгүүлжээ. Эцсийн шүгэл дуугарсны дараа багийнх нь бүх тоглогчид Жеррардын эзэмшдэг 8 дугаарын өмсгөлтэй гарч ирж, талбайд хүндлэл үзүүлсэн юм.
Мерсисайдын Уистоноос гаралтай Жеррард “Ливерпуль”-ийн скаутуудын анхааралд өртсөнөөр есөн настайдаа тус багийн Хүүхдийн академид элсэн оржээ. 17-хон настайдаа мэргэжлийн тоглогчийн хувиар 1997 оны арваннэгдүгээр сарын 5-нд “Ливерпуль” клубын удирдлагатай гэрээ байгуулж, удаахь намар нь Премьер лигийн өрсөлдөөнд хөл тавив. Ингэж тэр ирээдүйн “Ливерпуль”-ийн бамбар баригч болох замаа эхлүүлжээ. “Ливерпуль”-д хүчин зүтгэсэн 17 жилийн хугацаанд тэр 709 тоглолтод оролцож, 185 гоол оруулж, нийт 10 цомын эзэн болсон. Гайхам энэ амжилтын цаана шийдвэрлэх, чухал тоглолт бүрт эгзэгтэй, онцгой мөч бүхэнд Жеррардын авьяас, зүтгэл, ур чадвар шингээстэй байдаг. 2004-05 оны улирлын Аваргуудын лигийн финалд “АС Милан”-д 3:0-ээр хожигдож яваад буулгаж авсан тэр тоглолтыг дурсахгүй байхын аргагүй. Эхний үе өндөрлөхөд гурван гоолын зөрүүтэй хожигдож явсан “Ливерпуль”-иэс Жеррард 54 дэх минутад толгойгоороо мөргөж оруулсан тэр гоол тэднийг ялалтын замд хөтөлсөн юм. Үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж, торгуулийн цохилтоор 3:2 харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар “Ливерпуль” 21 жилийн дараа Аваргуудын лигийн цом өргөж, түүхэнд онцгой тохиол нэмсэн бол эсрэгээр “АС Милан”-ы түүхэн дэх хамгийн харамсалтай ялагдал нь тэр болсон билээ.
Өдгөө 34 настай Стиви Жи энэ зунаас эхлээд Америкийн хөлбөмбөгийн лигт тоглоно. Нутаг нэгт Дэвид Бэкхэмийн тоглож байсан “ЛА Галакси” багтай тэр 18 сарын хугацаатай гэрээ үзэглэсэн бөгөөд жилд зургаан сая ам.долларын цалин авахаар гэрээнд тусгажээ. Зээлийн гэрээгээр, эсвэл өөр ямар нэг нөхцөл, шалтгаанаар “Ливерпуль”-д эргэн ирэх эсэх талаарх асуултад тэрбээр “Би баяртай гэж хэлээд л явахыг хүсч байна. Би ганц л тохиолдолд эргэж ирнэ. Үнэхээр яаралтай тулгамдсан үед…” хэмээн хариулжээ. Харин бүхий л амьдралаа холбосон багийнхаа ирээдүйн талаар тэр “Өнгөрсөн зун Луис Суарезийг алдсан нь, Даниэл Старриж гэмтсэн нь үнэхээр том гарз болсон. Гэхдээ бидэнд боломж бололцоо бий” гэсэн байна.
“Ливерпуль”-ийн домог, супер баатар, жинхэнэ удирдагч Жеррард ингээд явлаа. Жеррардгүйгээр тэдний гол хүн нь хэн байх вэ? Хэн удирдагч нь байх вэ? Хэн тэднийг ялалт, амжилт өөд уриалах вэ?…
Нэр: Стивен
Овог: Жеррард
Хоч: Стиви Жи
Өмсгөлийн дугаар: 8
Байрлал: Хагас хамгаалагч
Өндөр: 183 см
Жин: 83 кг
Төрсөн огноо: 1980-05-30
Төрсөн хот: Уистон, Мерсисайд
Төрсөн улс: Англи
Нийт оролцсон: 709 тоглолт
Нийт гоол: 185
С.ЦЭЛМЭГ
Эх сурвалж: “NEWS WEEK” сонин