ХБНГУ-ын Бюдельсдорф хотноо 2015 оны зургадугаар сарын 6-наас аравдугаар сарын 04-ний өдрүүдэд зохиогдох НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол улс “ОНЦЛОХ ОРОН”-оор оролцоно.
Европт өнөөг хүртэл зохион байгуулагдаж буй Монголын дүрслэх урлагийн хамгийн том үзэсгэлэнд тооцогдох энэхүү арга хэмжээнд нийт 34 уран бүтээлчийн уран зураг, баримал, инстоляц, график, гэрэл зураг ба видео зэрэг төрлийн 100 гаруй бүтээл олны хүртээл болно.
Хойд Герман дахь өвөрмөц байршил, том орон зай бүхий -түүхэн соёлын өв – аж үйлдвэрийн цогцолборт зохион байгуулагддаг НордАрт үзэсгэлэнд жил бүр олон улсын 250 уран бүтээлчид оролцдог. Монгол улс нь энэ жилийн “ОНЦЛОХ ОРОН” юм.
Куратор О.Оюунтуяа болон Ж.Бодьбаатар нар хамтран боловсруулсан сэдвийнхээ хүрээнд "Модерн шилжилт-Шинэ (дүр) төрх" хэмээн нэрийдсэн энэхүү үзэсгэлэндээ 1980-аад оны сүүлч, 1990 оны эхэн үеийн нийгэм улс төрийн огцом өөрчлөлт уран бүтээлчдийн хандлага болон Монголын дүрслэх урлагийн салбарт хэрхэн нөлөөлснийг харуулахыг зорьжээ. Нийгмийг бүхэлд нь хамарсан энэхүү нийгэм-улс төр, соёлын дүр төрхийн эрэл хайгуулыг уран бүтээлчид ч өөрсдийн бүтээлээр дамжууулан эрэлхийлсээр, илэрхийлсээр ч байна. Монголын павильонд Монголын арвин түүх буюу тодруулбал уламжлалт сүсэг бишрэл, социалист үзэл санаа, чөлөөт нийгмийн хоёрдмол үзэл санааны дэврүүн, гутранги, утопи үеийн дүр төрхийн ухагдахууныг урлагийн хэлээр хэрхэн уусгах, харьцуулах замаар сорисныг үзүүлэх болно.
НордАрт-д залуу уран бүтээлчид ба өмнөх үеийн олонд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн нийт 34 уран бүтээлчдийн бүтээлүүд Монголын өнгөрсөн, одоо хийгээд ирээдүйн тухай олон нугалаатай хүүрнэлийг өгүүлэх болно.
“Бид Монгол Улсын дүрслэх урлагийн өргөн цар хүрээтэй үзэсгэлэнг Европт толилуулж байгаадаа маш их баяртай байна. Монгол орон нь бидний сонирхлыг ихээр татсан юм. Учир нь, Монгол
Улс нь хэрэв тогтож, анхааралтай сонсох юм бол дуу хоолой нь зөвхөн дэлхийн томоохон концертонд л сонсогдох, дүрлэх урлаг нь маш ихийг өгүүлсэн улс, үндэстнүүдийн төлөөлөл яах аргагүй мөн юм. НордАрт нь соёлын боловсрол болон солилцооны томоохон олон улсын форум бөгөөд харилцан ойлголцлыг урлагийн хэлээр дамжуулан сурталчлахыг зорьдог. Бид цаашдийн хамтын ажиллагаандаа удаан хугацааны тогтвортой харилцааг тогтооно гэдэгт итгэлтэй байна.“ хэмээн НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн санаачлагч, гүйцэтгэх захирал, ерөнхий куратор ноён Вольфганг Грамм онцлов.
Монголын павильоны санаачлан зохион байгуулагч, соёлын удирдлага зүйч-менежер, куратор Оюунжаргалын Оюунтуяа “Монголын урлаг, соёлыг өргөн цар хүрээтэйгээр, мэргэжлийн өндөр түвшинд Европт таниулах нь бидний хувьд маш чухал. Бид НордАрт-д оролцсоноор Монголын орчин үеийн урлагт хүчтэй түлхэц, нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Түүнчлэн НордАрт-ын нээлтийн ажиллагаанд манай уран бүтээлчид биечлэн оролцсоноор олон улсын кураторууд ба мэргэжил нэгтнүүдтэйгээ биечлэн санал бодлоо хуваалцах, туршлага солилцох бодит боломж нээгдэж байгаа хэмээн онцолсон бол мөн урлагийн түүхч, куратор Ж.Бодьбаатар Монголын үзэсгэлэнгийн талаар тодруулахдаа “Кураторын зүгээс бид Модерн шилжилт – Шинэ (дүр) төрх гэсэн нэршил, сэдвийн хүрээнд Монголын дүрслэх урлагийн модернизаци буюу шинэчлэлийн явц нь түүхэн хувьсал хийгээд хувьсгалын туршид, тодруулбал анимист, бурхны шашны дэг сургууль, Монгол зураг, социалист реализм, абстрактчилал зэрэг олон төрлийн хэлээр хэрхэн өөрийн гэсэн нийтлэг дүр төрхийг олох адармаатай хирнээ сонирхолтой эрэлхийлэл байсныг харуулахыг зорьсон юм” гэлээ.
Монголын соёл Европт
Монголын дүрслэх урлагийг цогц иж бүрдлээр дамжуулан олон улсын тавцанд монголчуудын аж амьдрал, арвин түүх, өвөрмөц соёл гүн гүнзгий таниулах боломжтой. Тухайлбал, НордАрт олон улсын үзэсгэлэнд Монгол улс “ОНЦЛОХ ОРОН”-оор, олон улсын аялал жуулчлалын ITB 2015 Берлин арга хэмжээнд түнш орноор, Венецийн 56 дугаар олон улсын дүрслэх урлагийн биеннальд тус тус оролцож байгааг дурдаж болно.
Монголын павильон нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа ба тэрээр “Соёл, урлаг нь тухайн улс үндэстний оршин тогтнохын баталгаа бөгөөд ард түмнийх нь үнэт зүйлс, үндэсний бахархал нь байдаг. Бид өөр өөр соёлтой ч Мөнх хөх тэнгэр дор амьдарч буй цорын ганц хүмүүн төрөлхтөн билээ. Энэ нь олон улсын түвшинд соёлын харилцан солилцоо, харилцааг дэмжих, Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулах чухал алхам тул бид хөхиүлэн дэмжиж байна” гэсэн бол Монголын павильоны албан ёсны түнш, Монгол улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Ц.Болор “Зохиолчид, гүн ухаантнуудын орон болох ХБНГУ нь Монгол Улсын хувьд зөвхөн эдийн засаг, улс төрийн хүрээнд удаан хугацааны итгэлт түнш төдийгүй соёл, урлагийн салбарт ч чухал түнш юм. Кюнстверк Карслхютте байгууллагатай хамтран НордАрт 2015 олон улсын үзэсгэлэнд оролцож байгаа нь Монголын орчин үеийн урлагийг хөгжүүлэх зорилго бүхий бидний цаашдын хамтын ажиллагааны анхны томоохон алхам болж байгаа гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу” хэмээн тодотгов.
Хамтын ажиллагааны түнш, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг нь “Олон улсад нэр хүндтэй НордАрт дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улс 2015 оны “ОНЦЛОХ ОРОН”-оор оролцож байгаа нь Монголын уран бүтээлчдийн бүтээл олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн илрэл төдийгүй Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах чухал арга хэмжээ хэмээн бид талархан хүлээн авч байна” хэмээн байр сууриа илэрхийлэв._
Эцэст нь Нордарт олон улсын үзэсгэлэнг үндэслэн санаачлагч, Кунстверк Карлсхютте-гийн ТУЗ-ийн тэргүүн ноён Ханс-Юулиус Алманн “2015 онд 17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй НордАрт үзэсгэлэн нь энэ жил Монгол Улсад онцгой анхаарлаа хандуулж байна. Бид улс орнуудыг өөрсдийн урлагаа НордАрт-д өргөн цар хүрээтэйгээр дэлгэн үзүүлэхэд дэмжлэг үзүүлж, ондоо соёлтой 250 уран бүтээлчдийг оролцуулж байна. Монгол улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ц.Болор зургадугаар сарын 6-нд үзэсгэлэнг нээх болсонд бид баяртай байна“ хэмээн олзуурхав.
НордАрт дахь Монголын павильон үзэсгэлэнгийн үеэр мөн Берлин, Хамбург хотуудад үзэсгэлэнгийн сэдэв, агуулгатай холбоотой салбарын мэргэжилтнүүдийн уулзалт-ярилцлага, кураторын яриа, перформанс үзүүлбэр ба боловсролын хөтөлбөр зэрэг сонирхолтой цогц дагавар арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Тодруулбал, НордАрт симпозиумын хүрээнд уран бүтээлч Н.Амарсайхан, А.Очирболд нар уран бүтээлээ газар дээр нь туурвих; нээлтийн үйл ажиллагааны үеэр болох уран бүтээлчдийн хөтөлбөр; Берлиний шөнийн үзэсгэлэн арга хэмжээний албан ёсны хөтөлбөрт орсон симпозиум, перформанс үзүүлбэр; Берлиний Фрай их сургуулийн харъяа “Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн менежментийн хүрээлэн”, Бээжингийн дүрслэх урлагийн төв академиас хамтран зохион байгуулдаг зуны академид Монголын дүрслэх урлаг, дизайны сургуулийн 3 залуу багш, судлаач хамрагдах; НордАрт-ын нээлт болон хаалтын ажиллагаа, шагнал гардуулах үйл ажиллагаа гэх мэт.
Кунстверк Карлсхютте ба НордАртын тухай
Күнствэрк Карлсхютте (Kunstwerk Carlshütte) нь ACO групп, Бюделсдорф (Büdelsdorf) болон Рэндсбург (Rendsburg) хотын санаачилгаар байгуулагдсан cоёл урлагыг дэмжих ашгийн төлөө бус байгууллага бөгөөд ХБНГУ-ын Бюделсдорф хотноо 1999 оноос хойш жил бүр НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг, 2011 оноос Шлесвиг-Холштайн Оркестр Академийн хөгжмийн наадмыг тус тус зохион байгуулдаг уламжлалтай.
“НордАрт” нь жил бүр зохион байгуулагддаг, дүрслэх урлагийн олон төрлийг агуулсан Европ дахь орчин үеийн урлагийн томоохонд тооцогдох үзэсгэлэнгийн нэг юм.
2015 онд 99 орны 2932 уран бүтээлчид oролцох хүсэлт гаргаснаас нийт 50 гаруй орны 250 уран бүтээлчдийн бүтээлийг нийт 22.000 m2 орон зайг хамарсан үзэсгэлэнгийн талбай, 80.000 m2 цэцэрлэгт хүрээлэнд дэлгэн толилуулах бөгөөд 2014 оны үзэсгэлэнг нийт 70.000 хүн үзэж сонирхжээ.
Уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “НордАрт” шилдэг уран бүтээлчийн шагналыг (10.000 Евро) үзэсгэлэнгийн үеэр ивээн тэтгэгч ”АСО” группийн ерөнхийлөгч Ханс-Юлиуc Алманн ба түүний гэргий Ёханна Алманн гардуулдаг уламжлалтайгаас гадна үзэгчдийн нэрэмжит шагналыг (1.000 евро) 3 уран бүтээлчдэд тус тус олгож ирэх жилийн “НордАрт”-д дахин оролцохоор уригддаг.
Монголын павильоны уран бүтээлчид:
Намсрайжавын АМАРСАЙХАН, Батжаргалын БААТАРЗОРИГ, Болдын БАДРАЛ,
Дугарсүрэнгийн БАТХОЛБОО, Чимэддоржийн БАТЗОРИГ, Дугарсүрэнгийн БАТЗОРИГ,
Авирмэдийн БАЯРМАГНАЙ, Долгоржавын БОЛД (Төрийн соёрхолт), Сандагийн
БОЛДБААТАР, Дэчиндоржийн БУЛГАНТУЯА, Сэрээтэр ДАГВАДОРЖ, Даваагийн
ДОРЖДЭРЭМ, Санжаадоржийн ДОРЖЖИГЖИД, Эрдэнэбилэгийн ЭНХЗАЯА, Ламжавын
ГАНБОЛД, Цэндийн ГАН-ЭРДЭНЭ, Лхамсүрэнгийн ГАНХУЯГ (Төрийн соёрхолт),
Жаргалнасангийн ГАНТУЛГА, Ганболдийн ГЭРЭЛХҮҮ, Гришагийн ЖААХАНХҮҮ, Энхбатын
Лхагвадорж, Батмөнхийн НАМУУН, Уламбаярын НАРБАЯСГАЛАН, Аюурзанын ОЧИРБОЛД,
Банзрагчийн ОРХОНТУУЛ, Эршүүгийн ОТГОНБАЯР (ОТГОО), Ядамсүрэнгийн
ОЮУНЧИМЭГ, Долгоржавын ПҮРЭВ, Пүрэвийн САМАНДБАДРАА (ТАМИР), Мижидийн
ЦОГТСАЙХАН, Ёндонжамцын ТӨГӨЛДӨР, Магсармаагийн УРАНБЭРХ, Хэрлэнгийн
УУГАНБАЯР, Зоригтын УЯНГА