Тэрүнофүжи озэки цол хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.05.27-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи озэки цол хүртлээ

-2013 онд жюүрёод дэвшихэд нь Г.Ган-Эрдэний нэрийг Тэрүнофүжи болгон өөрчилсөн байна

Мэргэжлийн сүмогийн удирдлагуудын хуралдаан өнөөдөр(V.27) болж, “Исэгахама” дэвжээний бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд озэки(арслан) цол олгохыг санал нэгтэйгээр дэмжлээ. Тавдугаар сарын тэмцээнд сэкивакэ цолтой барилдсан Тэрүнофүжи башёгийн сүүлийн өдөр Болгарын бөх Аойямаг давж, 12 даваа, гурван унаатайгаар түрүүлж, сүмогийн дээрээсээ хоёрт орох озэки (арслан) цолыг хүртэх болзлыг хангасан юм.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр озэки цол хүртэж буйдаа талархан “Цаашид улам сайн барилдахын тулд сэтгэл зүрхээ зориулан барилдана. Сэтгэл санаа болоод биеийн хүч, ур чадвараа сайжруулахын тулд  шаргуу хөдөлмөрлөн ёкозүна болохыг зорино." гэсэн байна.

Японы мэргэжлийн сүмогийн дүрмийн дагуу сэкивакэ цолтой бөх гурван башё дараалан 33-аас дээш давбал озэки цол олгодог аж. Тэгвэл Тэрүнофүжигийн хувьд сэкивакэ цолтойгоор хоёр башёд 25 давж, 5 унаснаас гадна Нацү башёд (тавдугаар сарын тэмцээн) түрүүлсэн нь түүнд озэки цолыг олгох хангалттай үндэслэл гэж үзжээ.

Тэрүнофүжи Ган-Эрдэнийн намтараас товч хүргэхэд. Түүний аавыг Гантулга, ээжийг Оюун-Эрдэнэ гэдэг. Г.Ган-Эрдэнэ айлын гурван хүүхэдтэй айлын дундах нь бөгөөд тэрээр нэг эгч, нэг эмэгтэй дүүтэй. Түүний аав Д.Гантулга Увс аймгийн Наранбулаг сумынх бол ээж Ж.Оюун-Эрдэнэ Төв аймгийн харьяат. Түүний ээжийн талынх бөхийн удамтай аж. Г.Ган-Эрдэнэ 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд Дарханы нэгдсэн эмнэлэгт төрсөн бөгөөд бага насаа Улаанбаатар хотод өнгөрүүлжээ. Өдгөө Ган-Эрдэнийн аавынх Улаанбаатар хотноо амьдардаг байна. Багын л биеэрхүү хүүхэд байсан тэрээр урлаг, спорт гээд юм юманд авьяастай байжээ. Махлаг биетэй тэрээр дунд сургуульд байхдаа цэнгээнт бүжиг бүжиглэж байсан тухай түүний аав нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.

Г.Ган-Эрдэнийг аавынх нь төрсөн дүүгийн нөхөр А.Төмөрбаатар дархан аварга Ж.Мөнхбат аваргатай уулзуулж, Их шавийн дээд сургуульд оруулжээ. Мөн тэрээр ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны Ц.Шийрэв багш дээр очин жүдогоор хичээллэсэн байна. Баг байхын Асашёорюү аваргын барилдааныг хараад сүмод дуртай болсон Г.Ган-Эрдэнэ Тоттори сургуулийн шалгаруулалтад тэнцсэнээр Япон руу явсан түүхтэй аж. Энэ үед тэрээр Ж.Мөнхбат аваргын зөвлөснөөр очиж шалгуулж байжээ. Ийнхүү өдгөө мэргэжлийн сүмо бөхийн озэки цолонд хүрээд буй түүнийг Монголын тав дахь ёкозүна гэдэгт мэргэжилтнүүд үнэлдэг.

Японы мэргэжлийн сүмод Монголын дөрвөн аварга төрсөн. 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж, 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал, 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна Харүмафүжигийн "Исэгахама" дэвжээнд харьяалагдаж буй.

Энэ жил 23 настай Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ анх сүмод очихдоо 120 кг жинтэй байсан бол өдгөө түүний жин 180 кг-д хүрчээ. 2011 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмод орсон түүнийг 2013 онд жюүрёод дэвшихэд нь нэрийг нь Тэрүнофүжи болгон өөрчилсөн байна.

2015 оны гуравдугаар сарын тэмцээнд сүүлийн өдрийг хүртэл их аварга Хакүхо М.Даваажаргалтай түрүү бөхийн төлөө өрсөлдсөн тэрээр тавдугаар сарын тэмцээнд сайн барилдаж, эзэн хааны цомыг анх удаа хүртлээ.

Тэрээр эзэн хааны цомыг хүртсэн Монголын зургаа дахь бөх болж, мөн сүмогийн дээрээс хоёр дахь буюу озэки (арслан) цолыг хүртэж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж