Монголын эмэгтэйчүүд Бразилийн чуулганд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2015.05.27-нд нийтлэгдсэн

Монголын эмэгтэйчүүд Бразилийн чуулганд оролцлоо

Дэлхийн эмэгтэйчүүдийн 25 дугаар Дээд чуулган Бразил улсын Сан Пауло хотод "Бүтээлч эмэгтэй-бүтээлч эдийн засаг" уриан дор болов. 60 гаруй орны манлайлагч 1000 эмэгтэй хамтдаа эмэгтэйчүүдэд зориулсан бизнесийн чуулганыхаа 25 жилийн ойг тэмдэглэсэн нь энэ жилийн чуулганы онцлог юм. Тэд дэлхийн болон Европын эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлох нь, Жендэрийн тэгш эрхийн бизнес ухагдахуун, Төлөөлөн удирдах зөвлөл дэх "Эмэгтэйтэйчүүд" санаачлагын бүтээлч стратеги, Шинэлэг аж ахуйг үүсгэн байгуулах нь, Нэрийн бүтээгдэхүүнээ дотоод, гадаадад бий болгох нь, Эмэгтэйчүүдийн бизнес-Нийгмийн сүлжээ зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцлоо.

Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганы Ерөнхийлөгч Ирене Нативидадын хэлсэнчлэн, эдийн засгийн өсөлт хөгжилт удаашралтай энэ цаг үед дэлхийн томоохон компаниудын засаглал-Төлөөлөн удирдах зөвлөлд  эмэгтэйчүүдийн тоо хангалтгүй байгаа нь квот зайлшгүй тогтооход хүргэж байна.  Эмэгтэй Ерөнхийлөгчтэй, өндөр хөгжилтэй Бразил улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн удирдлагад ч энэ тоо хангалтгүй байгаа ажээ.

Дэлхийн эмэгтэйчүүдийн 25 дугаар дээд чуулганд Монголын эмэгтэйчүүдийн холбооны /МЭХ/ ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг тэргүүтэй төлөөлөгчид оролцов.МЭХ нь АНУ-ын Вашингтон хотод төвтэй Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган байгууллагын албан ёсны гишүүний хувьд жил бүр чуулганд Монголоос төлөөлөгч оролцуулах, чуулганы шийдвэрийг сурталчлан хэрэгжүүлэх ажлыг эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулж ирсэн юм. Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган 25 жилийн өмнө анх Канад улсад болсноос хойш Ирланд, БНХАУ, АНУ, Англи, Аргентин, ӨАБНУ, Испани, Морокко, БНСУ, Мексик, Египет, Герман, Вьетнам, Чили, Турк, Грек, Малайз, Франц, Бразил зэрэг улс оронд жил бүр болж иржээ. Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2008 оноос Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд оролцож байна. Сүүлийн гурван жилд төлөөлөгчдийнхөө тоогоор айргийн тавд багтаж байгаа. 2013 онд Малайзын чуулганд тоогоороо тэргүүлсэн байдаг ажээ.
 

Ц.САРАНТУЯА

/МЭХ-ны Удирдаx Зөвлөлийн гишүүн,сэтгүүлч/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж