Аж үйлдвэрийн сайдын 2015 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 101 тоот тушаалаар “Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах” журам батлагдсан байна.
Журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг чөлөөт бүсийн 3, 4 дүгээр хэсэгт өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зарлажээ. Тодруулбал, шалгаруулалтад оролцогчдын төслийг 2015 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 09.00 цагаас 2015 оны зургадугаар сарын 05-ны өдрийн 12.00 цаг хүртэл хүлээн авах аж.
Чөлөөт бүсэд төсөл сонгон шалгаруулалтыг эхлүүлснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж “Замын-Үүд” чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Хэрвээ та төсөл сонгон шалгаруулалттай холбоотой асуудлын талаар тодруулахыг хүсвэл Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албатай холбогдож болох ажээ.
Г.ХОРОЛ