Сирийн мэргэн буучдын ”дээд амжилт”

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Сирийн мэргэн буучдын ”дээд амжилт”

Сирийн Хама хотноо өнгөрсөн баасан гаригт наад зах нь 67 хүн амиа алдлаа. Хүний эрхийн төлөө тэмцэгсдийн мэдээлснээр цуглаанд хэдэн арван мянган хүн оролцсон бөгөөд Засгийн газрын цэрэг тэдний эсрэг гал нээжээ. Сөрөг хүчнийхэн хэд хоногийн өмнө улс төрийн бүх хоригдлуудад өршөөл үзүүлсэн ерөнхийлөгчийг огцорхыг шаардаж байна.

Дамаск хотоос хойд зүгт орших Хама хотод тэр бүс нутгийн хамгийн өргөн цар хүрээтэй жагсаал болох үер 67 жагсагч амь үрэгдсэн тухай мэдээлж байна. Сирийн төрийн телевиз 20 хүн үрэгдсэн тухай мэдээлжээ.

Reuters агентлагийн дамжуулснаар мэргэн буучид баасан гаригийн мөргөлийн дараа хотын төвд цугларсан олны зүг гал нээжээ. “Байшингийн дээвэр дээрээс эхэлж буудсан. Би олон хүн унаж байгааг харсан. Энд тэндгүй цусанд будагдсан, олон зуун шархадсан хүн. Би ч ихээхэн сандралд орсон байлаа” гэж хэрэг явдалд оролцогч Омар ярьж байна. “Энэ бол терроризм. Тэд хүмүүсийн амыг барихыг оролдож байна” гэж ярьсан нэг хүний яриаг Al Jazeera дамжуулсан байв. Шархдагсдын тоо тогтоогдоогүй.

Хама хотын энэ аллага бэлгэдлийн гэхээр. Яг энэ хотод тэр үеийн ерөнхийлөгч Хафиз Ассад исламистуудын бослогыг 1982 онд зэрлэгээр даран 30 мянган хүнийг хөнөөж, хотын хэсгийг газартай тэгшилсэн байлаа. Сирийн хүний эрхийн төлөө тэмцэгч Рами Абдулрахманаас иш татан энэ удаагийн цуглаан, жагсаал хамгийн өргөн цар хүрээтэй болсныг Al Arabiya телевиз дамжуулжээ.

“Улам өсч байгаа аллагад өгч буй байх ёстой хариулт нь энэ юм” хэмээн Абдурахман хэлжээ. Мөн энэ өдөр цэргийнхэн хоёр ч газар жагсагчдыг буудсан байна. Тэнд хохирсон хүмүүсийн талаар мэдээлэл бүрэн байхгүй. Жагсаал, цуглаан Хомс, Мадайя, Забадани, Идлиб хотуудад бас явагдсан гэж мэдээлж байгаа. Эсэргүүцлийн хамгийн гол голомт Дераа хотод хүмүүс 13 настай Хамза аль-Хатибын зургийг барин жагссан байлаа. Хүү хэд хоногийн өмнө сураггүй болсон бай­­гаад дараа нь түүний цогцсыг эцэг эхэд нь буцаасан байв. Хүүгийн цогцост  там­­лан зовоосон ул мөр ихээхэн үлдсэн бай­жээ. Сүүлийн үед тэр хүү эсэргүүцлийн нэг бэлгэдэл нь болсон байна. Жагсагчид “Хүүхдийг хөнөөгчидтэй ямар ч яриа хэлц­лийг бүү явуул” гэсэн уриа барьсан байв.

Үүний өмнө Сирийн сөрөг хүчнийхэн Туркийн Анталья хотноо хийсэн бага хурал дээр Ассадтай хэлэлцээрт орохоос татгалзсан байлаа. Бага хуралд оролцогсод эсэргүүцлийн ажиллагааны үеэр амь үрэг­дэгсдийн ар гэр болон дүрвэгсдэд туслах сан байгуулахаар ярилцсан байв. Хилийн чанадад амьдарч байгаа сиричууд уг санг санхүүжүүлэх болно гэж сөрөг хүчин мэдээлсэн байна.

Тэнд яригдсан бас нэг сэдэв нь Ассадын зарласан улс төрийн хоригдлуудад үзүүлэх өршөөл. Өршөөлд тавдугаар сарын 31 хүртэл “гэмт хэрэг хийсэн улс төрийн бүх урсгалын төлөөлөгчдийг хамруулна” гэж мэдэгдсэн байлаа. “Сөрөг хүчний хэн нь ч тэр өршөөлийг хүлээн авахгүй. Учир нь алуурчдыг өршөөгөөд хохирогчдыг нь үлдээж байна” хэмээн бага хурлынхан мэдэгджээ.

Жагсагчдыг буудсан ээлжит  аллагын өдөр хүний эрхийн нөлөө бүхий Human Rights Watch байгууллага Сирийн хэрэг явдалд хийсэн дүгнэлтээ гаргасан байна. “Тусгай албаныхан шархдагсдад үзүүлэх эмнэлгийн тусламжинд тогтмол саад хийж байснаас гадна  хэд хэдэн хотуудыг бүслэн хаагаад хүн амыг нь үндсэн үйлчилгээ авах боломжгүй болгосон” гэж уг илтгэлд өгүүлсэн байна. “Зөрчлийн шинж чанар, цар хүрээ нь системтэйгээр явагдсанаар барахгүй төрийн бодлогын хэсэг болсон байгаа нь түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэсэн ангилалд оруулж буй” гэж илтгэлд бичжээ. Илтгэлийг зохиогчид тэмдэглэхдээ Засгийн газрын цэргүүд жагсагчдыг зорилгоор хөнөөж ирснээс гадна зүгээр гудамжинд яваа хүмүүсийг хүүхэд эмэгтэйчүүд гэж ялгалгүйгээр буудаж байлаа гэсэн байна. 

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж