онгоц өнгөрсөн пүрэв гаригийн өглөө 06.00 цагт нисэх байсан ч нислэг нь
24 цагаар хойшилсон. Цаг агаарын таагүй нөхцөлөөр биш л дээ. Магтаад
байсан “Боинг 767-300”-д Европын холбооны улсад нислэг үйлдэхэд
шаардагддаг төхөөрөмж буюу радио станц байсангүй. Хэрэв хөөрсөн бол
газардаж чадахгүй байж. Гэтэл зорчигчдод болохоор “Нислэг хойшилсон”
гэдгээс өөр тайлбар хэлсэнгүй. Үүр цайхад “Чингис хаан” олон улсын нисэх
буудал дээр очсон хүмүүс өдөржин сууж, хүлээгээд үдшийн бүрийд гэрээдээ
харив. Тэр онгоцоор буцаад Берлинээс нааш ирэх байсан хүмүүс ч тэнд
балрав. Нислэг хойшилсонтой холбоотойгоор Москвагаас Улаанбаатарын
чиглэлд нисэх байсан зорчигчид Оросын “Шерметьева” нисэх онгоцны буудалд
зутрав. Монголд жуулчлахаар тус онгоцны тасалбарыг авсан жуулчид бүр
гайхаад “Манай онгоцыг барьцаалчихсан юм биш байгаа” гэж ийшээ, тийшээ
асууж, бөөн дуулиан болгов. Харин МИАТ-ийн нөхдүүд “Азийн орнуудад
нислэг үйлдэж байсан тул дээрх төхөөрөмжийг суурилуулаагүй байжээ”
гэхээс өөрийг тайлбарласангүй. Тэр төхөөрөмжийг нь суурилуулаагүй нь
зорчигчдын буруу аятай юм болов. Улаанбаатараас Берлин, Берлинээс наашаа
ирэх тасалбар авсан нөхдүүд урьдчилан сануулах ёстой байж л дээ, янз
нь. Тэгээгүйгээс л нислэг хойшилсон янзтай аашилсан нь хачирхалтай.
Өнөө
цагт радио холбоогүй онгоц байна гээд төсөөл дөө. Хэрэв тийм онгоцоо
нисгэсэн бол дэлхийн худалдааны төвийн хоёр цамхагийг террористууд
мөргөдөг шиг “Берлины онгоцны буудлыг монголчууд мөргөлөө” гэж дэлхий
биднийг баалах байлаа. Олон улсын жишигт нийцээгүй төхөөрөмжтэй энэ
онгоцыг уг нь аваад сар болоогүй л дээ. МИАТ тэрхүү 1996 онд
үйлдвэрлэсэн “Боинг 767-300” загварын онгоцыг АНУ-ын “Air lease”
корпорациас хуурай түрээсийн нөхцөлөөр 2013 он хүртэл түрээслэн авч
байгаа юм. “Бойнг 767-300” онгоцны түрээсийн төлбөрт сард 274 мянган
доллар төлнө гэж байгаа. МИАТ-ын гүйцэтгэх захирал Ц.Орхон үүнийг “маш
ашигтай наймаа” гэж дүгнэж байсан. Харамсалтай нь үгүй бололтой. Орчин
үеийн стандарт хангасан хэрэгсэлгүй, үеэ элээсэн онгоц гэдгийг энэ
нислэг нотоллоо. Гэхдээ монгол хүний нэрэлхүү зангаар нисчихээгүй нь
яамай. Тэгсэн бол Берлинд очоод буух хэцүү, буцах түлшгүй балрахгүй юу.
Энэ бүхэн хоёр жилийн өмнөх нэгэн явдлыг эрхгүй санагдуулав.
Үйлдвэрлэснээсээ
хойш 12 жил явсан микро автобусыг нийтийн тээвэрт явуулахыг
хориглосон шийдвэрийг тэгэхэд гаргаж бөөн дуулиан болоогүй юу.
Түүгээр амьдралаа залгуулдаг жолооч нар энэ шийдвэрийг хүлээн
зөвшөөрч чадаагүй. Амьдралынхаа амжиргаанаас салахгүй гэхдээ
зам хааж байгаад заримыг нь шатааж эсэргүүцлээ илэрхийлж байсан
сан. Уг нь бол энэ шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь маш энгийн.
Зорчигчдын аюулгүй байдлыг хангах гэж л үеэ өнгөрөөж, угаар тортог нь
дэндсэн микронуудыг шахсан хэрэг гэж ойлгуулсан. Хожим хойно л харин хэн
нэгэн эрх мэдэлтэн том оврын автобус олноор нь оруулж ирэх гэж л
эртнээс замаа засч, зах зээлээс микрог шахсан гэдгийг нь мэдэж билээ.
Энэ шалгуураар 1997 онд үйлдвэрлэсэн олон ч микроны жолооч “лааз”
өшиглөсөн юм. Гэхдээ шалгуур бол шалгуур. Хүчтэй нь хүчгүйгээ барьж
иддэг байгалийн хууль үйлчилдэг эл улсад өөрөөр яах ч билээ.
Өдрөөс
өдөрт шинэчлэгдэн өчигдрийнх өнөөдөр, үгүйдээ өмнөх улирлынх нь
өнөөдөр хоцрогдох болсон техник, технологийн энэ эринд монголчууд ч
тэднийг дагамаар аядаж буй. Өнөөдөр Япон эсвэл Германаас 1998 онд
байтугай 2000 онд үйлдвэрлэсэн машин ачуулах “дурак” Монголд байхгүй
гэдэгт өчигдрийг хүртэл илтгэлтэй байлаа. Гэтэл бүр 1996 онд
үйлдвэрлэсэн “машин”-ыг МИАТ түрээсэлж авчихаад бөөн баяр болж байх юм.
Телевиз болгоноор тэдний хөөрцөглөж баярласан царайг харж болохоор
байсан. Хөгжлийн гараанд гарлаа гэж ирээд л дэмийрцгээлээ. Инээд ч
хүрэх шиг. Угаасаа төр нь бүх зүйлд оролцдог манай жишгээр бол тэр нь ч
зүйн хэрэг. Гэхдээ нэг зүйл байна аа. Машин бол машин. Түүгээр монголдоо
л явна. Харин онгоцоор бол олон улсад агаараар зорчино. Хэрэв дугуй нь
хагарвал данхраадаад нөхүүлчихэж болохгүй учраас онгоцны дугуй хагарах
учиргүй. Бүх зүйл олон улсын стандартын дагуу байх учиртай. Гэтэл манай
шинэ онгоц тэрийг нь хангадаггүй ээ. Радио холбоогүй онгоц яаж газардах
вэ. Монголд бол гараараа ч хамаагүй даллаж байгаад буучихъя гэхсэн.
Берлинд бол боломжгүй. Тэдний нисэх онгоцны буудалд өдөрт хэдэн
зуугаараа онгоц бууж, хөөрч байгаа. Тиймээс Берлин шиг том онгоцны
буудалтай хотынхонд радио холбоогүй бол “алан хядлага” л хийнэ гэсэн
үг. Ийм л аюулын төлөө сардаа 274 мянган ам.доллар төлнө. Ийм гэрээ
хийсэн МИАТ-ын удирдлагыг хэний эрх ашгийн төлөө үйлчилсэн гэж бодох вэ.
Ер нь энэ МИАТ гээч яачихсан газар вэ. Иргэдийн аюулгүй байдлаар дэнчин
тавьдаг. Эсвэл идэж уусан гэдгээр удирдлагууд нь хэрэгт байнга
холбогддог. Өнгөрөгч долоо хоногийн эл явдал шинэ онгоцны түрээс
хуудуутай болохыг харуулаад өгөх шиг. Өмнө нь ч МИАТ-ийн удирдлагуудын
иймэрхүү хөгийн байдлаас болж олон арван эмгэнэл тохиосон.
МИАТ-ын
онгоц Шерметьево буудалд газардаад дугуй нь хагарч, зорчигчид нь хоёр
өдрийн турш хоригдсон гашуун дурсамж бас бий. Онгоцны шатыг нь унасан
нөхөр архидаад алга болсноос болж зорчигчид бууж чадалгүй өнжиж байсан.
Хамгийн
сүүлд буюу 2006 онд Шадар сайдаар ахлуулсан баг Австралид Монголын
соёлын өдрүүдийг хийхээр яваад Оросын нутагт арга буюу газардсан.
Сонсохнээ, оросууд тэр өдөр пуужин харваж турших учраас нислэг
хийлгэхгүй гэж хэд хоногийн өмнөөс мэдэгсэн юм билээ. Гэтэл МИАТ-ын
мундагчууд нисгэчихгүй юу. Яг л бороо орж байхад түймэр унтраалгахаар
“МИ-8”-ыг нисгэж осолдуулсан шиг. Ер нь дэлхийд байхгүй өндөр үнээр
үйлчилдэг МИАТ-ын балаг энэ мэтээр яриад байвал дуусахгүй.
Уридлагуудыг
нь солиод ч нэмэргүй. Эрх баригч намын шагнал болчихсон энэ албан
тушаалд очсон хэн ч идэж, уугаад бууж байснаас эмхэнд нь оруулсан удаа
байхгүй. Тийм болохоор л муу муухай, болохгүй, бүтэхгүйн магнайд
МИАТ-ийн нэр цохиж явдаг. Ийм л хөгийн байдалтай иргэний агаарын
тээвэр нь 86 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Иргэний агаарын тээвэрт эр
зориг хэрэггүй, зөв менежмент, өөриймсөг сэтгэл л хэрэгтэй.
Л.Нарантөгс