“Алд дэлмийн зөрүү амьдралд”

Хуучирсан мэдээ: 2015.05.27-нд нийтлэгдсэн

“Алд дэлмийн зөрүү амьдралд”

-Нийслэлийн хэмжээнд 129 өрхийн эмнэлэг бий. Тэдний зүгээс иргэдээс шинжилгээ авъя гээд ч гарын таван хуруунд багтахаар хэдхэн өрхийн эмнэлэгт л аппарат нь байдаг аж-

Иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах талаар эрүүл мэндийн сайдаас эхлээд энэ салбарын амтай бүхэн чадлаараа ярьж, хэлж байна. Тэднийг ингэж ярих тоолонд биеллээ олдог бол өдийд Монгол Улсын иргэн бүр хувьдаа эмчтэй болохоор хугацаа өнгөрөөд байна. Харамсалтай нь ярих, биелэх хоёрын хооронд алд дэлмийн зөрүү байгаа юм.

Эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилт нь биеллээ олох яагаа ч үгүйг захын өрхийн эмнэлгийн жишээн дээрээс харж болно. Уг нь иргэдэд хамгийн ойр үйлчлэх эрүүл мэндийн үйлчилгээний анхан шатны нэгж бол өрхийн эмнэлэг. Гэвч тодорхой зохицуулалтгүйн уршгаар өрхийн эмнэлэг иргэдийн хувьд ач холбогдолгүй, зарлага ихтэй байр байшин болж хувираад байна. Өрхийн эмнэлгүүдийн ачаалал их, байр савны хүрэлцээ тааруу, тоног төхөөрөмж муутай гээд тэдэнд зовлон их бий.

Жишээ 1. Баянзүрх дүүргийн “Эрүүл өрх” өрхийн эмнэлэг долоон эмчтэй, хариуцсан хороо нь 17 мянган хүн амтай. Ингээд бодохоор нэг эмчид 2000-3000 хүн оногдож байгаа юм.

Жишээ 2. Сонгинохайрхан дүүргийн “Одонт манал” өрхийн эмнэлгийн хувьд 21 мянган иргэнд үйлчилдэг. Ялангуяа зорилтот бүлгийн буюу хөгжлийн бэрхшээтэй, ахмад настан, нялх нярай хүүхэд, орлого багатай иргэдэд тогтмол үйлчилдэг байна.

Ийм жишээг нийслэлийн аль ч хороо, дүүргээс харж болно. Олон жил яригдаж буй өрхийн эмч нарын ачааллын асуудлыг энд орхиё.

 

“НЭГ ЛАБОРАНТАД 150 ХҮН НОГДДОГ”

Иргэд ганцхан шээсний шинжилгээ өгөх байсан ч заавал дүүргийн эмнэлэгт оочер дугаар үүсгэдэг эмгэнэлтэй байдал манайд оршин тогтносоор л байна. Сүхбаатар дүүргийн “Энэрэнгүй үйлс” өрхийн эмнэлгийн эмч Б.Пүрэвжаргал “Шээсний шинжилгээ хийлгэхээр иргэд олон ирдэг. Гэтэл манай өрхийн эмнэлэг дээр шинжилгээ хийх боломжгүй. Зөвхөн шээсний шинжилгээ ч биш, бусад төрлийн шинжилгээг хийлгүүлэх гээд ирэх нь их. Гэтэл манайд шинжилгээ хийх аппарат, төхөөрөмж байдаггүй” гэв.

Нийслэлийн хэмжээнд 129 өрхийн эмнэлэг бий. Тэдний зүгээс иргэдээс шинжилгээ авъя гээд ч гарын таван хуруунд багтахаар хэдхэн өрхийн эмнэлэгт л аппарат нь байдаг аж. Гэтэл дүүргийн эмнэлгүүдийн лаборант нар иргэдийн “хөлд” дарагджээ. Чингэлтэй дүүргийн нэгдсэн төвийн лаборант Г.Ганцэцэг “Манай эмнэлэгт 19 хорооны иргэдийн шинжилгээг хүлээж авдаг. Биохими, өндөгний цус, шээс зэрэг бүх төрлийн шинжилгээг авдаг. Энэ дундаас шээсний шинжилгээ маш их ачаалалтай. Уг нь нэг лаборант өдөрт 30 хүний л шинжилгээ хийх учиртай байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар нэг лаборант 130-150 хүний шинжилгээний хариу гаргахаар ажиллаж байна” гэсэн юм.

 

“ӨГЬЕ ГЭХЭД ҮГҮЙ ГЭНЭ”

Өрхийн эмнэлгүүдэд аппарат, төхөөрөмжийн хүрэлцээг сайжруулах талаар дээр доргүй олон жил ярьж байна. Тэдэнд тулгарч байгаа асуудлыг дэлгэн тавихад өнөө л нэг хууль эрхзүйн орчноо сайжруулна гэхээс өөр шийдэлд хүрдэггүй. Арга ядахдаа өрхийн эмнэлгүүдэд шээсний шинжилгээний аппаратыг гаднаас тусламжаар оруулж ирэхээр нийслэлийн Эрүүл мэндийн газраас тохиролцсон байдаг. Энэ хүрээнд БНСУ-аас буцалтгүй тусламжаар нэг тэрбум төгрөгийн үнэтэй шээсний шинжилгээний 140 аппаратыг оруулж ирэхээр болов. Манай улсаас ямар ч мөнгө гаргахгүйгээр өрхийн эмнэлгүүдийг шинжилгээний аппараттай болгох боломжийг гаргаж байгаа юм. Гэтэл нисэх дээр авчраад гацааж орхив. НӨАТ-ыг хэн төлөх вэ гэх асуулт гарч ирэв.

Уг нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ирэх буцалтгүй тусламжийг НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалт бий. Гэтэл Сангийн яамнаас “Энэ нь Засгийн газар хоорондын хэлэлцээр бус, байгууллага хоорондынх учраас чөлөөлөх боломжгүй” гэв. Ийм шалтгаанаар БНСУ-аас буцалтгүй тусламжаар илгээсэн 140 гаруй аппарат жил орчим гаалийн агуулахад түгжигдэв.

Өгье гэхэд үгүй гээд зүтгэх сонин тогтолцоо гагцхүү манайд л бий байх. Аз болж өнөө аппаратуудыг гаалийн агуулахад тоосонд даруулж орхихоос урьтаж сая л нэг юм цэгцлэхээр болов. Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс НӨАТ-ыг төлөхөөр болсон байна. Ямартай ч нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатын хэлж буйгаар энэ сарын 27-29-ны хооронд өрхийн эмч нарт сургалт явуулж, өнөө сураг нь дуулдсан ч орж ирдэггүй аппаратуудыг гардуулж өгөхөөр болжээ.

Нэг удаа шээсний шинжилгээ өгөх гэж л 2-3 өдөр хөөцөлдөж цаг заваа үрдэг одоогийн нөхцөлд энэ аппаратууд нь их л хэрэгтэй эд юм гэнэ. Цагт 700 хүний шээсний шинжилгээний хариу гаргадаг аж. Ингээд шинжилгээний хариуг интернэт болон утсаар дамжуулан эзэнд нь хүргэнэ. Өөрөөр хэлбэл эмнэлэг дээр заавал өөрөө очиж шинжилгээний хариугаа авах шаардлагагүй болох юм байх. Хэрвээ энэ аппаратыг өрхийн эмнэлэгт суурилуулбал иргэдийн магнай багахан ч гэсэн тэнийж мэдэх нь. Эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрт хүртээмжтэй хүргэнэ гэдэг ч иргэдэд анхан шатнаасаа л хүнд суртлаар “бэлэг” барьсаар ирсэн, амьдрал дээрх алд дэлмийн зөрүү багахан ч болов ойртох болтугай.

Б.ЗОЛЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж