Нийслэлийн онцгой байдлын газрын 105 дугаарт өнгөрсөн шөнө есөн дуудлага ирсэн байна. Үүнээс зөрчлийн тав, мэдээллийн нэг, цогцос гаргах нэг, галын дуудлага хоёр байсан бөгөөд нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд ахуйн жижиг галын дуудлага байсныг аврагчид цаг алдалгүй очиж унтраасан байна. Харин Сүхбаатар дүүргийн Зуун мод хэмээх газрын уулын хажуугийн хэсэг модонд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагын дагуу аврагчид очиход модны орой дээр өөрийгөө боомилсон байж магадгүй эрэгтэй хүний цогцос байсныг олж, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.
Сүүлийн үед Нийслэлийн онцгой байдлын газрын 105 дугаарт ахуйн жижиг галын дуудлага зонхилон ирэх болсон байна. Үүнд иргэд хогоо зориулалтын бус газар хаяснаас болж хог түүдэг хүмүүс ухаж сүйтгэн гал тавьж, үүнээс үүдэн иргэд шатаж буй хогийн утаанд угаартах зэрэг зөрчлүүд байнга гарах болсон тул харьяа хороо, байрны СӨХ иргэдийг хамтран ажиллаж, хогийн цэгээ хараа хяналттай байлгахыг Нийслэлийн онцгой байдлын газрын 105 дугаараас сэрэмжлүүлэн мэдээллээ.
Г.Даша