Эрчим хүчээ хэмнэхэд тань “ухаалаг сүлжээ” тусална

Хуучирсан мэдээ: 2015.05.27-нд нийтлэгдсэн

Эрчим хүчээ хэмнэхэд тань “ухаалаг сүлжээ” тусална

Та гэрийнхээ, ажлын байрныхаа цахилгааны хэрэглээг хэрхэн хянаж чаддаг вэ? Сар бүрийн тодорхой өдөр хийдэг цахилгааны байцаагчийн бичсэн заалт, мөнгөн дүнгээр үү? Эсвэл….яг хэдэн цагт ямар цахилгаан хэрэгслээс шалтгаалан төлбөр их гарч байгаа болон яаж хэрэглээгээ удирдах, зохицуулах сонголтыг өгдөг ухаалаг сүлжээ, системийг ашиглаж байна уу?

Өнөө үед “ухаалаг” утас гэж нь өөртөө компьютертэй утсыг хэлдэгтэй адил ухаалаг сүлжээ гэдэг нь цахилгаан түгээх сүлжээг “компьютержүүлэх” гэсэн үг аж. Энэ нь сүлжээний холбогдох төхөөрөмжүүдэд хоёр чиглэлт тоон харилцааны технологи нэмж өгөх үйл ажиллагааг багтаадаг аж. Сүлжээн дэх төхөөрөмж нэг бүр өгөгдөл цуглуулах мэдрэгч (чадлын тоолуур, хүчдэлийн мэдрэгч, алдаа бүртгэгч гэх мэт) болдог ба нэмэлтээр талбайд суурилагдсан төхөөрөмж болон түгээх сүлжээний удирдлагын төв хооронд хоёр чиглэлт тоон харилцааг үүсгэдэг. Ухаалаг сүлжээний гол давуу тал нь сүлжээний төхөөрөмж нэг бүрийг эсвэл олон сая төхөөрөмжийг нэгэн зэрэг төв байрнаас тохируулах, хянах, удирдах бололцоо олгодог автоматжуулалтын технологи юм байна. Энэ нь цахилгаан түгээх байгуулагад төдийгүй хэрэглэгчид өөрийн хэрэглээгээ ухаалгаар зохицуулахад тусалдаг байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч өөрийн цахилгааны хэрэглээг цаг минутаар харж хэрэглээ, ачаалалаа зохицуулах боломжтой болдог байна.

Зууны туршид цахилгаан түгээх компаниуд ажилчдаа явуулж цахилгаан эрчим хүчээр хангахад шаардлагатай ихэнх өгөгдлийг цуглуулдаг байлаа. Тухайлбал, ажилтнууд тоолуурын заалт авч, эвдэрсэн төхөөрөмжийг хайж, хүчдэлийг хэмждэг гэх мэт. Түгээх компанийн цахилгаан түгээлтэд хэрэглэдэг ихэнх төхөөрөмжийг автоматжуулж, компьютержүүлэх шаардлагатай. Өнөө үед, эдгээрийг шинэчлэхэд зориулагдсан олон сонголт, бүтээгдэхүүн эрчим хүчний салбарт хэдийнэ бий болжээ.

“Ухаалаг сүлжээ” гэдэг нь компьютерт үндэслэсэн алсын удирдлага болон автоматжуулалт ашиглан, цахилгаан түгээлтийн системийг 21 дүгээр зуунд авч ирэхээр хүмүүсийн хэрэглэж буй технологи аж. Энэ систем нь бусад салбарт олон арван жил ашиглаж байгаа хоёр чиглэлт харилцааны технологи болон компьютер боловсруулалт ашигласнаар боломжтой болж байна. Цахилгаан станц, салхин фермээс эхлээд цахилгаан эрчим хүчийг гэр болон албан тасалгаандаа хэрэглэдэг хэрэглэгч хүртэлх цахилгааны сүлжээнд эдгээрийг ашиглаж эхлээд байна. Энэ нь түгээгч болон хэрэглэгчид олон талын ашигтай бөгөөд цахилгаан түгээх сүлжээний эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх болон хэрэглэгчийн гэр, оффисийн эрчим хүчний хэмнэлтэд ихээхэн нөлөө үзүүлдэг байна.

Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэсэн газраас нь хэрэглэгчдэд хүргэхээр тээж яваа цахилгааны шугам сүлжээг нийтэд нь “сүлжээ” гэдэг байна. Энэ сүлжээ нь шугам, дэд станц, трансформатор, хуваарилах байгууламж болон бусад олон зүйлийг агуулдаг байна.  Ухаалаг систем нь үйлдвэрлэгчээс хэрэглэгч, хэрэглэгчээс үйлдвэрлэгч хүртэлх бүх сүлжээг иж бүрнээр зохицуулж, алдагдал, оргил ачаалалын менежмент хийх боломжийг олгодог байна.

Ухаалаг сүлжээг ашигласнаар эрчим хүчний салбарыг эдийн засаг, байгаль орчинд ээлтэй, найдвартай, хүрэлцээтэй, үр ашигтай шинэ эринд аваачих өргөн боломжтой болдог байна. Эрчим хүчний уламжлалт эх үүсвэр – нүүрсээр ажилладаг цахилгаан станц шинээр барихаас илүүтэй одоо үйлдвэрлэж байгаа эрчим хүчээ зүй зохистойгоор ашиглаж хэрэглээний өсөлтийг зохицуулах бүрэн боломжтой байдаг байна.

Ухаалаг сүлжээний ач холбогдлын заримаас нь дурьдвал:

  • Илүү үр ашигтай цахилгаан дамжуулалт

  • Цахилгааны тасалдлаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд түргэн зуурт буцаан сэргээх

  • Түгээлтийн үйл ажиллагааны болон удирдлагын зардлыг бууруулах, улмаар хэрэглэгчдэд хямд эрчим хүчээр үйлчлэх

  • Оргил ачааллыг зохицуулах, улмаар эрчим хүчний үнийг бууруулах

  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэгтгэн холбох

  • Хэрэглэгчдийн хувийн цахилгааны эх үүсвэрүүдийг, сэргээгдэх эрчим хүчний ситемүүдийг оролцуулан, илүү сайнаар нэгтгэн холбох

  • Хэрэглэгчийн эрчим хүчний зохистой хэрэглээ

  • Илүү найдвартай, аюулгүй байдал гэх мэт.  

Дэлхий дахинаа эрчим хүчний ухаалаг сүлжээг хэрэгжүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд Европын Холбооны улсууд 2020 он гэхэд нийт сүлжээний 80 хувийг ухаалаг сүлжээ болгохоор хуульчилсан байдаг байна. Мөн АНУ 1997 онд ухаалаг сүлжээ нэвтрүүлэх талаар хууль гаргасан байдаг байна.

Манай улсад сүүлийн 20 жилийн дотор мэдээллийн технологи үсрэнгүй хөгжиж улмаар хүн бүр ухаалаг утас хэрэглэдэг болсон өнөө үед улсын маань амин чухал салбар болсон эрчим хүчний салбарт шинэ дэвшилтэт техник технологи, ухаалаг сүлжээ нэвтрүүлэх цаг нэгэнт болжээ.

М.СОНОР

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж