Монголын тамирчид “Рио-2016” зуны олимпийн нaадамд оролцох эрхээ авсаар байна. Мөн азтай, одтой дараагийн тамирчдын сураг чимээг ч бас монголчууд чих тавин хүлээсээр.
Монголын хоёр тамирчин "Рио-2016" Пара-Олимпид оролцоно
“Рио-2016” олимпийн наадамд оролцох Монгол тамирчдын тухай ярихын тулд БНСУ-ын Инчёон хотноо болсон “Инчёон-2014” Азийн наадмаас эхлэх хэрэгтэй болно.
Учир нь “Инчёон-2014” Азийн пара наадмын эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд спортын буухиаг амжилттай эхлүүлж, жүдо бөхийн 52 кг-ийн жинд барилдсан Баасандоржийн Болортунгалаг хүрэл медалийг хүртсэн. Ингэснээр манай улсын хоёр тамирчин “Рио-2016 пара-олимпид оролцох эрхтэй болсон юм.
Энэ мэтчилэн Монгол тамирчдын медалийн буухиа амжилттай үргэлжилж, булган сүүлтэй тамирчид ар араасаа амжилтын эздийг дагуулсаар байна.
Харин дараагийн тамирчин нь олон улсын марафон гүйлтийн тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дуурсгаж буй Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од. Тэрээр саяхан Германы Гамбург хотноо болсон “Гамбург марафон Мэйжор” тэмцээнд амжилттай оролцон /2:10:15/ шилдэг 10 тамирчнаас шигшигдэн, зургадугаар байрт орж, “Рио- 2016”-д оролцох эрхээ авсан.
Олимпийн эрхийн 700 оноо халаасалсан жүдоч бүсгүйчүүд
Дэлхийн чансааг тэргүүлж буй, жин бүрийн шилдэг 16 жүдоч хүч үздэг “Masters” тэмцээн энэ сарын 23,24-нд Марокко Улсад болсон. Тэмцээний эхний өдөр Монгол, Япон, ОХУ-ын бөхчүүд тус бүр хоёр алтан медаль хүртэж, тэдэн дунд Монголын хүчирхэг хоёр бүсгүй алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа дараалан эгшиглүүлсэн.
Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д “В” хэсгийг тэргүүлэн барилдсан ОУХМ Д.Сумъяа финалын барилдаанд Францын тамирчныг торгуулиар ялж, дэлхийн шилдгүүдийн “World Masters” тэмцээний хошой аварга боллоо. “Мастерс” тэмцээнээс Монголын жүдочдын зургаа, долоо дахь алтан медалийг тэд ийнхүү эх орондоо авчирлаа.
Монголын жүдочдоос ОУХМ С.Мияарагчаа “Мастерс” тэмцээнээс хос алтан медальтай цор ганц жүдоч байсан бол энэхүү жагсаалтад Д.Сумъяа бичигдэж эхэллээ. М.Уранцэцэг, Д.Сумъяа нар ийнхүү аваргын алтан медаль хүртсэнээрээ шагналын 6000 ам.доллар хүртэн, олимпийн эрхийн 700 оноо халаасалж байгаа юм.
38 мянган цэрэг хамгаалалтад гарна
Харин одоо Рио де Жанейро хотод болох 2016 оны олимп болон пара-олимпийн наадмын талаарх зарим мэдээллийг дуулгая. Энэхүү спортын их наадмын үеэр Бразилын армийн 38 мянган цэрэг аюулгүй байдлыг ханган ажиллана гэдгийг тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдээд байгаа юм. Дэлхийн хамгийн том спортын арга хэмжээний үеэр армийн цэргүүд ажиллахын зэрэгцээ тэнгисийн цэрэг болон агаарын хүчин бэлэн байдалд байх аж.
Дээрх 38 мянган цэргийн дийлэнхийг тоглолт болох Рио хот руу байрлуулах бөгөөд үлдсэн цэргүүдийг хөлбөмбөгийн тоглолт болох Сан-Пауло, Бразилиа, Белу-Оризонти, Сальвадор, Манаус зэрэг хотууд руу илгээх юм байна. Энэ нь ямар нэгэн осол гарахаас урьдчилан сэргийлэх мөн террорист болон кибер халдлага гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой гэдгийг албаныхан хэлж байна.
Хөгжөөн дэмжигчид үнэгүй зорчино
Хамгийн сонирхолтой нэгэн мэдээлэл нь “Рио-2016” зуны олимпийн наадмын үеэр хөгжөөн дэмжигчид нийтийн тээврийн хэрэгслүүдээр үнэ төлбөргүй зорчих боломжтой гэж зохион байгуулагчид нь хэлж байна.
Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн Рио-де-Жанейрогоос гадна Сальвадор, Белу-Оризонти, Манаус, Сан-Пауло болон Бразилиа гэсэн таван хотод болно. Тиймээс тасалбартай хөгжөөн дэмжигчид тэмцээн болох цэнгэлдэх хүрээлэнгүүдийн хооронд автобус, галт тэрэг болон метрогоор үнэгүй зорчих ажээ.
Тоглолтын тасалбар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс худалдаанд гарч эхэлсэн. Нийт 7.5 сая орчим ширхэг тасалбарыг борлуулахаар тооцоолж байгаа бөгөөд Лондоны Олимпийнхтой харьцуулахад тасалбарын үнэ хамаагүй хямд байна гэдгийг спорт сонирхогчид хэлж байна. Тасалбарын талаас илүү хувь нь 70 реал буюу 22 ам.доллараас доош үнэтэй байгаа аж. 7.5 сая ширхэг тасалбарын хамгийн хямд үнэтэй нь 40 реал буюу 12.50 ам.доллар.
Риогийн олимпийн наадмын сагсан бөмбөг, элсний гар бөмбөг болон гар бөмбөгийн аваргын төлөөх тоглолтуудын тасалбар хамгийн өндөр буюу 1,200 реалын үнэтэй байна.
Нээлтийн ёслолын тасалбар 4,600 хүртэлх реалын үнэтэй байх аж. Эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн нь Риогийн олимпийн хамгийн эхний тэмцээн бөгөөд олимпийн нээлтээс хоёр хоногийн өмнө буюу наймдугаар сарын 3-нд эхэлнэ.
Б.ТУУЛ
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин