Хуучирсан мэдээ: 2015.05.27-нд нийтлэгдсэн

Амьдрал “зогсоно”

Цахилгаан тасарвал амьдрал “зогсоно” гэдгийг саяхан өөрийн биеэр мэдэрлээ. Ядаж байхад манай байрны усны насос цахилгаанаар ажилладаг юмсанж. Балга ус ч алга. Зурагт, интернет, фэйсбүүк, плитка бүгд нам зогсов. Утасны цэнэг ч дуусах дөхчихөж. Гарах гэсэн орц харанхуй, шат харанхуй, лифт зогссон. Уг нь манайх цахилгааны төлбөрөө цагт нь төлсөн дөө. Улаанбаатар цахилгаан түгээх рүү утас цохьлоо. "Улаанбаатар дэд станцад гал гарсны улмаас цахилгаан тасарсан, цаг гаруйн дараа ирнэ” гэв. Цэцэг услахаар саванд хийж хонуулсан усаар нүүрээ угаасан болоод цэнэг нь дуусч унтрах дөхсөн утасныхаа гэрлийг тусган бүдчин байж, 10 давхраас бууж, гадагш гарлаа. Машин “барих” гэсэн зам бүхэлдээ түгжирчээ. Түгжрэлийн шалтгаан нь мөнөөх цахилгаан. Цахилгаан тасарснаас болж гэрлэн дохио ажиллахаа больж, зам ч нам түгжирч. Алхсаар ажил руу орлоо. Бас л лифт байдаггүй. Шатаар 7 давхар хүртэл мацан байж гарлаа. Хөлийн булчин нил хөндүүр. За энэ ч гайгүй ажил дээр ороход ажил ч тэр чигтээ нам зогсч. Цахилгаан байхгүй, компьютер ажиллахгүй. Хүмүүс хийх ажилгүй дэмий л холхино. Ядаж аяга халуун кофе ууя гэхнээ автомат буцалгагч унтраад ус нь хүйтэн болчихож. За ингээд л цахилгаан ирэхийг хүлээхээс өөр аргагүй боллоо. Үнэндээ ажлынхан ч хийх байх зүйлээ олж ядаж, уйдсан шинжтэй, бүгд дуугаа хураачихаж. “Өө нээрэн, цахилгаан байхгүй бол хог дээр үсрэх юм байна дөө” гэж яриа өдвөл хариулах хүн алга. Хаа нэгтээгээс хэн нэгэн нь “Харин тийм, ээ хурдан ирээсэй” гэж бувтнана. Ийн цаг гаруй хүлээсний эцэст цахилгаан ирлээ. Хөргөгчний хүнгэнэн дуугарах энэ удаад тээртэй санагдсангүй. Харин ч дахиад битгий тасарчихаасай гэсэн бодол зурсхийв. Энэ богинохон хугацаанд хотынхон бид цахилгаанаас 100 хувь хараат амьдардаг болохыг бүрэн ухамсарлалаа. Цахилгаан дахиад битгий тасраасай гэхийн сацуу ингэхэд нөгөө гал гарсан дэд станц нь гайгүй байгаасай гэж хүртэл бодоод амжлаа.

 

МОНГОЛ УЛС ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛД ОРЖЭЭ

Цахилгаан тасарнаас үүдээд эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар сонирхож үзлээ. Гэтэл сэтгэл эмзэглүүштэй хэд хэдэн тоо баримт олж үзэв.

Цахилгааны төлбөрөө цагт нь төлчихөөд л сэтгэл амарчихдаг жирийн хэрэглэгчийн хувьд “Монгол Улс 2010 оноос эрчим хүчний хомсдолд орсон” гэх баримт толгой дундуур татаад авах шиг санагдлаа. Ер нь манай улсын эрчим хүчний байдал өнөө үед үйлдвэрлэл нь хэрэглээгээ дийлэхээ байжээ. Монгол улсын эдийн засаг тэлэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт өсдөг байна. Зарим жилд 7-8 хувь, зарим аймагт бүр 12 хувиар өссөн байх юм. 2016-2020 онд манай улсын эрчим хүчний хэрэглээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо судалгааг  мэргэжилтнүүд гаргасан байна. Гэтэл насжилт өндөртэй цахилгаан станцууд маань байдаг чадлаараа ажиллаад ажиллаад энэ их хэрэглээг хангаж дийлдэггүй аж. Тиймээс ч ОХУ, БНХАУ-аас импортын цахилгаан авдаг болж. Уг нь бол цахилгаан станцын ашиглах хугацааг 25 жил гэж үздэг гэнэ. Гэтэл ТЭЦ IV 30 жил, ТЭЦ II 50 жил, ТЭЦ III 44 жил ашиглагджээ. Төр засаг үүнд анхаарлаа хандуулсан уу гэвэл хандуулж. Гэхдээ ажил болгосонгүй өнөөг хүрч. Цаасан дээр сүндэрлэсэн цахилгаан, дулааны  V дахь эх үүсвэрийг Улиастайд байгуулах Засгийн газрын шийдвэр анх 2008 онд гарч байж. Уг шийдвэр нь “Улиастай орчим хотын усны нөөцийг бүрдүүлдэг, салхины дээд талд байрладаг учир агаарын бохирдлыг нэмэгдүүлнэ” гэх үндэслэлээр цуцлагджээ. Дараа нь Хан-Уул дүүргийн I цахилгаан станц байсан буурин дээр барина гэж ярьж байгаад газрын талбай бага гээд намжсан байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2010 онд Олон улсын төслийн багаар гүйцэтгүүлсэн “Улаанбаатар хотыг нүүрстөрөгчийн бага ялгаралтай эрчим хүчээр хангах” төслийн хүрээнд V цахилгаан станцыг байгуулах байршил, хүчин чадлын хэмжээг судалж, Станцыг Баянзүрхийн товчооноос зүүн тийш энгэрт байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг өгсөн байдаг. Гэвч усны эх үүсвэр хэцүү, хот руу татах дулааны шугамын байгууламж өндөр өртгөөр босох, газар чөлөөлөхөд хөрөнгө их гарах зэрэг гол хүндрэлүүд тулгарчээ. Энэ үед УИХ-ын хэсэг гишүүн уг станцыг Багануур дүүрэгт байгуулах саналыг УИХ-д оруулсан байна. Ингээд Багануур хувьцаат компани станц байршуулах газрын оновчлол тооцоо, үндэслэлийг судалж, “Станцыг Багануурт байгуулах нь хамгийн зөв хувилбар” гэсэн дүгнэлтэд хүрч, манай орны эрчим хүч, уул уурхайн хүрээлэн, мэргэжлийн байгууллага, тэргүүлэх эрдэмтэд, мэргэдээс шүүмж авч, уг саналыг ЭХЭБЯ-нд 2010 оны есдүгээр сард 1/595 тоотоор хүргүүлж байжээ. Гэвч УИХ, Засгийн газар “III ДЦС-ыг өргөтгөж V цахилгаан станц босгох” шийдвэр гаргаж, төсөл судалгааны ажлыг үргэлжлүүлэхээр болов. Эцэст нь юунд хүрэв. Баахан хөрөнгө зарж, цаг алдав. III ДЦС-ын өргөтгөлд талбай хүрэлцэхгүй, хажуугаас нэмж газар авах гэхээр хувийн компаниуд газраа чөлөөлөхгүй хэт үнэрхэнэ, тийш нь нүүрс оруулахад төмөр замын ачаа нэвтрүүлэх чадвар даахгүй, нөгөө талаас үнс хадгалах газар байхгүй. Энэхүү учрах бэрхшээл анхнаасаа ойлгомжтой байсан. Богд уулын араар төмөр зам шинээр тавина, үнсийг нь нүүрс татсан вагоноор буцааж Багануурын уурхайд булшилна, гэж хэсэг үлгэр ярьцгааж. Эцэст нь 2012 онд дахин судалгаа хийж, Хонхор тийш Шивэртийн хөндийд тус станцыг байгуулах шийдвэр гарч, нийслэл газар олгов. Дахиад л шинэ бэрхшээл. Усны нөөц бага, үнс хадгалах асуудал, хот хүртэл 10-аад км урт дулаан дамжуулах 1200-аас доошгүй голчтой зардал өндөртэй хос шугам хоолой угсарна гээд бас л бүтэлгүйтэв. Ингэж ингэж "Ургах наран" хорооллын урд талд V цахилгаан станцыг барихаар нэг юм тогтов. Аль ч Засгийн газрын үед эрчим хүчний салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийж чадсангүй. Тэр ч байтугай элгээр нь хэвтүүлж, амь тасалчихгүй байх л бодлого барьж ирсэн нь нууц биш юм. Ийнхүү биднийг нүүрс түлдэг станц барьж, үнсээ хааш нь булшлах вэ гээд өөр зуураа цэц булаалдаж суух хооронд дэлхий нийт сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх чиглэлээр шинэ шинэ алхамууд олж нээсээр байна.

 

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА БИД

Алийн болгон бид хөмөрсөн тогоон дотроо үнс бужигнуулж суух вэ, дэлхий нийттэй хөл нийлүүлэх гэж бид ямар алхам хийв. Монгол Улсад 11 усан цахилгаан станц, нар салхины цахилгаан эх үүсгүүр хосолсон дөрвөн станц, нарны цахилгаан станц 10, салхины цахилгаан станц хоёр ажиллаж байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн тодорхойлсноор сэргээгдэх эрчим хүч нь байгалийн процессоор үүсэх ба тасралтгүй нөхөгддөг учраас эрчим хүчний салбарыг энэ чиглэлээр түлхүү хөгжүүлэх шаардлагатай хэмээн дүгнэсэн байдаг. Монгол Улс дэлхийтэй хөл нийлүүлэн алхахаар хэрэндээ л хичээж ирж. Тиймээс ч энэ сарын 22-23-ны өдөр “АСЕМ-Монгол улс- сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурлыг Улаанбаатарт зохион байгууллаа. Энэхүү хуралд Ази Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны нийтдээ 100 орчим төлөөлөгч оролцож, сэргээгдэх эрчим хүчний асуудлаар олон талаас нь ярилцсан юм. Сэргээгдэх эрчим хүч Монголд сайн хөгжөөгүй ч хөгжих боломж их байгааг олон улсын эрдэмтэд онцолж байв. Байгалийн өвөрмөц онцлог, нөөц гээд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх дэвсгэр суурь нь ч хангалттай бий. Нөгөө талаар сэргээгдэх эрчим хүчний тухай хууль эрх зүйн болон зохицуулалтын орчныг сайжруулах шаардлагатайг олон улсын шинжээчид санууллаа. Сэргээгдэх эрчим хүчийг дан ганц нэг улс бие даагаад хөгжүүлэхэд асар их хөрөнгө технологи шаардлагатай. Тэгвэл бүс нутгаараа хамтран хөгжүүлж үр шимийг нь хүртвэл хэмнэлтийг бий болгохоос гадна олон чиглэлийн туршлага хуримтлагдаж бололцоотой гэнэ. Тиймээс ч энэ хурлыг Монголд зохион байгуулсан нь их ач холбогдолтой юм.

 

ЦАХИЛГААНАА ХЭРХЭН ХЭМНЭХ ВЭ?

Монгол Улс эрчим хүчний хомсдолтой байгааг дээр дуулгасан. Тийм болохоор жирийн хэрэглэгч, айл өрх бүр цахилгаанаа хэмнэж, зүй зохистой хэрэглэх нь эх оронч илэрхийлэл болох нь. Ашиглахгүй байгаа ч разетканд залгаатай орхисон цахилгаан хэрэгсэл өрхийн цахилгаан хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг гэсэн судалгаа гарчээ. Залгуурт залгаатай байдаг гар утасны цэнэглэгч, удирдлагаар нь унтраагаад улаан гэрэлтэй үлдээдэг зурагт ч гэсэн цахилгааны тоолуурыг гүйлгэдэг байх нь. Үр ашиггүй энэ хэрэглээгээ зогсоовол өрхийн цахилгааны хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах боломжтой юм байна. Тэжээлээс залгуураар нь салгаагүй улаан гэрэл нь ассан тохиргоонд байгаа цахилгаан хэрэгсэл 14 цаг тутамд 1 кВт/цаг цахилгаан эрчим хүч зарцуулдаг байна. Тэгвэл 1кВт/цаг цахилгаанаар юу хийж болох вэ гэвэл найман цаг зурагт үзэх, 22 минутын турш юм индүүдэх, хоёр минут ус буцалгах, цахилгаан зуухаар 12 удаа хоол халаах, 285 ширхэг гар утас цэнэглэх, бүрэн автомат угаалгын машинаар нэг удаа хувцас угаах, дөрвөн цагийн турш суурин компьютер ажиллуулах хэмжээний цахилгаан эрчим хүчийг үр дүнгүй алддаг гэсэн үг. Бидний сард төлөх ёстой цахилгааны төлбөр дээр үр ашиггүй хэрэглээний мөнгө дунджаар 3000-5000 төгрөг нэмэгддэг. Тиймээс өдөр тутам цахилгаан хэрэгслээ бүрэн салгаснаар хэмнэлт хийх боломжтой юм. Үүнээс гадна

Цахилгаан чийдэн: Тог бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлттэй чийдэн нь бидний хэрэглэж заншсан Оросын улайсдаг чийдэнгээс ашиглалтын хугацаа нь найм дахин уртаас гадна тогийг 60 хувиар бага зарцуулдаг гэнэ.

Хоолны сав: Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуу нь цахилгаан зуухны ширэмтэй ижил хэмжээтэй, дээр нь цэвэрхэн байвал цахилгааныг 70 хувь хүртэл хэмнэнэ гэсэн судалгаа гарчээ.

Богино долгионы зуух: Энэ зуух уламжлалт цахилгаан зуухаас 60 хувь бага цахилгаан зарцуулдаг байна.

Хөргөгч: Ам бүлийн хэрэгцээндээ таарсан, тасалгаа бүртээ температурын тохируулагчтай хөргөгч сонгохыг зөвлөе. Тухайлбал, хүнс хадгалалтын хэсэгт градусыг нь +3 хэм, хөлдөөх тасалгаанд -18 хэм дээр тааруулах хэрэгтэй. Хөргөгчийг цахилгаан зуух, ус буцалгагчтай ойр байлгах нь тог их идэх шалтгаан болдог байна. Мөн хөргөгчийг 30-50°С хэмтэй бүгчим халуун өрөөнд байлгах нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулдаг байна. Эрчим хүчээ хэмнэцгээе.

Л.НАРАНТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж