Нялхас дахиад жагсана

Хуучирсан мэдээ: 2015.05.27-нд нийтлэгдсэн

Нялхас дахиад жагсана

-Тэд зургадугаар сарын 6-ны өдөр тохиох “Автомашингүй өдөр”-өөр “Тэрэгтэй парад” хийнэ-

Энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Чингисийн талбайд нэгэн хачирхалтай жагсаал болсон юм. Тэр нь  “Өлгийтэй хүүхдүүдийн жагсаал” байсан. Жагсаал эхлэх үед хүмүүс ихэд эвгүйцэж,  нялхсыг улс төрийн зорилгодоо ашиглалаа, ямар тэнэг ээж дүн өвлөөр хүүхдээ жагсаадаг байнаа гэхчилэн шүүмжилж байсан ч жагсаалд хүүхэд биш хүүхэлдэй ашигласан байсан юм. Тэрхүү жагсаал нь Засгийн газар хэмнэлтийн горимд шилжихийн тулд хүүхдийн мөнгө болон  одонтой эхчүүдийн мөнгийг хасч танах шийдвэр гаргаж, тэр тухайгаа УИХ-аар хэлэлцэж эхэлснийг эсэргүүцсэн жагсаал байсан. Жагсаал зохион байгуулагчдын зүгээс улс орны эдийн засаг хүндэрч, хэмнэлт хийх нь зөв ч хүүхэд, эхчүүдийн мөнгийг хасч танах нь  хамгийн буруу шийд гэж үзсэнээс ийн хүүхэлдэйн жагсаалыг зохион байгуулсан. Шийдлийн Засгийн газрын хэмнэлтийн бодлогыг эсэргүүцсэн хоёр иргэн өлгийдсэн хүүхэлдэйнүүдийг ашиглан эсэргүүцлээ илэрхийлэхдээ  "Ч.Сайханбилэг ахаа төлдөг татвар нь нэмэгдэж, орлого нь багассан хүмүүс хүн шиг амьдарч чадах уу”, “С.Эрдэнэ ахаа би даарч байна, давхар дээлтэй та яаж байна”,”Балчир жаал бидний мөнгийг хасахыг эсэргүүцэж байна" гэх мэт бичиг шаардлагыг тавьж байсан юм.

Тэгвэл хүүхэд нялхас дахиад л жагсах нь. Ингэхдээ хүүхдийн баярын дараахан буюу зургадугаар сарын 6-ны өдөр зохион байгуулах “Автомашингүй өдөр”-өөр “Тэрэгтэй парад-2015”-ыг  хийхээр болсон байна. Тэрэгтэй парадад нялх, нярай, балчир, бага насны хүүхдүүд аав ээжийнхээ хамт оролцох бөгөөд Чингисийн талбайгаас  Баруун дөрвөн зам хүртэл алхах ажээ. Хэрвээ дараах асуултуудад та “тийм” гэж хариулж байгаа бол “Тэрэгтэй парад-2015”-д нэгдэхийг зохион байгуулагчид уриалж байгаа юм.


• Машины дуут дохио (сигнал) хүүхдийг тань айлгаж, цочоодог уу?
• Хүүхэдтэйгээ зам хөндлөн гарахад ногоон гэрэл асах хугацаа богино санагддаг уу?
• Хүүхдээ тэрэгтэй нь түрээд явахад тохиромжтой бартаа саадгүй, цэвэр цэмцгэр зам, талбай хангалтгүй байна уу?
• Ер нь таны хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих эрхээ эдэлж чадахгүй байна гэж та үздэг үү гэсэн асуултад та ч бас хариулаад үзээрэй.
 

Тэрэгтэй парадад оролцогчдын гол зорилго нь төрөөс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ шаардах, хүүхдийн эрүүл өсөн торних боломжийг нэхэхэд  оршиж буй ажээ. Жагсаалд оролцогчид хүүхдээ тэрэгтэй  нь түрэх, хөтлөх, тэврэх, үүрэгчинд үүрэх ямар ч хэлбэрээр алхаж болох юм байна. “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-аас санаачилсан энэхүү жагсаал нэгдүгээр сарын үйл явдлын нэгэн адил хүүхдийг улс төрийн зорилгод ашигласан болж буруутгагдахгүй юү гэсэн асуултад “Бид хүний анхдагч хэрэгцээ болох эрүүл аж төрөх эрхээ л нэхэж байгаа. Аль нэг улс төрийн нам, хүчин , бүлэглэлийн эрх ашгийн төлөө энэ парадыг хийх гээгүй. Бидний, улс орны маань ирээдүй болсон хүүхэд багачууд эрүүл, тайван амгалан орчинд аж төрөх ёстой гэдгийг төр засгийн тэргүүнүүд, нийслэл, дүүргийн удирдлагуудад сануулах гэсэн юм” хэмээн тайлбарлаж байна.

Ер нь бол манайд дүрэм журам хэрэгждэггүйгээс болж бүх бусармаг зүйлс дэлгэрч байдаг. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмэнд "Тээврийн хэрэгслийн дуут дохио (сигнал)-ыг осол аваараас сэргийлэх зорилгоор болон хотын гадна замд гүйцэж түрүүлэхэд  дуугаргаж ашиглана" гэсэн заалт байдаг. Гэтэл өнөөдөр жолооч нар сигналаараа хэрэлдэх нь халаг аашилцгааж байна. Хэн сигналаа чанга дуугаргаж байгаа нь хүчтэй харагддаг мэт ойлгох нь ч бий. Нийтийн тээврийн автобусууд буудал дээрээс нэгийгээ хөөх хамгийн энгийн хэрэглүүр нь тасралтгүй дуугаргах сигнал. Гэтэл тэрхүү дуу чимээнээс болж хичнээн хүүхэд айж цочиж, аав ээжийгээ сандаргаж байгааг мэддэггүй. Сигналыг уураа гаргах, ямар машинтайгаа гайхуулах, таалагдсан нэгнийг болзоонд хүн дуудах гэхчилэн инээд хүрэм зорилгоор ашиглах нь ч бий гэнэ.

Нялх нярай хүүхэдтэй аав ээжид тулгардаг бас нэгэн зовлон бол хүүхэд салхилуулах талбай. Хүүхдээ цэвэр агаарт гаргаад тоглуулчих талбайтай орон сууц нийслэлд хуруу дарам цөөн. Сүүлд баригдсан томоохон хорооллуудыг эс тооцвол шүү дээ. Зарим газарт хэдэн байрны дунд багахан  цэцэрлэг байгуулсан хэр нь түүнийгээ цоожилчихдог тухай ээжүүд гомдоллож байна. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд л гэхэд ийм цоожтой цэцэрлэг бий гэнэ. “Ээжүүд хүүхдээ хашааных нь завсраар оруулчихаад өөрсдөө хашаа давж орж байж арайхийн хүүхдээ салхилуулна. Тэгж орох боломжгүй,  өлгийтэй хүүхдээ тэвэрсэн ээжүүд хашааг нь бараадаад, төмөр хашааны гадуур машин дундуур эргэлдэнэ. Яагаад хүүхдүүдээ салхилуулах ч газаргүй болтлоо байшин барилга, машин техникээр дүүргэчихдэг юм бэ. Хүүхдээ тэрэгтэй түрээд явах боломжтой зам нэг ширхэг ч байхгүй. Энэ хотод хүүхэд эрүүл саруул өсч торинох ямар ч боломж алга” хэмээн нэгэн ээж өгүүлж байна.

Ийм л учир шалтгааны улмаас өлгийтэй нярай хүүхдүүд хүртэл жагсаал цуглаан, парад хийхдээ тулаад байна шүү дээ. Бүгдэд биш гэхэд нялхаст ээлтэй хот байхсан даа.

Д.ЦЭЭПИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж