Өнгөрсөн зууны түүхийн тал хагасыг дэлхийн зарим хэсэг хүйтэн дайны дайсагналын дунд өнгөрөөсөн. Энэ дайны нэгээхэн сүүдэр болсон нэг үндэстэн хоёр хуваагдсан эмгэнэлтэй хувь тавиланг Герман, Хойд Солонгос, Австри, Йемен зэрэг улс амссан байдаг. Хуваагдсан улсууд эдүгээ эргэн нэгдэж элэг бүтэн амьдарч байгаа. Гагцхүү Солонгосын хойг дээр 38 дугаар өргөргөөр хуваагдсан Хойд, Өмнөд Солонгос тусгаарлагдан амьдарсаар байгаа билээ.
Хоёр Солонгосыг нэгтгэх хүсэл эрмэлзэл солонгосчууд дотроо ч, гадаад ертөнцөд ч байдаг. Гэсэн ч солонгос үндэстэн хоёр тусгаарлагдсан тухайн үеийн нөхцөл байдал, түүнээс хойших үйл явдлын хөврөөг харахад энэ асуудал тийм ч амар шийдэгдэхгүй гэж үздэг. Энэ тухай ахмад дипломатч Б.Лхагваагийн саяхан хэвлүүлэн гаргасан “Нэгдсэн Солонгос айсуй” номонд дэлгэрэнгүй өгүүлжээ.
Монгол, Солонгосын ард түмэн эрт цагийн харилцаатай явж ирсэн. Нэгэн цагт төрийн ураг садны барилдлагаар барилдаж байсан улс. Социализмын үед нэг лагерьт харъяалагдан, дайны хөлд зовж зүдэрч явах үед нь монголчууд тусалж дэмжиж ирсэн. Солонгосын дайны улмаас өнчирсөн солонгос багачуулыг Улаанбаатарт авчран асран хүмүүжүүлж байсан сайхан түүх бий.
Солонгос үндэстэн хоёр хуваагдаад энэ онд 70 жил болж байна. Монголчуудын Солонгосын талаарх сэтгэл зүйн хандлагад бусдаас арай ялгаатай гэж хэлж болохоор нэг содон зүйл ажиглагддаг тухай дипломатч Б.Лхагва “Нэгдсэн Солонгос айсуй” номондоо бичсэн байсан. “Тэр нь Солонгосын хойгийг умард, өмнөд гэж хуваан зааглаж үзэхээсээ илүүтэй ерөөсөө нэг л солонгос үндэстэн гэдгээр нь ханддаг явдал” хэмээн бичжээ. Монгол Улс Солонгосын хойгийн асуудал тайван замаар, өөрсдийн хүсэл эрмэлзэл, ардчилсан замаар шийдэгдээсэй гэсэн чин хүсэлтэй байсаар ирсэн. Энэ хүсэл эрмэлзлэлийг илтгэх нэгэн үйл явдал өчигдөр /2015.05.26/ болсон юм. Солонгосын нэгдлийг дэмжих форум нэртэй ТББ байгуулагдсанаа зарлалаа. Шинэхэн ТББ-ын тэргүүнээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, ерөнхий зохицуулагчаар дипломатч Б.Лхагва нар ажиллах юм. Энэ ТББ ямарваа нэг улс төрийн үйл ажиллагаанаас ангид байж, нийгэм, соёл, хүмүүнлэг, шашин, спорт зэрэг зөөлөн дипломатын замаар солонгос үндэстний нэгдлийг дэмжихээ илэрхийллээ.
Д.НАРАНТУЯА