Хөрөнгийн зах зээлээс хөрөнгөтнүүд төрүүлэх форум

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлээс хөрөнгөтнүүд төрүүлэх форум

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн шилдгүүд “баян”, бас “шинэхэн” тоглогчид анхаарлаа хандуулаад буй. Тэрхүү  асар их хөрөнгөтэй ч туршлага багатай шинэ “цэрэг”-ийн нэр нь Монгол. Газрын хэвлий дор өнө удаан жил хадгалсан үүцээ задалж, түүнийгээ олон улсын хөрөнгийн зах зээлд гарган  мөнгө босгохоор шийдсэн нь өнөөдөр Монголыг олон улсын анхаарлыг төвд аваачаад байгаа юм.
Хувьцаа гэдэг зүйлийг хөх, яагаан тасалбараар ойлгодог байсан монголчууд өд­гөө үнэт цаасны зах зээлээс мөнгө тонших болсон. Монголыг Хятадыг дагавар улс мэтээр басамжлан харж байсан их гүрнүүд, гадаадын хөрөнгөтнүүд, өв залгамжлагчид, үнэт цаасны тоглогчид өдгөө Монголыг илт сонирхож эхэллээ. Тэд халаасанд байгаа мөнгөө Мон­голын  ашигт малтмал, эрдэс баялагт цацахыг хүсч буй. Тэгвэл  монголчууд дэлхийн зах зээлээс хэрхэн мөнгө олох, мөнгөө арвижуулах, хувь­цаа гаргах, хөрөнгө босгох асар их амбицад хөтлөгдөөд байна. Энэ амбицийг хөглөх, хөрөнгө босгоход нь хөтлөхөөр гадаад дотоодын шилдэг мэргэжилтнүүд өнгөрсөн баасан гаригт  чууллаа.  “Чингэс” зочид буу­далд болсон  “Трейд Монголиа-2011” форумд оролцогчдын ярианаас Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжил жинхэнэ утгаараа өндрөө авч эхлэх нь гэлтэй.

Таван сэдвийн дор  хоёр өдөр чуулсан уг форумаар   хөрөнгийн зах зээл гэж юу юм, хувьцаа гаргах боломжууд, гадаад дотоодын хөрөнгөтнүүдийн сонирхол, Монголын хөрөн­гийн биржийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, дотоодын үнэт цаасны зах зээлээс гадаадад гарах замнал гээд хөрөнгийн зах зээлийн талаарх олон шилдэг илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнөсөн. Монголчууд ажлаа хийнгээ, автобусаар зорчингоо, аялж зугаалахдаа мөнгөтөй болох үүд хаалга нэгэнтээ нээгджээ. Санхүүгийн агуу лидер болохыг хүсвэл, хөрөнгийн зах зээ­лийн талаар мэдлэгтэй, мэдээлэлтэй бас мэдрэмжтэй байх хэрэгтэй бололтой. Шулуухан хэлэхэд хөрөнгийн зах зээлээс хөл­жихөд таны мэдрэмж  л зөвхөн туслана гэдгийг мэргэжилтнүүд онцолно лээ. Хувьцааг хэдийд худалдан авч, харин хэдийд зарах нь таны мэдрэмжээс хамаарах гэнэ.

Монголын хөрөнгийн биржийн үйл ажил­лагааг олон улсын төвшинд хүргэх үүр­гийг өдгөө Лондонгийн хөрөнгийн бирж хүлээгээд байгаа.  Байгалийн багагүй нөөц баялагтай, тэрхүү баялаг нь гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад буй Мон­гол гэх том амбицтай жижиг нөхрийг дэлхийн хөрөнгийн зах зээлд гаргах үүргийг хүлээсэндээ англичууд сэтгэл хангалуун байгаа бололтой. 200 гаруй жилийн настай Лондонгийн өвгөн биржийн туршлагыг 20 настай цэл залуухан Монголын үнэт цаас­ны зах зээлтэй яахан харьцуулах. Үнэт цаас­ны зах зээлийн хөгжил нь эдийн засгийн хөгжилд томоохон тэсрэлтийг бий болгодог. Харин түүний хөгжлийг дөрвөн хэмжүүрээр хэмждэг аж. Үнэт цаасны зах зээлийн хэмжээ, хөрвөх чадвар, олон улстай интеграцчлагдсан байдал, үнэт цаасны зах зээлийн тогвортой байдал. Хөрвөх чадвар нь ДНБ, биет капитал, бүтээмжийн өсөлт, хөрөнгө оруулалт, улс төрийн тогтвортой байдал, сангийн бодлого, нээлттэй худалдаа, макро эдийн засгийн тогтвортой байдал зэргээс хамаардаг аж.

Үнэт цаасны зах эээлээр дамжуулан эдийн засгийг тогтворжуулах. өмч хувьчлалыг явуулах үүднээс шаардлагатай байгаа их хэмжээний хөрөнгө төвлөрүүлэх боломжтой. Иймээс ч макро эдийн засгийн хөгжлийн асуу­далд үнэт цаасны зах зээл чухал ач холбогдолтой төдийгүй хөгжлийн стратеги, банк, санхүүгийн системийг зөв голдрилд чиглүү­лэх, идэвхжүүлэх хүчин зүйл аж. Энэ утгаараа ч Монгол Улсын эдийн засгийн хөгж­лийн ирээдүйн төлөв яах аргагүй хөрөнгийн зах зээлийнхээ хөгжилтэй холбоотой юм байна. Форумын үеэр хамгийн их анхаарал татсан сэдэв нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувь­цаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувь­цааг олон улсын зах зээлд гаргах бэлтгэл сайн хангагдаж байгаа талаар “Голдман сакс”, “Дойче” банкныхан танилцуулсан. Хэдийгээр тус компанийн хувьцааны нэрлэсэн үнийг тогтоогоогүй байгаа ч энэ оны эцэс, бүр удлаа гэхэд ирэх оны эхээр олон улсын зах зээлд гаргана гэдэг бардам хариултыг тэд өгсөн. Ганцхан Лондонгийн эсвэл Хонгконгийн гэхгүйгээр олон улсын гэх тодотголтой хоёр гурван биржээс “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг гаргах төлөвлөгөөтэй  байгаа болол­той. Харин “Эрдэнэс МГЛ”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш монгол иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч болсон, уг хувьцаанаас унах ашиг хийгээд хожих боломжийн талаар сонирхуулсан юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа гадаад, дотоодын “мөнгөлөг” хүмүүсийн анхаарлын төвд байгаа. Тус компанийн хувьцааны нэрлэсэн үнэ болон арилжих биржийн талаар иргэд мэдээлэл авахаар хүсч буйгаа илэрхийлсэн. Гэвч холбогдох албаны хүмүүс одоохондоо энэ талаарх нууцыг задруулахыг хүссэнгүй.

Хөрөнгийн зах зээлээс хөлжих монгол­чуу­дын сонирхол, шунал хүсэл сүүлийн үед нэлээд өдөөгдсөн шинжтэй, гадаадын болоод дотоодын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох гарцыг хайж эхэллээ.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж