ОХУ 35 мянган тонн дизель түлш нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

ОХУ 35 мянган тонн дизель түлш нийлүүлнэ

Зургадугаар сар гараад зургаа хонож буй ч шатахууны хомсдол Монголд нүүрлэсэн хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт бүх төрлийн шатахууны үнэ 50 төгрөгөөр өссөн. Үүнийг ОХУ-аас Монголд нийлүүлэх бүх төрлийн шатахууны үнэ тонн тутамдаа цөөнгүй төгрөгөөр нэмэгдсэнтэй хол­бон тайлбарлаж байна.  “Роснефть” компа­ниас энэ сард манайд нийлүүлэх А-80 автобензиний үнийг тонн тутамд 118, АИ-92 шатахууныг 123, дизелийн түлшийг 68 ам.доллараар нэмсэн байна.  Өнөөдрийн байдлаар ШТС-уудад дизель түлш 1650 төгрөг, АИ-92 бензин 1400, АИ-95 бензин 1470, АЙ-1250 төгрөгийн үнэтэй байна. Шатахууныхаа нийлүүлэлтийг хязгаарлаж, шалтгаангүйгээр нефть бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн нь Монголын эдийн засгийг тамирдуулах орос бодлого хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Бүтэн сар  нүүрлээд байгаа шатахууны хомс­долоос болж  Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр нүүрээ улайлгахад хүрсэн. Тэгвэл салбарын сайд нь урд хөршийг зорьж Хятадаас 3000 тонн дизель түлш худалдан авах гэрээ байгуулжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Монголд нүүрлээд байгаа шатахууны хомсдолд биечлэн санаа тавихаа, мөн “Роснефть”-ийн нөөцөөс дизель түлш нийлүүлэхэд анхаарахаа манай улсын Ерөнхийлөгчид амалсан билээ.

В.Путин үнэхээр хэлсэндээ хүрч чадах болов уу, эсвэл энэ  нь зүгээр л айлчлалын үед хөндөгдсөн асуудал болоод өнгөрөх үү гэсэн эмзэглэл, хүлээлт нийгэмд үүсээд байна.

Шатахууны хомсдолоос болж автобус унаа,  бараа бүтээгдэхүүний үнэ өсч, өнгөрсөн  дөрөв­дүгээр сард 5,5 хувьтай байсан инфляци тавдугаар сард хэдэн хувьд хүрч хөөрөгдөхийг өнөөдрийн хувьд хэлэх боломжгүй байна. Ямар ч байсан нийлүүлэлтийн шокоос болоод инфляци өсөх нь тодорхой. Энэ нь ажилгүй, ядуу, эмзэг бүлгийнхэнд ихээхэн хүндрэл учруулна гэдгийг ч эдийн засагчид онцолж буй. Суурь эдийн засагт нөлөөлдөг голлох хүчин зүйлс болох шатахууны үнэ ийнхүү өссөнөөс Монголын бүх бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оржээ.  Төмс, хүнсний ногоо, будаа, элсэн чихэр, саван зэрэг өргөн хэрэглээний хүнсний болон бараа бүтээгдэхүүний үнэ 100 төгрөгөөр өсөөд байна.
ОХУ-ын “Роснефть” компанийнхан өнгөрсөн сард Монгол Улсад нэмж 8000 мянган тонн түлш нийлүүлэхээр болсон ч тавдугаар сардаа багтааж нийлүүлэгдээгүй байгаа. Тэгвэл тус компани энэ зургадугаар сард 35 мянган тонн дизель түлш нийлүүлэхээ илэрхийлсэн байна.  Тус Роснефть” компаниас Монгол руу ачуулсан 2000 тонн түлш өнөөдрөөс нийлүүлэгдэж байгаа гэнэ.

Тиймээс Монгол Улс ОХУ-ын “ТНК-БП” компаниас 16 мянган тонн дизель түлш авахаар тохиролцсон байна. Тус компани нь улсын хилээс 5400 км зайтай учир тээврийн зардал нь  нэмэгдэж, нэг тонн түлшийг 1250 ам.доллараар авах болсон байна.  Цаашид Монгол Улс зөвхөн “Роснефть” гэлтгүй шатахуун нийлүүлж болох бүх суваг ирэлхийлж, гарц хайхаар болсноо Газрын тосны газрын дарга дуулгасан юм.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж