Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд” төслийн санхүүжилтын хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.
Энэхүү төсөл нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд иргэн төвтэй, өндөр чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэхэд эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн системүүд болон цахим-эрүүл мэндийн шийдлүүдийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой юм байна. Нийтдээ 19.5 сая ам.долларын өртөгөөр цахим-эрүүл мэндийн суурь баазыг бүрдүүлэх, клиникийн мэдээлэл цуглуулах, ашиглах, солилцох өнөөгийн нөхцөл байдлыг шинэ түвшинд гаргах, эрүүл мэндийн мэдээллийн үндэсний Төвийг бэхжүүлэх, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн удирдлагыг бэхжүүлэх гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж байгаа юм байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр өвчтөний түүхийг нээлттэй болгож, иргэд дараагийн шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, шаардлагагүй оношилгоог давхардуулан хийлгэхээс зайлсхийх, өвчтөний эмчилгээ, оношилгоотой холбогдолтой мэдээллийг шуурхай авах, цаасан бүртгэл багасаж, зардлыг бууруулах, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн технологийн чадавх сайжирч, тоног төхөөрөмжөөр хангагдах, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдээллийн технологи ашиглах ур чадвар сайжрах ач холбогдолтой гэж үзэж байна.
Төсөлд 321 сум, 228 өрх, 45 нийслэлийн эрүүл мэндийн төв нийтдээ 600 байгууллага хамрагдах аж. Одоогийн байдлаар эмнэлгүүд дээр газар дээр нь очиж танилцах ажил үргэлжилж байгаа аж.
Байнгын хорооны гишүүд энэхүү хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг олонхын саналаар дэмсэнээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
С.ОТГОН