Хэлмэгдэгсэдэд нөхөн олговор олгохыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгсэдэд нөхөн олговор олгохыг хүслээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн ар гэрийнхний хамт мэдээлэл хийлээ. Түүний мэдээлснээр Өргөдлийн байнгын хороонд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн олговор олгох, зохих шатны байгууллагууд нь анхаарлаа хандуулахыг хүсэн өргөдөл олноор ирсэн байна.

Одоогоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад байгаа ч их хэмжээний мөнгө буюу 2 их наяд төгрөг шаардагдах учир батлагдах магадлал бага байгааг онцоллоо. Нөхөн олговор шаардагдах 73-92 насны 400 орчим хүн байгаа аж. Өргөдлийн байнгын хороо Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай хэлэлцэн батлах, Нийгмийн халамжийн болон тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа талаар О.Баасанхүү гишүүн мэдээлсэн. Дээрх асуудалтай холбоотой УИХ-ын тогтоолын төслөө Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. Тогтоолын төсөлд улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн иргэдийн ар гэрийнхэнд хөдөлмөрийн хөлсний хэмжээний 60 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 100 мянган төгрөгийг тэтгэвэр дээр нь нэмж сар бүр олгох асуудлыг тусгажээ.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж