Нум сумаа агсаж
Нутаг усаа хамгаалсан… гэж ирээд л хүүхдүүд дуулдаг.
Баатрын хувцас өмсч, хөмсөгөө атируулж ирээд л багагүй жүжиглэлттэйгээр дуулдаг багачуудтай адилхан томчууд бас байх юм. Тийм томчуудын нэгдлийг “Гал үндэстэн” гэж тодорхойлж болох юм шиг. Тэд маань “баасан ах”-ын төрсөн өдрөөр төв талбайд элэг хөшөөх шахав. Нийслэлийнхэн төдийгүй гадны жуулчдаас сохор зоос ч авалгүй дундад зууны монголчуудын түүхийг харуулсан хандивын тоглолтын гол дүрд Ц.Мөнхбаяр тогложээ. Сайн ч тоглож байна. Төрийн ордоны баруун, зүүн хаалганы өмнө тайзаа зассан нь завгүй жолооч нарт замын түгжээнд оронгоо “эмгэнэлт жүжиг” үзэх боломжийг олгов. Бусдаас ялгаатай нь энэхүү эмгэнэлт жүжгийн бүх зүйл бодит. Энэ нь ч багагүй хүмүүст таалагдаж. Хэрэв зохиолыг нь хэвлэвэл тун удахгүй бест сэллэр болох вий.
Бусад эмгэнэлт жүжгийн оргил үед хүмүүс харуусч, зарим үед нүдээ алгаараа тагладаг бол тэр жүжгийг тэгээгүй. Үзсэн хүмүүс нүд нь орой дээрээ гарчээ. Бүр мэл гайхаж, цэл хөхрөв.
Ямар жүжиг үзэж чадалүй өнгөрөөчихөв дөө гэж халаглаж суугаа нэгэнд нь тэр талаар цухас ярьж өгье. Уг нь өөрийн нүдээр үзсэн бол л дээр байсан юм даа…
“Гал үндэстнүүд” болж бүтэхгүй, луйврын шинжтэй төрдөө шаардлага хүргүүлснээр жүжиг эхэлнэ. Уг нь бол шаардлагын хариуд ямар нэгэн юм хэлэх ёстой л доо. Ядаж л “Ардын элч” кинон дээр хошуу ноён “Жа, мэдлээ. Тайван амгалан байгтун” гэдэг шиг юм хэлэх ёстой байсан юм. Тэгээгүйгээс л бүх зүйл болж, жүжиг цааш үргэлжлэх гогцоо болно. Ингээд шаардлагынхаа хариуг “Гал үндэстэн” авахаар мордож буйгаар жүжиг үргэлжилнэ. Жүжгийн хамгийн гол зангилаа нь дундад зуунаас явсаар явсаар өнөө цагт ирээд ч шаардлагынхаа хариуг авч чадаагүйд оршино.
Ингээд үзэж суухад, “Жүжигт гарч буй улсын /Монголын тухай юм/ төр нь иргэдээ сонсдог байсан бол “Гал үндэстэн”-гүүд тэгж босохгүй л байсан” гэж бодогдоод байгаа юм. Орчин үеийн түшмэдийн суудаг ордон нь гэж жигтэйхэн харуул хамгаалалттай байлгүй яах вэ. Морьтой хүн битгий хэл машинтай очиж мөргөөд ч нэвтрэхээргүй. Ингээд эцэстээ нөгөө морьтой иргэд чинь хүч хэрэглэхээс өөр аргагүй болно л доо. Гэхдээ орчин үед морьтой иргэдийн хүч юу шалиа аж. Гэхдээ “Болохгүй бол төрийн эргэлт хийчихээд ирнэ” гээд гэрээсээ гарсан хүмүүс чинь ямар нэг юм хийхгүй бол болдоггүй юм байгаа биз дээ. Тэгээд л аргаа барахдаа мөнөөх ордны гадуур барьсан хэрмийг давуулаад сумаа тавьж байгаа юм. Аль ч нийгэмд байж болохгүй зүйл л дээ. Хамгийн сонирхолтой нь тэглээ гээд тэднийг яах ч үгүй. Бариад, хориод, жавтий хүртээх ёстой цагдаа нар нь дотроо хоёр хуваагдчихсан болохоор тэр.
Гарч болзошгүй үймээнийг зогсоох ёстой ЦЕГ-ын нөхдүүд амиа хоохойлоод дотор нь ороод зогсчихов. Харин тэдний салбар нэгж болох нийслэлийн цагдаагийнхан нь “долдугаар сарын 1” шиг буруу, зөрүү юм хийчих вий гэж эмээгээд барих гэснээ буцаагаад тавьчихав аа. Ийм шалтгаанаар мөнөөх нум сум агссан нөхдүүд ордны хэд хэдэн түшмэлийн цонхыг хага харвасандаа хөөрцөглөн “Энэ бол сануулга шүү. Дараа хатуурхана гэж мэдээрэй” гэсээр ташуур өгөн, тоос татуулан давхиад алга болов. Үлдэж байгаанууд нь сонсоогүй л дээ.
Жүжиг хоёр өөр цаг хугацаанд өрнөсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн үеийн буюу дундаж зууны монголчууд танк, пуужинтай орчин үед ирээд нум сумаараа тэмцсэн талаарх гайхалтай сэтгэмж юм шүү. Дараагийн үзэгдэл нь Яармагт “Барын базалт” нэртэйгээр бас л сонирхолтой өрнөнө. Гадаад руу айлчлалаар явсан Ерөнхийлөгчтэй уулзахаар эхэлсэн энэ үзэгдэл уулзаж чадалгүй өндөрлөнө. Аргагүй л дээ. “Морьтой ч болоосой” биш. Бодит амьдрал дээр 120 км/цаг хурдтай яваа машиныг морь яаж гүйцэх вэ. Хөөрхий амьтад уулзаж чадалгүй хоцорч байгаа юм. “Барын базалт” үзэгдэл “Муужгайн самардалт” болон хувирав. Үүгээр хоёр дахь үзэгдэл дуусав.
Дараагийн үзэгдлийн тухай хэвлэлийн хурал хийлгэсэн Ц.Мөнхбаярын хэлснээр, аравтын системд шилжсэн морьтнууд уул уурхайн компаниудыг хааж байгаагаар өрнөх юм гэсэн. Эл үзэгдэл өнөөдөр эхлэх бөгөөд Туул голынхоо уснаас амсан дайлаар мордсоноор үргэлжлэх юм.