“Монгол Улс эдийн засгийн хямралыг түвэггүйхэн давж гарах гаргалгаа нь алтаа эргэлтэд оруулах явдал. Тиймээс нэн даруй алтны салбарынхантай уулзаж, болж бүтэж байгаагаас болохгүй, бүтэхгүй зүйлийг нь хүртэл харж, сонсч, мэдэрч гэмээнэ төр бодлогоо зөв тодорхойлно” хэмээн Заамарын хөндийг зорьсон Уул уурхайн сайдын зүтгэл Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлтөд оруулах процесст хэрхэн нөлөөлснийг уншигч та надаар хэлүүлэх юун.
Үүндээ урамшсан сайдын дараагийн алхам зарим нэгний ад үзэх уран буюу шар нунтагийн учрыг олох явдал байсан. Дорнын говийг хөндлөн гулд давхисан тэрбээр ганзага хоосон ирээгүй.
Ямартай ч орон нутагт ажилласны үр дүнд шар нунтгийг олборлохоор зэхэж буй аж ахуйн нэгж хийгээд эсэргүүцэгчид сайдын дэмжлэгтэйгээр үг хэлээ ололцож чадсан юм.
Түүгээр ч үл барам Монгол Улс ураныг ашиглаж гэмээнэ ямар үр дүнд хүрэх, улс орны нэр хүнд дэлхий дахинд хэрхэн өсөх тухайд төрийн бодлогод ямар байдлаар тусгах санаа түүнд төрсөн нь дамжиггүй. Гэвч эл амжилтдаа сэтгэл нь ханаагүй бололтой.
Сүүлийн 20 жил уул уурхайн салбарынхны сэтгэлийг зовоогоод байсан эмзэг сэдэв ч гэж нэрлэж болох хүнд үйлдвэр буюу металлургийн салбарын хөгжил бусадтайгаа хөл нийлж чадахгүй, хоцорч буйн учрыг олохоор Сэлэнгийн Ерөөгийн сав газарт олборлолт, ашиглалт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцахыг зорилгоо болгожээ.
Аж ахуйн нэгжүүд өөр өөрийн арга замаар олборлолт явуулан газар дээр нь баяжуулан экспортлож байгаа нь сайшаалтай хэдий ч ашиглаж буй технологийн хувьд байгаль орчинд ээлтэй байж чадахгүй байгаад сэтгэл зовниж буйгаа сайд металлургичдад шуудхан хэлж байсан юм.
Тодруулбал, Болдтөмөр Ерөө голынхонд. Харин аж ахуйн нэгжүүд “Зах зээлийн эрэлт нийлүүлэлт дэндүү бага, хүрээ хязгаарлагдмал байгаагаас борлуулалт байхгүй байна. Тиймээс төр бодлогоороо дэмжих ёстой гэсэн байр сууриас үгээ хэлцгээсэн.
Тэднийг хөндлөнгөөс ажиглахад бүтээгдэхүүнээ хаана ямар менежментээр борлуулах тухай асуудалд тархиа ажиллуулах бус олборлоод, овоолчихсон байхад худалдаж авах эзэн гарч ирж таарна гэх үүднээс асуудалд хандсан байж мэдэхээр.
Ерөөгийн сав газар дагуух бүхий уурхайнууд бэлэн бүтээгдэхүүн байна, зах зээл нь алга гээд овоолготой баяжуулсан төмрийн хүдрээ харуулан, энэ байдлыг төрд дамжуулж өгнө үү гэх хүсэлтийг сайдад тавьж байв. Гэхдээ тэдний дунд банкны зээлийн хүүнд шатаж дууслаа гэх аж ахуйн нэгж Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс өөрөөр гараагүй.
Дашрамд өгүүлэхэд, Монгол Улс төмрийн хүдрийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэхгүй ч зөв зохион байгуулах аваас сайн чанарын төмрөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой аж. Одоогийн байдлаар дэд бүтцээсээ хамаарч зөвхөн төмөр зам дагуух нөөц ордуудаа ашиглаж байгаа юм байна.
Зөвхөн юаниар үнэлэгдэх бараа буюу төмрийн хүдрийн хувь заяа
Монгол Улсад төмрийн хүдрийн үнэ жилээс жилд унаж буйн цаад талд Хятад улсын төмрийн хүдэр хийгээд төмөр эдлэлийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт буурсантай холбоотой гэх үгийг төмрийн биенес эрхлэгчид нэгэн дуугаар өгүүлсэн. Монголын төмрийн хүдрийн ордыг эзэмшигчид эхэндээ бүгд монгол хүн, монгол компани байж.
Харамсалтай нь өнөөдөр байдал эсрэгээр эргэн Монгол-Хятадын хамтарсан үйлдвэр эсвэл зуун хувь хятад эзэнтэй аж ахуйн нэгж болж хувирсан. Нөгөө утгаараа энэ төрлийн биенес эрхлэгчид Монголын хамгийн том орд бүхний Ерөөгийн сав газарт төвлөрч, уулын ам судал бүхнийг хуваан эзэмшиж буй аж.
Төмрийн хүдэр дэх агууламжийн хувьд хүхэр, фосфор, цахиур гэх мэт хорт бодис ихтэй учраас зэх зээлд тийм ч эрэлттэй эд биш бололтой.
Учир иймээс хятадуудад хувьцаагаа, уурхайгаа зарах сонирхол сүүлийн хоёр жилд давамгайлах болсон байна, энэ сав газарт. Металлургичдын санааг зовоож буй бас нэг зүйл нь төмөр замын тээврийн зардлын асуудал гэнэ.
Тэдэн дундаас хамгийн бага тээврийн зардалтайгаар бүтээгдэхүүнээ экспортлож буй нь Болдтөмөр Ерөө гол юм байх. Өөрөөр хэлбэл, Дархан өртөө хүртэл өөрийн тавьсан төмөр замаар, өөрийн тэвшээр, өөрийн зүтгүүрээр бүтээгдэхүүнээ хил гаргаж буй.
Бусдын тухайд Болд төмөр Ерөө голын байгуулсан “Цагаан хаалга” өртөө хүртэл хүдрээ машинаар тээвэрлэн цааш Монголын төмөр зам дээр гарах жишээний. Тэгэхээр тээврийн зардалд байдгаа бардаг нь ойлгомжтой. Энэ тухай дараа өгүүлэх учраас түр орхиё.
Технологи нь энгийн ч Монголын анхны гангын үйлдвэр
Уул уурхайн сайдын танилцсан эхний төмөрлөгийн үйлдвэр бол “Бэрэн” группын охин компани болох “Хөх ган” ХК байлаа. Төмрийн хүдрийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж буй тус хувьцаат компанийг 29 настай бүсгүй удирдах.
Алдар нь Мөнхдалайн Заяа. Ер нь тэнд үйлдвэрийн удирдлагыг залуус гартаа авсан байна лээ. Хятад улсад технологич инженерийн боловсрол эзэмшсэн тэрбээр үйлдвэрийнхээ хэтийн хөгжлийн талаар “Өндөр агуулгатай төмрийн баяжмалыг боловсруулан сайн чанарын ангижруулсан төмөр гарган авч эх орныхоо төмрийн хэрэгцээг хангах явдал” гэж товчхон өгүүлээд үйлдвэртэйгээ танилцахыг урьсан юм.
Эрдэнэт хотын “Говил” багийн нутаг дэвсгэрт тоонотоо дугуйлсан энэ хамт олон 2009 онд ангижруулсан төмрийн үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Домен зуухны амаар дүрэлзэх гал төмрийн хүдэр гэх нойтон хөх шороог ангижруулан сайн чанарын хөх ган болгоод зогсохгүй крантны ус адил урсгадаг шидтэй бололтой.
Жилд 40 мянган тонн, 87-95 хувийн агуулгатай төмөр үйлдвэрлэх хүчин чадал бүхий тус үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад коксжсон нүүрсний асуудал хүндээр тусч байгааг үйлдвэрлэгчид хэлж байв.
Тэд эхэндээ дөнгөж нутагшиж буй технологитоо тааруулан импортоор коксжсон нүүрс худалдаж авахад тээвэр, гаалийн гээд бүх зардал нь шингээд тонн тутам нь 500 мянган төгрөг болж байж.
Энэ нь эдийн засгийн хувьд оновчтой шийдэл бус учраас өртөг зардлаа хэмнэх үүднээс судалгаа хийн Могойн гол, Таван толгойгоос коксжих нүүрс худалдан авч үйлдвэртээ коксжуулахад тонн тутам нь 300 мянган төгрөг болсон байна.
Гэвч тэд өөр боломж хайн Газрын ойрыг бодолцон Булганы Сайхан сумын нүүрсийг сонирхон судалж эхэлжээ. Харамсалтай нь Сайханы нүүрсний уурхай хэл амтай байгаа учраас асуудал шийдэгдэхийг хүлээж байгаа юмсанж. Тэглээ гээд тэд гар хумхин зүгээр суугаагүй.
Цахиур ваар ашиглан нүүрсээ коксжуулаад хэдийнэ эхэлчихсэн байна лээ. Технологийнх нь хувьд ч энгий юм билээ. Зарим хүн хоцрогдсон технологи оруулж ирсэн байна хэмээн ам муутай байсан ч металлургийн үйлдвэрийн суурийг тавьж чадсанд нь бэрэнгийнхэнд талархах учиртай бус уу.
Нөгөөтэйгүүр, залуус үйлдвэрлэлийн өргөтгөл, бүтээгдэхүүний чанарт анхаарал хандуулдаг атлаа хөдөлмөр хамгаалал, хүний аюулгүй байдлыг хоёрдугаарт тавьдаг юм шиг санагдсан.
Дэлхийн металлургийн үйлдвэрийн үйл ажиллагааг сонирхож байхад галын хамгаалалт бүхий битүү хувцас хунар өмссөн байдаг юм билээ. Гэтэл манайд монгол араншин ноёлсон хэвээр.
Ийм сэтгэгдэл үйлдвэртэй танилцсан ажлын хэсгийнхэнд төрснийг энд хэлэх нь зөв байх. Коксжих нүүрсийг шатаах зуухнаас халуунаараа гарч ирэх цахиуран ваартай коксыг ажлын нормын хувцсаас өөр хамгаалах хэрэгсэлгүй ажилчид элгэндээ наан хэд хэдээр нь зөөж байсан шүү. Эсвэл технологийн дамжлагын явцад хөрчихөөд гарч ирдэг юм болов уу.
Эзэн, эдийн засгийн эргэлт хоёрыг хүлээх монгол ширэм
“Бэрэн металл” ХХК ширэм үйлдвэрлээд эхэлсэнээ сайдад танилцуулсан. Үйлдвэрлэл ашигтай, үйл ажиллагаа нь хэвийн явагдах үндэс бол нэг нь нөгөөгөөс хамаарал бүхий технологийн дамжлага буюу үйлдвэрлэл гэж Бэрэн групп үзжээ.
Тэр ч утгаараа үйлдвэрлэлийн цогц баазыг байгуулж байгаа аж. Хашааны хаалгаар яваад оруут үйлдвэрээс гараад удаагүй, эзнээ хүлээх шинэхэн ширэм төв хэсгийг эзэлсэн харагдана. Үнэн хэрэгтээ ширэм үйлдвэрлэнэ гэдэг гангын үйлдвэрлэл тасралтгүй, найдвартай байхын эх үндэс бололтой.
Ширмийг домен зуухаар дамжлуулан дахин боловсруулснаар уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн гол түүхий эд болох ган бөмбөлөг бий болно. Мөн барилгын армутор, булан төмөр, дугуй туйван, гээд ган төмөр эдлэлийг үйлдвэрлэнэ. Тэр бүү хэл, лист төмөр хийх боломжтой гэх таатай мэдээллийг сайдад дуулгасан.
Сайд хариуд нь тэднийг магтаад “Цаашид вагоны тэвш, чингэлэг, дээврийн төмөр үйлдвэрлэн дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах боломж бийг сануулсан.
Солонгос улс гэхэд төмрийн хүдрийн ордгүй, нөөцгүй атлаа далайн боомтоо ашиглан төмрийн үйлдвэр байгуулан Австрали улсаас төмрийн хүдэр импортлон боловсруулаад зогсохгүй зөвхөн хөлөг онгоцны стандартад нийцсэн маш сайн чанарын төмөр үйлдвэрлэдгээрээ дэлхийг байлдан дагуулж байгааг жишээ болгоно лээ.
Гангын үйлдвэр одоогийн байдлаар дөрвөн мянга гаруй тонн ширэм үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхэд бэлэн болгожээ. Сайдын ажлын хэсэгт багтсан металлургичид “Эрдэнэт үйлдвэрийн нөөц нэгэн цагт дуусч хаалтаа хийхийн цагт хүнд үйлдвэр бааз суурийг нь залгамжлах учиртай.
Магадгүй тэр нь Бэрэнгийн гангын үйлдвэрүүд байж мэдэх юм гэсэн сайхан үгийг бие биедээ хэлж байсан. Тус үйлдвэр нь жилд 47 мянган тонн төмөр үйлдвэрлэх хүчин чадалтайн дээр дэлхийн стандартын шаардлагыг хангаж чадах аваас Япон, Тайланд улсад экспортлох боломжтой ажээ.
Үргэлжлэл бий
Эх сурвалж: www.mminfo.mn