Өнгөрөгч баасан гаригийн чуулганы хуралдаанд оролцож, Оюутолгойн асуудлаар гишүүдэд багагүй “байцаагдах” үедээ далд уурхайн бүтээн байгуулалтыг явуулахаар болсон нь эдийн засагт, ямар, ямар эерэг өөрчлөлт авчирч байгааг Ерөнхий сайд өөрийн биеэр тайлбарлав. Тэрбээр “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан гэх мэдээллийн дараа Засгийн газрын бондын хүү дөрвөн хувь руу ороод ирлээ. ХХБ-ны гаргасан бонд 9 гаруй хувиас долоон хувь руу буурлаа. Долларын ханш 1920 төгрөг рүү орлоо. Бид үүнийг л хүсч байсан” гэдгээ хэлсэн ч Дубайд очоод чухамхүү ямар бичиг баримт дээр гарын үсэг зурчихав хэмээн хардаж, халаглаж суусан гишүүд харин ч нэг анзаарч, анхаарал хандуулахыг хүсээгүй юм даг. Улс төрийн зорилго нь өөр байсан болохоор аргагүй биз. Угаасаа ч улстөрчдөд эдийн засгийн үр дүн, хонжоо, хожил бол чухал биш гэдэг нь Тавантолгойн талцал, Оюутолгойн гацаанаас нэгэнтээ ойлгомжтой болсон.
Хоёр жилийн өмнөөс л үргэжилсэн өсөлт үзүүлж, өнгөрсөн гуравдугаар сард 2000 төгрөг болтлоо “халуурсан” долларын ханш дөрөвдүгээр сараас эхлэн бага, багаар уруудсаар, Оюутолгойн мэдээлэл цацагдсаны дараа огцом бууралт үзүүлж, өнөөдөр “Найман шарга” зах дээр зарагдаж байгаа нэг ам.доллар 1919 төгрөгтэй тэнцэв. Долларын ханш үргэжилэн унана гэсэн сайхан мэдээ эдийн засагт чимээлж эхэлсэн бөгөөд жилийн сүүлээр 1800 төгрөгтэй тэнцэнэ гэдэг гаргалгааг санхүүгийн салбарын шинжээчид хэлэх болжээ. Оюутолгой болон бусад сайхан мэдээнүүдийн үр дүнд дотоодын зах зээлд ийм эерэг өөрчлөлтүүд харагдаж буй бол гадаадын зах зээлээс ч ойрд сонсогдоогүй "гоё" мэдээнүүд дуулдах болсон.
Хамгийн түрүүнд гадаадын хөрөнгө оруулалтыг боомилсон хуулийг УИХ-аар баталсан арван хоёр оноос хойш байнгын уналттай байгаа Монголын компаниудын хувьцааны үнэ Оюутолгойн сургаар бага, багаар өндийж эхэлсэн тухай олон улсын биржийн мэдээллээс харчихаж болно. Цаашлаад Монголын Засгийн газрын бондын ханш өссөн. Хүү буурсан. Манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн гээд гадаад зах зээлд эерэг мессежүүд илрэх болсныг “Оюутолгой”-гоос хүртэж буй эхний “ашиг” гэж хэлж болохоор. Ерөнхийдөө тавдугаар сар Монголын эдийн засагт ивээлтэй сар байлаа гээд цөөн үгээр дүгнэчихэд болох юм.
Тавдугаар сарын 14-нд Засгийн газрын баталгаатай 500 сая долларын бондын Худалдаа хөгжлийн банк амжилттай арилжив. Бондын хүү анх 9.375 хувь байсан бол Оюутолгойн мэдээллийн дараа долоон хувь руу буурчээ. Үүнээс тавхан хоногийн дараа тавдугаар сарын 19-нд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг Дубай хотноо үзэглэсэн юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн дөрөвдүгээр сарыг “цагаан мэдээний” болгох санал гаргаж байсныг санах хүн олон бий биз. Харамсалтай нь, хаврын чуулганы өмнөх орой хэлсэн түүний үг маргааш өглөө гэхэд үнэ цэнэгүйдэж, өнгөрсөн дөрөвдүгээр сар бүхэлдээ нүүрсний солиорлоор дүүрсэн гээд хэлчихэд бодит үнэнээс хол зөрөхгүй байх. Харин тавдугаар сарын хувьд Ч.Сайханбилэг сайдын хэлсэнчлэн цагаан мэдээ ихтэй, олз омог арвинтай сар байлаа.
Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн Монгол хийсэн айлчлалын үеэр нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн гарц нээгдсэн, мөн Арабад хийсэн Ерөнхий сайдын айлчлалаар сая хонины мах экспортлох асуудлыг хэлэлцсэн, дотоодод валютын зах зээл тогтворжсон гээд тавдугаар сарын сайхан мэдээнүүдийг нэрлэж болох юм. Дээр нь хөрөнгө оруулагчдын итгэлцлийг буцааж сэргээсэн нь Монголын хувьд хамгийн чухал мессеж шүү дээ.
Б.ХОНГОР