ЦЕГ-ын дарга Р.Чингис танаа

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

ЦЕГ-ын дарга Р.Чингис танаа

Хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын “Шийдлийн цаг” уулзалтаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Манай улсад татвар төлөгчдийн хүчирхэг арми хэрэгтэй. Гэтэл баялаг бүтээгчдээ гэмт хэрэгтэн болгож байгаа нь хуулийн тогтолцоо буруу байгаагийн илрэл.

Баялаг бүтээгчдээ дарамталж биш дэмжиж хөгждөг нь эн тэргүүний зарчим” гэж хэлсэн юм. Энэ үгийг ЦЕГ-ын дарга Р.Чингис танд болон, ТЕГ-ын дарга Б.Ариунсанд Ерөнхий сайд хандаж хэлсэн байдаг.

Тэгвэл бодит байдал дээр баялаг бүтээгчид маань хууль бус үйлдэл хийгчдийн уршгаар хохирч үлдээд, одоо хаалгаа барих дээрээ тулж байна. Аж ахуйн нэгжүүд хууль сахиулагчдын дарамт дор ямар их айдас хүйдэст байгааг өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр Ч.Хүрэлбаатар гишүүн хэлсэн.

Тэрээр "Цагдаагаас 11260 аж ахуйн нэгжийг шалгасан байна. Хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн бэ гэх зэргээр санхүүгийн бүх асуудлыг нь цагдаа шалгаад явж байна. Аж ахуйн нэгжүүд айдастай байна. Татварын асуудалд нь цагдаа нар оролцчихсон. Аж ахуйн нэгж, компаниуд дээр очоод татварын байцаагч нарын өмнөөс үхтэл нь дарамтлаад явж байна” гэж хэлсэн юм.

НӨАТ-аас санаатай бөгөөд санамсаргүйгээр зайлсхийсэн асуудалд татвараа үнэнчээр төлж байгаа олон аж ахуйн нэгж хохирсоор байна.

Зохиомлоор компани үүсгэж хуурамч падаан үйлдчихээд дампуурсан нэрээр хариуцлагаас бултсан компаниудыг олж хариуцлага тооцохын оронд нийгмийн даатгал болон татвараа тогтмол төлдөг байгууллагуудыг ахин дахин шалгаж өөрсдийн дураар акт тогтоон, хүлээн зөвшөөрөхгүй байгааг нь цагдаад шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь эдгээр компаниудад ихээхэн дарамт болж байгааг Р.Чингис дарга та анхааралдаа аваасай хэмээн хүсч байна. Татварт ямар нэгэн өргүй хэрнээ хуурамч НӨАТ үйлдэгчдээс болж хохирсон ажил, үйлчилгээгээ эрхэлж байгаа компаниудыг тусад нь ялгаж салгах хэрэгтэй гэдгийг онцлон хэлье.

Чадан ядан үйл ажиллагаагаа явуулж, татвараа төлж, ажилчдынхаа цалинг чадан ядан тавьж байгаа компаниуд эхнээсээ дампуурч байна. Дампуурсан компаниудын тоо өмнөх жилийнхээс хоёр дахин их буюу 1100 гаруй компани хаалгаа барьж, 100 гаруй мянган иргэд ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Энэ байдалд татварын дарамт нэлээдгүй нэрмээс болсныг дурдах нь зүйтэй.

Ийм байдал газар авч байгаа үед эдийн засгийн хямралаас гарах тухай ярих ч хэрэггүй юм.

Татварын албаныхан НӨАТ-ийг хуурамчаар үйлдэж зохиомлоор дампуурал үүсгэж хариуцлагаас зугтан ялгүй мултарсан байгууллагуудын араас хөөцөлдөж, хохирлыг нь барагдуулж чадахгүй хэрнээ өмнө нь хийсэн улирал бүр тайлан хүлээн авч, үзэж танилцан гар хөлийн үсэг зурж баталгаажуулсан ажлаа үгүйсгэн, нөгөө л үйл ажиллагаагаа явуулан, даатгал, татвараа цаг тухайд нь төлж, НӨАТ хуурамчаар бүрдүүлэгчдээс болоод хохирчихоод байгаа байгууллагууд руу халдан дайрч, өөрсдийн дураар өндөр дүнтэй акт тавин, хүлээн зөвшөөрөхгүй бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн дарамталж, цагдаа нарыг урдаа түлхэж байгаа нь зохимжгүй.

Татварын албаныхан энэхүү хариуцлагагүй үйлдэлдээ цагдаа нарыг “нохойд барьдаг мод” адил ашиглаж, та бүхний ажилд зохиомол ачаалал үүсгэж байна. Татварын байцаагч нарын хүчээр акт, торгууль бичсэн увайгүй үйлдэлд цагдаа хүчний байгууллага нохойд барьдаг мод мэт өртөж байгаагийн жишээ болж 184 аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэхийн тулд 11000 аж ахуйн нэгжийг дарамталж шалгасан гэж нийгэм тэр чигээрээ ойлгож байна, Р.Чингис даргаа.

Татварынханы дураараа бичиж, тогтоосон акт торгуулийг та бүхэн цаг заваа алдан хөөцөлдөж, эрүүгийн хэрэг үүсгэн, тэрхүү торгуулийг төлөхийн тулд баялаг бүтээгчид дампуурлаа зарлаж байна. НӨАТ-ыг хуурамчаар бүрдүүлж, аль хэдийн ашгаа олоод, мөрөө балласан компаниудыг олж, улсыг хохиролгүй болгон, нийгмийг хөдөлгөж байгаа, ажил олгогч, татвар төлөгч, үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудаа харж үзэж, Хохироогч, Хохирогчдоо ялгаж салгаачээ гэж Р.Чингис дарга танаас хүсэж байна.

Цагдаа бол баялаг бүтээгч компаниуд, ажил олгогчдыг дарамтлан дампууруулах биш хамгаалах, аюулгүй ажиллаж амьдрах, тайван амгалан үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг нь хангах үүрэгтэй байгуулага гэж бид бодож ойлгож байгаа.

Хэрэгжих боломжгүй, хүчээр тулгасан акт торгуулийг нь буцааж, хохирогч байгуулагууд, хохироочихоод хариуцлагаас мултран ашиг ологчдыг ялгаж салган, энэхүү дарамт, дампуурал хэмээх аюулаас чөлөөлж, дахиад хэдэн мянган хүнийг ажлын байргүй болохоос сэргийлж өгөхийг Монголын баялаг бүтээгчид, монголын ажил олгогчид, компаниудын захирлууд, даатгал, татвараа төлөгч бүхэн хүсч байна.

Үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, нийгмийг хөдөлгөгч “гол баатрууд”-ынхаа төлөө санаа тавин, тэдний нуруунд үүрүүлсэн татварын энэ дарамтаас чөлөөлөхийн төлөө үр дүнтэй ажил хийж эхлүүлэхийг ажил олгогч байгууллагууд, дампуурч хаалгаа барьсан 1100 гаруй компаниуд, ажилгүй болсон 100 мянга гаруй иргэд, хэзээ мөдгүй дампуурахад бэлэн байгаа хэдэн мянган компани, ажилгүй болохоос айн түгшиж байгаа хэдэн зуун мянган ажилчид, татвар төлөгчид ЦЕГ-ын дарга Р.Чингис танаас хичээнгүйлэн хүсч байна.

Г.ЭРДЭНЭ

/төлбөртэй нийтлэв/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж