Хайран ч 305 тэрбум төгрөг

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Хайран ч 305 тэрбум төгрөг

Зуны зугаатай өдрүүдийн тү­рүүч, Эх үрсийн баярын хөл хөөр үргэлжилсэн долоо хоног дуучин Д.Болд Төрийн ордонд “Монгол поп” эгшиглүүлэн жаврыг нь үргээс­нээр өндөрлөв. Гал үндэстэн хөдөл­гөө­нийхнөөр Буянт-Ухаад угтуулсан Ерөнхийлөгч маань хүртэл замын ядар­­гаагаа тайлж амсхийсэнгүй тог­лол­тон дээр нь ирчихсэн сууж байгаа харагдсан. Анхандаа хүмүүс итгэхгүй “Төрийн ордонд уу… Болд уу… Сонгуульд нэр дэвших гэж байгаа юм уу” гэж гайхаад л.

Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдал бол мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийсэн айлчлал. Бензин шатахууны хомсдол, уран, төмөр замын асуудал гээд хурц өнцөг олонтой айлчлалын талаар манай тоймч Д.Оюунцэцэг News.mn-мэдээлж байсныг санаж буй биз ээ. Айлчлалын дараахь ажлууд ч ирэх өдрүүдэд үргэлжилнэ биз. Ерөнхийдөө нутагтаа ирэхдээ Гал үндэстэн хөдөл­­гөөнийнхны “барын базалт”-аар сүр­дүү­­­лүүлснийг эс тооцвол Ерөн­хий­лөгчийн айлчлал онц сайн, ам­жилт­­­тай гэгдэж байгаа. ОХУ-гаас шөнийн 01.00 цагт Ерөнхийлөгчийн нутагтаа газардахад нь “Гал үндэстэн” холбооныхон шартайхан угтаж, “барын базалт” үзүүлнэ гэж байсан. Шальтай ч юм болсонгүй. Хамгаалагч нар нь ч юу гэж мань эрсийг ойртуулав гэж. Ойртуулсан байлаа ч мань Ерөнхийлөгч зарим нэг дарга шиг нүүр буруулан бултахгүй, эвийг олж эвтэйхэн үг хэлээд аргалчихаа мэдэх хүн. Тэгээд ч мань эрсийн шаардлагад ганц хариу өгсөн нь Ерөнхийлөгч юм байгаа юм даа, уг нь.

Харин олны анхаарлыг татаагүй ч онцлох ёстой үйл явдал бол Сангийн сайд 2010 оны төсвийн гүйцэтгэлийг УИХ-д танилцуулсан явдал. Сангийн сайд маань төсөв ашигтай гарсныг бахархан дурдсан шалтгаан нь мэдээж зэсийн үнэ. Төсвийн орлогын гол цөм нь болсон зэсийнхээ үнийг 5800 ам.доллар гэж тусгасан ч бурхны авралаар үнэ нь 7000 даваад давхичихсан болохоор Сангийн яамныхан маадайх нь аргагүй. Анх төсөвт суулгахдаа ч гэсэн өдий дайны биш юм аа гэхэд 5800-гаас нь арай их үнэтэй байна гэдгийг хашрууд мэдэж л байсан байлгүй яахав. Цоорхой гарч гэмээнэ цойлдоход хэцүү, харин илүүдээд давсныг нь үрэхэд амархан болохоор аль болох багаар бодож төлөв­лөгөөнд суулгахаа мэдэлгүй яах вэ дээ, цаад санхүүчид чинь. 

Сангийн сайд бас иргэддээ 305 тэрбум төгрөг тараагаад байгаагаа бахар­хан зарлан тунхаглажээ. Харин үүнийг сонссон хүмүүс баярлахаасаа илүү балгалзаж тарааж байгаа мөнгийг нь сонсоод уур бухимдал нь дахин нэг хөдөлсөн байх. Мэдээж хэрэг жирийн оюун санаатай, эрүүл ухаантай хүмүүсийг хэлж байгаа хэрэг шүү дээ.  

Гэтэл Сангийн яамныхан бо­лоод улстөр­чид үүнийгээ баяр бах­далт мэдээ­лэл, тэнгэрийн хишиг, нигүүл­сэн­гүй буянтны өглөг гэж ойл­гоод байх шиг. Сар бүр 21 мянган төгрөг  зүгээр өгөхөд баярлахгүй хэн байх вэ дээ, уг нь. Гэхдээ энэ их мөнгөөр юу эсийг хийж болох байв даа гэсэн харуусал дөрвөн аргын тоо мэддэг хүн болгонд буух ёстой болов уу? Ядахдаа л хүн болгон 21 мянган төгрөгөөрөө юу хийлээ гэдгээ бас эргээд санахад нэг их илүүдэхгүй. Бодвол ходоодоор дамжаад хөрсөнд шингэсэн байгаа биз.

Зүгээр л Сангийн сайдын бахархан хэлсэн бусад тоотой харьцуулья л даа. Засгийн газраас төрийн албан хаагчдын орон сууцжуулах хөтөлбөрт  80.0 тэр­бум төгрөгийн зээл олгож. Үүгээр дөр­вөн мянган гэр бүл тохилог орон сууцтай болж амьдрал нь сайжирсан гэж үзвэл 305 тэрбумаар хэдэн хүнийг байртай болж болох байсан бэ? Та өөрөө бодно биз. Магадгүй танд ч өнөө­дөр бага хүүтэй орон сууцны зээл, эсвэл бизнесээ өргөжүүлэх зээл олдохгүй байгаа байж магадгүй. Тэг­­вэл манай эрхэм төр баригчид  бусдаас бэлэн хоол горьдолгүй, ажил хөдөлмөр эрхэлье, өөрийн чадлаараа үйлдвэрлэлээ өргөжүүлье, ажлын байр бий болгоё гэсэн жижиг дунд бизнес үйлдвэрийнхэнд 7,1 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Анхааруулахад энэ бол бэлнээр тараагаад ходоодонд шин­­гэх мөнгө биш, эргүүлэн төлөх зээл шүү дээ. Үүгээр Дорж, Дондог сумынхаа төвд жижигхэн талхны цех бариад, эсвэл ганц хоёрхон га газартаа төмс тариад, өнөөдөр хоёр гуравхан ажилтантай байгаа жижиг үйлдвэрээ өргөжүүлэх байлаа. Өнөөдөр жинхэнэ хийе, бүтээе гэсэн хүн арав хүрэхгүй сая төгрөгийн зээл авах гэж яаж зов­дог билээ. Олонхид нь олдох ч үгүй байгаа. Ингээд бодохоор энэ тэнэг эрх баригч­дыг нум сумаар харвах  ч багадам са­наг­­даад байгаа юм даа.

ТООН ХЭЛЭЭР

 

  • Монгол Улсын нэгдсэн төсөв 2010 оны гүйцэтгэлээр
  • Нийт орлогын бүрдүүлэлт 3,122.5 тэрбум төгрөг буюу 115.8 хувь,
  • нийт зарлага, санхүүжилт 3,080.7 тэрбум төгрөг буюу 97.0 хувь
  • Ашиг 41.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 0.5 хувь
  • Импорт үнийн дүнгээр 2010 онд 4,431.5 тэрбум төгрөг  буюу 2009 оны мөн үеэс 49.0 хувиар буюу 1,457.6 тэрбум төгрөгөөр өссөн.
  • Халамжийн тэтгэвэрт 27.6 тэрбум, ахмад дайчид, ахмадуудад 14.1 тэрбум, жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүдэд 16.1 тэрбум, Алдарт эхийн одонд 15.7 тэрбум, бусад тэтгэмж, дэмжлэгт 23.9 тэрбум төгрөг олгосон.   
  • Ажил, эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 31.0 тэрбум төгрөг, улаан буудайн тариалан эрхлэгчдэд 12.6 тэрбум төгрөгийн татаа солгосон.
  • Хөрөнгө оруулалт төсөл, арга хэмжээнд 473 тэрбум төгрөг

А.Алтантуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж