Монголын нисэх хүчний 90 жилийн ойд
Нийслэлийн тавдугаар хороолол гэж угсармал голдуу ижилхэн саарал байшингуудын орцны үүдэнд тоглож бужигналдах үе тэнгийн охид хөвгүүдийн дунд арай л илүү хөдөлгөөнтэй болов уу гэхээс бусдаар үл ялгарах арваад насны гозгорхон бор бандийг үеийнхэн нь “нисэх ээ, нисэх ээ!” гэж дуудна. Энэ жаал лав нисч байгаа юм шиг гүйж харайж байж л “нисэх” хочтой болсон байх гэхэд “Үгүй, нэр нь Нисэх, ангийн журналд бүр Эрдэнэчулууны Нисэхбаяр гэж бичээстэй байгаа” гэж нэг нь өгүүлнэ.
“Юманд учир суманд хачир” гэгчээр Нисэхбаяр хүүгийн нэрийн учрыг тодруулъя гэвэл одоогоос яг 30 жилийн өмнөх нэгэн домогт явдлыг дурсах хэрэгтэй болно.
* * *
Нисгэгчийн гэргий гэдэг өглөө босоод тэнгэрийн ааш харуулдаж сурсан улс. 1985 оны дөрөвдүгээр сарын 17-ны нарлаг тэр өглөө ч Цогийн эхнэр Энх-Оюун яаран босч цонхоороо хараад тэнгэр цэлмэгт сэтгэл баясч “Өвгөөн, тэнгэр сайхан байна” гэж нойрноос сэрж амжаагүй нөхрийнхөө чихэнд зөөлхөн хэлсэн энэ үг Цогийн хувьд нэг талаар өглөө бүхэн дасал болсон сэрүүлэг, хоёрт шинэ өдрийн урам зориг байлаа. Харин “урилгагүй” хүн л давхар сэрэв бололтой. Маргааш өглөө аавтайгаа цуг ниснэ гэж ам авч, алга ташуулж, бас дуу дуулж нойрссон отгон охин нь аавынхаа өндийх чимээгээр сэрчихээд нүдээ аниастай хэвээр “Аав аа, хоёул одоо ниснэ, тийм ээ” гэв.
-Тийм ээ, аавын охин том болоод ниснэ. Одоо дуугаа л дуулж бай… За байз миний охины нэр хэн билээ?
-Отгонтуул
-Хэдэн настайв?
-Хоёл… гэсэнд аав нь өөдсөн охиноо өхөөрдөн зулайг нь үнэрлээд цэрэг эрийн дадсан заншлаар орноосоо үсрэн бослоо.
Эднийх “Эрдэнэ” гэж хүүтэй, хоёр “Туул” охинтой байтал тэртээ арваад жилийн хойно гурав дахь Туул мэндэлж хүүхдийн тоо тэгширчээ. Энэ охиноор ам бүлийн тоо төдийгүй, амьдрал тэгширсэн гэж Энх-Оюун тэр өглөө нөхрөө ажилдаа явахад бодож суув. Цог Ховдын чиглэлд ниснэ, юу байхав дээ үд хэвийлгээд л ороод ирнэ. Орой Дуурийн театрт шинэ дуурь сонсох болж, эхнэр нь тасалбар авахаар тохирч үлдэв.
Буянт-Ухаад нутаг зассан хорин хэдэн жил амьдрал өөдөө, аз хийморьтой. Аз байхгүй яахав, аюулт өвчнөөр үхлийн дансанд бүртгэгдээд байсан би авралт эмч нарын ачаар одоо ингээд инээж ханиагаад явж байдаг… Өвгөн маань ч гэсэн 71 онд аянга цахилгаантай үүлтэй тулгараад ойр хавийн нь буудлууд авахгүй гэхэд зориглон эзгүй хээр осол зөрчилгүй бууж, олон хүний амь нас, улсын үнэт техникийг авч гарч шагнуулж байлаа. Цаг амархан юм даа, нөхөр маань агаарын хөлөг жолоодоод энэ жил 25 жил, цагаан онгоц бариад 20 жил болж байна. Өвгөн маань ингээд гавьяаны амралтаа эдэлнэ. Уг нь нас нь тавь ч хүрээгүй л дээ… гэж бодсоноо цаг харвал цагийн зүү долоогийн тоог хариугүй заах гэж байв.
-Хүүе, Энхтуул аа, Мөнхтуул аа, Эрдэнэ-Очир оо. Босоорой.
* * *
“Монгол-10210” таних тэмдэгтэй “АН-24” онгоц 24 зорчигч, 180 кг ачаа, 65 кг шуудан авч 13 цаг 15 минутад Ховдоос тасрав. Баатар хайрханы бэл дэх Ховдын нисэх буудал гэж сансрын буудалтай ч эндүүрч болох дэгжин барилгын омруун дороос сугаран гарч 200 гаруй жилийн түүхтэй буурал хотын дээгүр нэгэнтээ эргэлдсэнээ, Хатанбаатарын сэлэмний ирээр зүйрлэж яруу найрагт дүрслэгдсэн цавчим хадтай улаан уулсыг давмагц газрын бараа тасрав. Цэлмэг тэнгэр, цэнхэр далай өнгө хосолж сэтгэл тавирах шиг болно.
Тэнгэр сайхан, хөлөг саадгүй, нисэх багийнхны хувьд жаахан сэтгэл дунд юм нь зорчигч цөөхөн. Багийнхан цөм арав арван насны зөрүүтэй, хамгийн ах нь хөлгийн механикч жар гарч яваа, хамгийн дүү нь гэвэл холбоочин залуу, үйлчлэгч бүсгүй хоёр хорь гарч яваа, эд тэгээд урьд нь тэр болгон цуг нисч байгаагүй болохоор “цоохор” баг гэлтэй. Гэвч санаа нэг бол амь нас нэг гэдгийг илтгэх хүндхэн сорилт хэдхэн мөчийн дараа тулгарахыг нисэх багийн таван хүн яахин гадарлах билээ!
Нэг цаг хорин хором нисч Хөвсгөлийн бүсэд орж ирэхэд холбоочин Баатарсүрэн Мөрөнтэй холбоо барилаа. “Манайх хүн ихтэй, энд бууж зорчигчид авахгүй юу” гэсэн хариу сонсов. “Онгоц 5700 метрийн өндөрт нисч явна. Хэдэн хормын дараа Мөрөнд бууна. Хүндэт зорчигчид оо, бэхэлгээгээ хийгээрэй” гэж үйлчлэгч бүсгүй Туулын бяд муутайхан ч чихэнд наалдацтай эвлэгхэн хоолой зорчигчдын сонорыг мялаахуйд онгоц өндрөө сааж алгуурхан гулсаж эхлэв. Тэртээ дор уулсын холхи хөдийгөөр ус гол угалзран үзэгдэх нь онгоц Бүрэнтогтох сумын нутаг Бүгсэйн гол, Бургуулын голын заагийг өнгөрч байгааг илтгэнэ.
Нислэгийн өндөр 5000 метр… 4000… Тэгснээ 3900-д онгоцны хурд гэнэт саарч эхлэв. Юу болов? Онгоц мөстөх тохиолдолд л ингэнэ. Гэтэл тэнгэр сайхан байдаг… гэсэн гайхах эргэлзэх сэтгэл онгоцны дарга, II нисгэгч хоёрын бодлыг зэрэг эзэмдэв. Дарга, нисгэгч хоёр хөдөлгүүрийн гааз бариулыг урагш түлхтэл бүр ч санаандгүй юм болж сархийж дуугараад онгоц чимээгүй болов. Харвал онгоцны сэнсний алга урагшаа эгцэрчихсэн үзэгдэнэ. Флюгердэнэ гэдэг энэ. Аюул тулгарлаа! 3900 метрийн өндөрт хоёр хөдөлгүүр зэрэг унтарлаа. Хурдтай яваа биеийн эрч, далавчны хөндийлөх хүч хоёр л үгүйсэн бол хориод тонн жинтэй тэр нүсэр бие энэхэн мөчид тэртээ өндрөөс эрчээрээ унах аварга том бул чулуу болж хувирлаа гэсэн үг.
"Зайлшгүй аюул" гэсэн бодолтой хамт амьдралын түшиг болсон хайрт хань, цэцэг шиг хүүхдүүдийн нь царай нүдний өмнө зурсхийх зуур хайрт багш, гавьяат нисгэгч Гунгаагийн дүр тодорч “Байз, Цог чамд би юу хэллээ” гэх шиг болов. “Нисгэгч хүн ерэн есөн удаа зүгээр нислээ гэхэд зуу дахь дээрээ заавал нэг аюултай тулгарч болно. Түүнийг л сандарч тэвдэлгүй давж чадвал чи нисгэгч болж гэж өөрийгөө мэд” гэж багшийн нь хэлсэн үг тодхон санагдав.
Нисэх багийнхан ч даргынхаа зоримог санаа, тайван харц, шийдмэг царайнаас тайвшрал олж, сандарч тэвдэхийн аюулаас зайлсхийсэн байлаа. Даргын командаар онгоцны механикч Даваажав сэнсийг шингэнээр давтан флюгердэж, “Стоп-Кран”, түлшний насос, галын краныг хааж дугуйгаа буулгалаа. Дараа нь ар далавчийг аваарын системээр 38 градус буулгав. Холбоочин Батсүрэн генераторуудаа цөмийг унтрааж зөвхөн аваарын тэжээл үлдээв. Хоёрдугаар нисгэгч Чимэддорж даралт тохируулагчийг хааж, хэрэглэлүүдээ эхлэн унтрааж даргадаа туслав. Энэ завсар үйлчлэгч Туул, Ховдын нисэх техникч Мэндээ хоёр зорчигчдыг тайван байлгах бололцоотой бүхнийг хийж, бэхэлгээг нь хийлгэж, заримынхыг нь өөрсдөө хийж туслалцав. Онгоц чимээгүй, сэнс эргэхээ байсан, дугуй буулгасныг хараад зарим хүн юу болсныг гайхан эргэлзэвч олонх зорчигч ажралгүй явав.
Газар ойртон ойртож, уул толгод урсан өнгөрсөөр… Гэвч онгоц буулгах талбай алга. Хэсэгхэн холхи харагдана. Түүнийг амсуулаад газардъя гэж даргыг бодож явтал “Дарга аа, наана чинь хонь байна!” гэж Чимэддорж хэлэв. Дарга толгой дохив. “Дарга аа, нүднийхээ шилийг авчихгүй юу” гэж Чимэддоржийг хэлэхэд Цог дарга шилээ авч халаасандаа хийлээ.
Нисэх багийнхан бэхэлгээгээ засч чангаллаа. Онгоц газардлаа. Энд тэндгүй тарваганы нүх. Онгоц хэсэг гүйснээ нүх мөргөөд дэгдлээ. Дахин газардаад гүйлээ. Салхинд хөөгдсөнөөс суулгах гэсэн толгойн энгэрээс давж дахин дэгдлээ. Газардлаа. Нисгэгчийн бүхээгт дүүрэн шороо тоос манарав. Урд дугуй цөмрөөд ороод ирж… Одоо л амжиж зогсоолгүй яасан ч болохгүй, жаахан явбал жалга хад харагдана. Дарга, хоёрдугаар нисгэгч хоёр санаа нэгдэн байдгаараа хүчилж хөл жолоог жийлээ. Урд дугуйгүй элгээрээ гулссан онгоц зүүн гар тийш ерэн хэм эргэхдээ хэд хүчтэй донсолж баруун хажуугаараа элэглэн арга буюу зогсов. Нисэх багийнхан донсолгоонд урагшаа мөргөж нүүрээ жаахан шалбалсныг эс тооцвол бүх хүн зүгээр.
* * *
Онгоцны хойд хаалгаар чихцэлдэн яаран сандран гарч ирсэн хорин хэдэн хүн тэрхэн мөчид үнэндээ хорин хэдэн янз дүр төрх харуулав. Түрүүлж гарсан нэг нь тэртээ хол хурдалж явахад зарим нь учраа олохгүй онгоцоо тойроод гүйж үзэгдэнэ. Зарим нь бүр газар тэврээд хэвтсэн, настайвтар нэг авгай бүр онгоц руу харан сөхөрч суугаад учир зүггүй наманчилж харагдав. Баатарын Цог, туслах нисгэгч Чимэддорж нарыг хөгшин залуу, хөрвө нялх цөм тэврэн авч үнсч, зарим нь баярын нулимс унагаж байлаа.
Даргын царай баргар, нуруугаа үүрч онгоцоо тойрон хэд алхахдаа тамхиа л цангасан юм шиг ойр ойрхон сорно. Гарч ирж онгоцоо харсан дороо “Хайран онгоц” гэж дуу алдсан нь газар дээр гишгэсэн хойно даргын амнаас гарсан ганц үг байлаа. Тэгээд ч нисэх багийнхныг Буянт-Ухаад буцаж ирэхэд тосон уулзсан сурвалжлагчийн асуултад онгоцны дарга: “Орчин үеийн нисэх техник олон хүний амь нас аварлаа” гэж шууд хариулав.
-Олон хүн та нарт баяр хүргэж байна. Энэ халуун талархлыг та хэнтэй хуваалцах вэ гэсэн асуултад угийн үг дуу цөөнтэй тэр хүний нүд нь сэргэх шиг болж: “Амь насанд аюулгүй найдвартай хөлөг бүтээсэн Антоновын нисэх онгоцны зохион бүтээгчдийн товчоонд, тулгарсан аюулын өмнө өвдөг сөхрөөгүй нисэх багийнхаа гишүүдэд, эцэст нь манай хөлгөөр аялсан орчин үеийн соёлтой зорчигчдод талархмаар байна” гэж эрсхэн өгүүлж билээ.
Зохиогч энэ мөрүүдийг тэмдэглэж аваад сар хүлээлээ. Эцэст нь нисэх техникийн улсын байцаан шалгах газарт уригдав. Жолооч нарыг “айлгадаг” газар байдаг шиг нисгэгч нарын хар цагааныг энд ялгадаг. Эндхийн дарга Лхам гэж цэргийн гэхээсээ эмч болов уу гэмээр дөлгөөн харц, сайхан зантай дэд хурандаа “Монгол-10210” таних тэмдэгтэй “Ан-24” агаарын хөлгийн осолд тогтоосон акт” гэсэн тэвхийсэн зузаан баримт бичгийг өмнө маань авчирч тавив. “Гулсалтын хурдны үед сэнсний алганы доторх булан багасч сэнсэнд эсрэг татах хүч үүсчээ. Энэ үед хөдөлгүүрийн гааз-бариулыг түлхэхэд сэнс автоматаар флюгерт орж хөдөлгүүр унтарчээ. Ингэсний улмаас буух ямар ч боломжгүй газарт онгоц эвдэрч зогссон. Энэ бол онгоц бүрэн сүйрч болох нөхцөлд орлоо гэсэн үг. Уулын районд хоёр хөдөлгүүр зэрэг унтарсан онцгой хүнд нөхцөлд Б.Цог даргатай нисэх багийнхан самбаатай ажиллаж олон хүний амь аварчээ. Онгоцны дарга Б.Цог, багийн зарим гишүүнийг төрийн дээд шагналд уламжлах саналтай байна” гээд дэд хурандаа Д.Лхам тэргүүтэй арваад хүний гарын үсэг ярайтал өрөөстэй үзэгдэнэ. “АН-24”, “АН-25” онгоцны хөдөлгүүр зэрэг унтарсан нөхцөлд нисэх баг хэрхэн ажиллаж, яаж газардах тухай нисэх бүрэлдэхүүний сургалтын хөтөлбөрт нэмэлт оруулахыг санал болгосон тэрхүү баримт бичгийн бас нэгэн заалт ч Б.Цог даргатай нисэх багийнхны гавьяаг улам тодруулж өгөх шиг болно.
* * *
Баруун аймагт цагаан онгоц уулын царамд буусан гэнэ, дуугүй онгоц айлын тооно шүргэн алдаад хонин дунд газардаж гэх домог мэт яриа тараад сар болоогүй байхад эл аяллын 25 дахь зорчигч Улаанбаатарт ирж мэндэлж, өөрийгөө Нисэхбаяр гэж танилцуулсан нь найрууллын эхэнд бидний уулзсан арван настай сэргэлэн бор хүү болой. Жаал хүүгийн ээж тэр үед Ховд хотын II дунд сургуульд багшилж байсан Ж.Туяатай тэр нэгэн домогт аяллынх нь дараахан уулзах завшаан тохиосныг гэрчлэх мөрүүд одоо ч тэмдэглэлийн минь дэвтэрт тодхон үзэгдэнэ.
-Онгоц аюулд ороход та их айсан уу?
-Айх зав болоогүй. Нэг мэдэхэд сандалтайгаа хажуулдаад хэвтэж байх шиг санагдсан…
-Шахуу биетэй байсан таны бие тэгээд зүгээр үү?
-Зүгээр зүгээр. Зорчигчдын цайны нэг ч халуун сав хагараагүй юм чинь халуун савнаас хэврэг хүн гэж яаж байхав гээд инээж байсан тэр өдрөөс хойш яг арван жилийн дараа бид уулзаж байгаа хэрэг.
Эрдэнэчулууны Нисэхбаяр хүү энэ үед нийслэлийн 10 жилийн 31 дүгээр сургуулийн III ангид сурч байв. Эрдэнэчулуун, Туяа хоёр гурван хүүхэдтэй жаргалтай бүлийн нэгэн. Эдний амьдралд хүндтэй гавьяа байгуулсан эрэлхэг нисгэгч, одоо чөлөөнд байгаа бэлтгэл хошууч Баатарын Цогтой саяхан нисэх хүчний баярын өмнөхөн уулзаж баяр хүргэсэн гэнэ.
Тэртээх нэгэн тохиолоор алдарт нисэгчийн байгуулсан гавьяа ингэж “Монгол-10210” онгоцоор хөлөглөсөн гучаад хүн, гучаад өрхийн ам бүлийнхний сэтгэлийн гэрэлд зул болон бадарч байв. Цог нисгэгчийг бид биширдэг, онгоц эвдрэх үед авч үлдсэн хэлтэрхийг би өнөө ч хадгалж явдаг. Хүүгээ нисгэгч болбол энэ хэлтэрхийг сахиус болгож зүүж өгнө гэж Туяа бүсгүй өгүүлсэн билээ.
Хошууч Б.Цог даргатай “АН-24” онгоцонд тохиолдсон явдлыг тухайн үед “гавьяа” ч гэж нэрлээгүй, “гай” ч гэж зэмлээгүй өнгөрсөн. Харин нисэх хүчний 60 жилээр хошууч Цогийг Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнаад л олон хүний амь настай холбоотой тухайн байгуулсан гавьяа бүрхэгдээд өнгөрч билээ. Тэр ч байтугай эл явдлын тухай энэ мөрүүдийг бичигчийн чадан ядан тэрлэсэн найрууллыг тавих хэвлэл олдохгүй, гагцхүү бүхнийг шийддэг Төв хороо юу гэхийг хүлээгээд, Төв хороо нь битүүхэн цааргалаад өнгөрч байсан тэртээх он жилүүдээс хойш 30 жил улирчээ. Одоо бол юмны хар, цагаан ялгарч, цагийн салхинд бүх юм ил тод болсонд өвгөн бичээч бивээр олзуурхан тэртээ 30 жилийн өмнө тэрлэсэн бичвэрээ цүнхлэн, сонины газрын хаалга татаж яваа минь энэ билээ.
Эрэлхэг нисэгч Баатарын Цог эдүгээ нас сүүдэр дал гарсан ч цэрэг эрийн жавхаагаар эрүүл саруул, буянаа өгч өлзийгөө хайрласан Буянт-Ухаагийн буурал дэнждээ хань бүл, үр хүүхдээ тойруулан аз жаргалтай аж төрж сууна. Гурван хүү, гурван охинтой энэ айлаас салбарласан арваад өрхийн гуч шахам халуун бүлийнхэн энэ өдөр гал голомтоо тойрох нь тойрч сууцгаан гадаад далайн тэртээгээс ч охидууд нь амьдрал бэлэглэсэн ачит аав ээждээ төдийгүй агаар тэнгэрийн мандалтай амьдралаа холбосон мэргэжил нэгт андуудад нь 90 жилийн их баярыг нь хуваалцаж алаг цэцгийн баглаа илгээж байгаа нь лавтай.
Лувсандоогийн ГҮНСЭН. СГЗ