Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Сарын өмнө УИХ-аар Казиногийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Яагаад заавал хоёр казино байгуулна гэж… Нэг нь АН-ын, нөгөө нь МАН-ын казино юм уу. Төсөл чинь таалагдахгүй байна” хэмээн хэл ам хийсэн нь эцэстээ төслийн хэлэлцүүлгийг гацаанд оруулжээ. Шударга ёс эвслийн бүлгийн хувьд гурав дахь казино байгуулах тохиролцоонд хүрнэ гэж найдлага тавьж буй бололтой.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийх үеэрээ Хөшигийн хөндийг түшиглэн казино, чөлөөт бүсийг байгуулах санал гаргажээ. Ингэхдээ Дубайн нисэх онгоцны буудалд байдаг шиг тийм чөлөөт бүсийг байгуулж чадвал илүү үр ашигтай тусна гэж үзсэн байна. Үндэслэл ч бас байна, учир юу вэ гэвэл Дубайн чөлөөт бүсэд зочилох нийт жуулчдын 60-70 хувийг хятад иргэд эзэлдэг аж. Тэд “Дубай молл”-д очихын тулд 6-8 цаг нисч хүрдэг бол Хөшигийн хөндийд ирэхэд 1.30 цаг л ниснэ. Өөрөөр хэлбэл, газар зүйн байрлалын хувьд Монгол илүү дөт. Энэхүү давуу боломжоо ашиглаад Хөшигийн хөндийд “Дубай молл” байгуулчихвал өмнөд хөршөөс жуулчдыг сая, саяаар нь татна гэсэн үг. Хойд хөршийн иргэд ч визгүй болсны хэргээ гаргаж таарна.

Гол нь олон улсын жишигт хүрэхүйц казино байгуулах ёстой. “Дубай молл”-ын тухай тодотгоход, 2 сая га талбайг хамардаг байна. Түүнд дэлхийд нэр хүндтэй брэнд дэлгүүрүүд байршихаас гадна өвлийн спортоор цэнгэх боломжтой. Дубай бол халуун орон, гэсэн хэдий ч цана чаргаар гулгана. Өвлийг хүссэн жуулчид тэнд очоод хорхойгоо дардаг. Ийм орчин бүрдүүлж чадсан нь дэлхийн сая, сая жуулчдыг татахад нөлөөлдөг биз.

Одоо улс төрөө хойш тавиад казиногийн асуудлаа хурдан шийдье. Аль ч улсаас жуулчид ирэх боломжийг нь хараад Хөшигийн хөндийд чөлөөт бүсээ, казинотой нь байгуулчихъя. Япон, БНСУ, Хятад, Орос, Герман зэрэг орон руу МИАТ компани шууд нислэг үйлддэг. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор олон улсын нислэг хүлээн авах хүчин чадал өснө. Энэ боломжоо харсан ч Хөшигийн хөндийд эхний казино байгуулчихад алдах зүйл байхгүй юм биш үү.

Дэлхийд хүлээн зөвшөөрөхүйц чөлөөт бүс байгуулдаг 4-5 компани байдаг аж. Тэдний сонирхлыг татахуйц нөхцлийг тавиад үз. Алийн болгон Монгол бүх юмны адаг болж, явдаг юм.

Олон улсын жишигт хүрэхүйц чөлөөт бүсийг, казинотой цуг Хөшигийн хөндийд байгуулж чадвал жуулчдыг яаж татах вэ гэж толгой гашилгахгүй болно. Хасах үзүүлэлт заах болсон гадаадын шууд хөрөнгө оруулалт ч сэргэнэ. Энэ бол үндсэндээ бүтээн байгуулалт, мянга, мянган ажлын байр шинээр бий болно гэсэн үг. Шинэ бизнес төрнө.

Казино гэхээр дээрэм хулгай, хар тамхи гаарна гэж үздэг хуучны үзлээ халъя. Энэ бол том хөрөнгө оруулалт.

Дээр нь казиногоор дамжиж их хэмжээний валют олно. АНУ-ын Лас Вегас жилдээ 200 тэрбум ам.долларыг татвараар дамжуулж улсдаа тушааж байна. Уул уурхайгаа ашиглаж болохгүй юм бол чөлөөт бүс, казиногор дамжуулж мөнгө босгоё.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж