Сонгууль гэж уг нь нэг төрлийн сонголт л юм л даа. Нэг их толгой эргээд байх төвөгтэй зүйл биш юм. Гэвч хэрхэн яаж сонгуулиа явуулах тухай бид сүүлийн хорин хэдэн жил мэтгэлцлээ. Энэ явдал эрхгүй Крыловын ёгт үлгэрийг санагдуулах юм. Баавгай, сармагчин, ухна өөр нэг нь юу ч билээ, нохой ч байдаг бил үү, илжиг ч билүү, мартжээ, дөрвөн амьтан нийлж дагшаа хөгжмийн дөрвөл болдог. Дөрвөл хөгжимдөөд эхэлтэл хөгжмийн аялгууны оронд хачин муухай хахир дуу авиа гардаг. Яагаад аялгуу биш муухай авиа гараад байгаагийн учрыг олох гэж нилээд маргалдсаны эцэст сармагчин хөгжимчдийн байрлалаас болж байгаа тухай онол дэвшүүлэх бөгөөд дөрвөл ч түүнийг зөвшөөрөн зогсох байрлалаа солин дахин тоглодог. Цааш юу болсныг нурших хэрэггүй бизээ.
Ардчилал бол засаглалын байж болох хэлбэрүүд дотроос хамгийн яршигтай нь. Хамгийн их цаг, зав хөрөнгө мөнгө шаардсан удаан, үр ашиг муутай хэлбэр юм. Яагаад гэвэл ардчилсан байдлаар шийдвэр гаргана гэдэг нь асар хүндрэлтэй бөгөөд бөөн маргаан мэтгэлцээн, хэрүүл хараал гэсэн үг. Гэтэл олонхоороо шийдсэн шийдэл голдуу буруу байх нь олонтоо ба анхнаасаа буруу байсныг хүмүүс харин ихэвчлэн хожимдож ухаарах нь гачлантай. Хүмүүс бүгд төв талбай дээрээ цуглаж байгаад бүх асуудлаа маргаан мэтгэлцээнээр шийддэг байсан эртний грекийн ардчилсан хот улсуудад амьдарч асан Платон, Сократ нар ардчиллыг үзэж чаддаггүй байсан нь ардчиллын энэ мунхаг харалган байдалтай холбоотой гэдэг. Талбай дээр цугласан олны сэтгэлийг нарийн тооцойтой уран цэцэн үгтэн, чанга дуутай хүн ямар нэг аргаар хөдөлгөж чадах л юм бол тэднээр юу ч шийдүүлж болдгийг л тэд жигшдэг байжээ. Гэвч хүн төрөлхтөн ардчиллыг л сонгодог. Учир нь хэдий яршиг төвөгтэй урьдчилан таамаглах боломжгүй боловч зөвхөн ардчилал л хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулдаг.
Ардчилал үндсэн хоёр хэлбэрээр хэрэгжих боломжтой байдгийг бид мэднэ. Нэг нь сая цухас дурдсан ардчиллын шууд хэлбэр буюу грек ромын шууд ардчилал. Нөгөө нь монголчууд та бидний одоо энэ хэрэглэж байгаа төлөөллийн ардчилал. Орчин үед шууд ба төлөөллийн ардчиллыг нэг нэгнийхээ дутууг нөхөн нэг дор зэрэгцэн орших учиртай гэж үзэх болжээ. Аль аль нь сонгууль буюу сонголтгүйгээр хэрэгжих боломжгүй. Эхнийхэд нь хүн өөрөө шийдлүүдийн дундаас сонголт хийж шийдвэр гаргахад биеэрээ шууд оролцдог бол удаахид нь өөрийнхөө нэрийн өмнөөс шийдвэр гаргагчийг сонгож сонгогдсон этгээд сонгогчийг төлөөлөн шийдвэр гаргадаг. Ийм л ялгаатай юм. Хамгийн энгийн бөгөөд ойлгомжтой хардалт сэрдэлт багатай нь шууд ардчилал. Харин төлөөллийн ардчилал бол нилээд төвөгтэй. Хамгийн зовлонтой нь намайг төлөөлнө гэж миний саналыг авч сонгогдсон этгээд намайг биш өөрийгөө төлөөлөөд явчихдагт л хамаг учир байгаа юм.
Аливаа болохгүй бүтэхгүй зүйлийн учир шалтгааныг өөрөөсөө биш бусдаас хайдаг нь хүний төрөлх араншин юм даа. Сонгуультай холбоотой аливаа асуудлын гогцоо нь та бидний бөндгөртэй нилээд холбоотой юм. Ер нь хүмүүс бид бөндгөрөө элдвийн догмуудаар дүүргэчихсэн явах нь олонтаа. Эдгээрийн нэг нь сонгууль буюу сонголтын тухай догма юм. Жирийн л нэг ойлголтыг бусдаас онцгойруулан сонгууль гэж нэрлэхээс эхлээд энэ асуудлын эргэн тойронд нилээн будлиан бий. Гэтэл ер нь хүний амьдрал бол үргэлжийн тасралтгүй сонголт юм. Идэх хоол өмсөх хувцаснаас авахуулаад, хоолоо олж идэх арга буюу мэргэжлээ сонгох, амьдралын хань ижлээ сонгох гээд хүн бүр байнга сонголт хийж байдаг. Амьдрал сонголтоос бүрддэг гээд хэлчихвэл огт хэтийдсэн болохгүй. Сонголтондоо хариуцлагатай хандсан хүн харьцангуй зөв сонголт хийх ба амьдрал нь ч болж бүтнэ. Харин хүн бүр тийм байж чаддаггүй юм.
Улс төрийн буюу төлөөллийн ардчиллын үеийн төлөөлөгчийн сонголт ч мөн адил суурь зарчмаараа аж амьдралын бусад сонголттой яг ижил. Гэтэл бид үүнийг бусад сонголттой ижил биш гэж үзэх бөгөөд үүнийгээ ч нотлох мэт сонголт биш “сонгууль” гэж нэрлэжээ. Хамгийн гол алдаа нь төлөөлөгчийг биш харин бүхнийг мэдэгч бүхнийг чадагч даргыг сонгодог сонгууль гэж ойлгож итгэдэг бидний итгэлд байгаа юм. Захаас өөрөө сонгож авсан гутал хөлийг нь хавчсан бол өөрийгөө л зэмлэх учиртай. Түүнээс биш гутал зарсан худалдагч үүнд ямар ч хамаагүй. Сонгогчид бид бүхэн хүн бүр хувиа хичээдгийг мэдсээр байж заавал ч үгүй бусдын төлөө төрсөн тийм хүнийг л хайгаад явдаг нь хачин.
Төлөөлөгчийг сонгох сонголтыг үндсэн хоёр аргаар хийдэг бөгөөд мөн хольж хийж болно. Нэгийг нь мажоритар буюу олонхийн, нөгөөг нь пропорционал буюу хувь тэнцүүлэх арга гэж нэрлэдэг. Мажоритар аргын гол онцлог нь иргэн өөрийг нь төлөөлөх төлөөлөгчид саналаа өгч сонгох замаар парламентыг бүрдүүлдэг бол пропорционал системийн үед сонгогч намуудад саналаа өгч улмаар парламент дахь суудлыг намуудад сонгогчдоос авсан саналаар нь хуваах замаар парламентыг бүрдүүлдэг. Мажоритар системийн үед сонгогч хэн нэг хүнийг сонгодог бол пропорционал системээр та аль нэг нам, түүний дэвшүүлж байгаа хөтөлбөрт саналаа өгдөг. Эндээс харах юм бол пропорционал системийг сонгох нь зөв юм. Гэхдээ аль ч системийг авлаа гэсэн сонголт хийх иргэний хариуцлага өөрчлөгдөхгүй.
Өмнө та бидний толгойд байгаа гацааны тухай цухас дурдсан. Одоо энэ тухай нилээд дэлгэрэнгүй авч үзъе. Юуны өмнө сонгох эрхийн тухай ярилцъя. Энэ тухай бидний ойлголт нилээд бүдүүн тойм. Жишээ нь өнөөдрийг хүртэл сонгох сонгогдох эрх гэж ярьж бичсээр ирлээ. Үндсэн хуулиндаа хүртэл ч ингэж томъёолсон. Гэтэл сонгох эрх, нэр дэвших эрх гэж байхаас сонгогдох эрх, тэр тусмаа хүн бүрийн сонгогдох эрх гэж амьдрал дээр байх ямар ч боломжгүй. Сонгоно гэдэг чинь нэг ба түүнээс дээш юмсаас зөвхөн аль нэгийг сонгохыг л хэлнэ. Тийм биз дээ? Цаашилбал, сонгох эрхтэй гэдэг чинь бас сонгохгүй байх эрхтэй гэсэн үг. Энэ бүхэн магадгүй тийм ч ноцтой асуудлууд биш байж болох л юм. Гэтэл сонгох тэгш эрхийн тухай монгол ойлголт гэж нэг юм байна аа. Бүх нийтээрээ сонгуульд ижил эрхтэй оролцох явдал нь хүний түүхийн нэн шинэ үед хамаарах саяхны юм бөгөөд нийгэм, оюун санааны нилээд өндөр хөгжилтэй холбоотой юм. Саяханыг болтол ихэнх өндөр хөгжсөн ардчилсан орнуудад эмэгтэйчүүд, залуучууд/нас зааж/, бичиг үсэггүй, боловсролгүй, татвар төлөх мөнгөгүй хүмүүсийг сонгуульд оролцуулдаггүй саналыг нь авдаггүй байв. Энэ нь өөрөө сонголтын хариуцлагатай холбоотой юм. Одоо бид сонголт хэмээх ойлголтын хамгийн чухал асуудалтай нүүр туллаа. Энэ бол сонголт хийгчийн хариуцлагын тухай асуудал юм.
Хариуцлага хэмээх энэ үгийг ч тэр монгол хүн зөвхөн бусадтай л холбон ойлгодог. Бусдаас л хариуцлага тооцох тухай яриад байхаас биш би өөрөө харин юуг яаж хийсэн бэ? зөв хийсэн үү? аль эсвэл буруу хийчихэв үү? энэ тухай бодох нь юу л бол. Захаас гутал авсан тухай дээр нэгэнт дурдсан жишээг санана уу. Сонголт бол тухайн хүнд өөрт нь хамаатай маш хариуцлагатай үйлдэл юм. Хамгийн гол нь сэтгэлийн хөдлөлд биш харин эрүүл ухаанд захирагдах хэрэгтэй. Аливааг эрүүл ухаанаар шийдэхийн тулд нилээд зориг тэвчээр гаргах хэрэгтэй болдог. Ухаан нь архи уух зугаатай зүйл боловч түүнээс аль болох татгалзах ёстой. Энэ ч ялгаагүй сонголт. Зарим хүн архи уух, дотоод хүсэл тачаалдаа хөтлөгддөг бол ихэнх хүмүүс эрүүл ухаанд захирагддаг.
Хүний хамгийн том хариуцлага бол өөрийн амьдрал хувь заяаны эзэн байх явдал билээ. Чухамхүү өөрийн амьдрал хувь заяаны эзэн болж чадсан хүн л амьдралын элдэв нугачаанд сөхрөлгүй хариуцлагатай сонголтыг хийсээр зөв амьдарч зөв үхдэг. Улс төрд ч тийм хүмүүс зөв байр суурьнаас ханддаг. Харин өөрийн амьдрал хувь заяаг үүрч явахаас сайн дураар татгалзагсад л байнга хэн нэг өршөөлт эзнийг хайж явсаар хорвоог бардаг. Тэр өршөөлт эзэн нь эзэн ноён, энэрэлт нам засгийн аль нь байх нь хамаагүй. Хамгийн гол нь ийм хүмүүст өөртөө итгэх итгэл гэж юм байдаггүй. Өөртөө итгэх итгэл байхгүй бол аж амьдралын аливаа асуудлаа бусдад найдахаас өөр аргагүй.
Яг эндээс л монголын улс төрийн системийн ажиллах механизм илрэн гарч ирдэг. Монгол сонгогч өөрт нь тохиолдоод байгаа аж амьдралын аливаа асуудал бэрхшээлийг нь бүхлээр нь хамгийн гол нь өөрөөс нь ямар нэг үнэ төлбөр авалгүйгээр шийдэж чадах тэр агуу хүнийг эрж хайдаг. Эрэлт байгаа газарт нийлүүлэлт хийгддэг зах зээлийн хууль байна. Хүмүүс хэн нэг аврагч, өршөөл энэрэл үзүүлэгч, ивээн тэтгэгчийг хайгаад эхлэхээр тийм өршөөл энэрэлийг үзүүлэгч, авран хамгаалагч, ивээн тэтгэгчийнх нь дүрд тоглох “жүжигчид” хар аяндаа хэдэн арав зуугаараа гараад ирнэ. Том том жип унаж олон бараа бологч дагуулсан, монгол дээлэн дээр ковбой малгай өмсөн том том алт мөнгөн тоногтой суран бүсээр гоёсон аргагүй л энэ улс орны эцэг нь баймаар тарган цатгалан сайхан эрчүүд гэнэт хаанаас гараад ирдэгийг гайхаад байх юмгүй. Тэд ухвар мөчид олонхийн хүсч байгааг л санал болгоно. Тэднийхээр бол төр засаг хэмээх нь саналаа өгсөн ард олонд хүсч байгаа бүхнийг нь үнэ төлбөргүйгээр түгээн тараадаг газар. Ард олон зөвхөн төр засгийг тийм болгож чадах тэр хүмүүсийг л сонговол болох нь тэр. Энэ бол тэднийхээр улс төр хэмээх үйл явцын үндсэн үүрэг. Төр засагт гарахаараа ямар өгөөмөр байж чадахаа нотлохын тулд сонгуулиар мөнгө төгрөг, гурил будаа, торго дурдан, чихэр боов түгээнэ. Гарсаныхаа дараа дахиад л улирмаар санагддаг болчихдог тул ард түмний өөрийнх нь мөнгөөр өөрсдийг нь худалдан авах улаан цайм луйвар шатлан өргөжнө. Ийнхүү монгол сонгууль монголдоо хамгийн ашигтай бизнес болох үүд нээгдэж байгаа юм.
Дашрамд дурьдахад бид нийгмийн ёс суртахууны систем/дэглэм/-ийн талаар огт анхаарахгүй байна. Уг нь ёс суртахууны систем/дэглэм/ гэдэг нь өөрт нь заяагдсан эрх, эрх чөлөөгөө олж авах, хадгалахаар зорин тэмцэж буй хэнд ч болов нийтээрээ дэмжлэг үзүүлнэ гэсэн үг ажээ. Олон нийтийн эрүүл саруул үнэлэмж бий болох нөхцөл хангагдсан байж нийтийн дэмжлэг бий болох эсэх нь шалтгаална.
Ёс суртахууны үнэлэмжээр бол хуурамч хоосон дүр үзүүлэх, худлаа ярих нь зохисгүй. Худлаа ярьдаг, хоосон амладаг, хууран мэхэлдэг, хараан зүхдэг, хулхиддаг хүмүүстэй юуны түрүүнд ёс суртахууны хариуцлага тооцдог нийгэм л эрх чөлөөг жинхэнэ утгаар хэрэгжүүлэх боломжтой байдаг ажээ.
“Ажиллагаатай ардчилал”-тай улсад бол хүмүүсийг төлөөлж, хүмүүст үйлчлэх үүргийг өөртөө сайн дураараа хүлээсэн улс төрчид нь нийгмийн төлөөллийн хувьд нийгмийнхээ ёс суртахууны үнэлэмжийг бий болгох, даган мөрдүүлэхэд чухал үүрэгтэй байдаг. Ёс суртахууны хариуцлагаа хүлээж албан тушаалаасаа огцордог жишээ хөгжингүй орнуудад байдаг нь үүнтэй холбоотой юм.
Өөрийн биеэ авч яваа байдал, амьдралын хэвшил, буруу зуршил, хэлсэн үг яриа ба үйлдлээрээ нийгэмтэй харьцаж байгаа улс төрчид ёс суртахууны хариуцлага хүлээдэг байх тогтолцоог бүрдүүлэх нь нийгмийн үүрэг. Нийгэм буюу хүмүүсийн нэгдэл нь энэ үүргээ ёс суртахууны шахалт, дарамт үзүүлэх замаар бүрдүүлэх учиртай
Тэгэхлээр бид яах вэ? Бусад улс орнууд яадаг юм бол. Хөгжимчид нь байраа зөв эзэлсэн тул сайн хөгжимдөөд байна уу? Эсвэл хөгжимдөх ур чадварт нь байгаа юм болов уу? Байраа зөв эзлэх хэрэгтэй нь хэрэгтэй л байх. Хамгийн гол нь хөгжимдөх ур чадвар л хамгаас чухал гэдгийг бид хэзээ нэг ойлгох юм болдоо.
Хэргийн гол нь сонгуулийн системдээ биш харин улс төрийн системдээ байгаа байх нь. Улс төрийг зөв ойлгож улс төрд зөв оролцож сурахаас бүх юм эхлэх учиртай байх нь ээ. Улс төрийг зөв ойлгож зөв оролцоно гэдэг нь хүн бүр өөрийн амьдрал хувь заяаг өөрөө хариуцахаас эхэлнэ. Төр засаг, дарга, удирдагчдыг шахаж шаардахаас гадна өөрийнхөө хийх ёстой, хийж чадахыг өөрөө л хийх хэрэгтэй гэсэн үг. Өөрөө хийх ёстой, хийж чадах юм гэж чухам яг юуг хэлж байгаа юм бэ? Юуны өмнө хорвоо ертөнц, амьдрал, хүний нийгмийн тухай зөв үзэл бодлыг өөртөө төлөвшүүлнэ гэсэн үг. Залхуурал, ялангуяа оюун санааны залхуурал, мунхагийн харанхуйгаас зайлж гэгээрэл, сэхээрэл, хичээл зүтгэл, хөдөлмөр, бүтээлч хамгийн гол нь эрх чөлөөт амьдралыг сонгоно гэсэн үг. Ингэж чадвал маш олон юм хэнээр ч хэлүүлж тайлбарлуулалтгүй өөрөө тодорхой болно. Энэ бол хүнд хүчир хэцүү зам. Гагцхүү хүнд хүчрээс бэрхшээлгүй энэ замыг сонгосон хүмүүс, үндэстнүүд хөгжиж дэвшдэг, оршихуй нь баталгаатай болдог. Харин тэгж чадаагүй нь ядуурдаг, хоцрогддог, бүр үрэгдэж гээгддэг, сөнөдөг. Энэ бол хатуу болов ч хорвоогийн зайлшгүй жам ёс.
Сонгууль буюу минийхээр бол сонголт гэдэгтээ эргэн орцгооё. Орчин үеийн нийгэм, улс төр, төр засгийн тухай хоцрогдсон бодол санаа хүмүүсийн сонголт хийх үйл явцад хэрхэн нөлөөлж байгааг дээр дурдсанаас бид харлаа. Ардчиллыг олон жил хөгжүүлж чадсан эдийн засаг нийгэм оюун санааны хөгжлөөрөө тэргүүлж байгаа орнуудын сонгогчид нь сонгуульд оролцохдоо өөрөөсөө “илүү” “дээр” “сайн” “шалгарсан” хүмүүсийг биш харин өөртэйгөө ижил хүмүүсийг хайн олж саналаа өгдөг. Учир нь тэд өөрийг нь дараа харж үзэх, амьдрал ахуйг нь өөд нь татах дарга нарыг биш харин өөрийг нь төлөөлөн шийдвэр гаргалцах хүнийг л сонгож байгаагаа ойлгож ухамсарлаж байгаагаас тэр. Манайхан даргаа сонгодог бол тэд хамтрагчаа сонгодог. Ялгаа нь энд л байгаа юм. Сонгуулийн систем чухал аа. Гэхдээ сонгогчийн төлөв байдал гэдэг түүнээс илүү чухал юм байна гэдэг нь эндээс ойлгогдож байгаа байхаа.
Бид өнөөдөр сонгуулийн системээ шинэчлэх асуудлаар ид маргалдаж байна. Улс төрд зүтгэж яваа хүний хувьд өөрийн бодол санааг нэмэрлэн энэ маргаанд оролцохыг хүсч байна. Сонгууль нь намуудын хоорондын өрсөлдөөний үндсэн талбар билээ. Ардчилсан намын хувьд 50 пропорционал, 26 мажоритар холимог хувилбарыг дэмжиж байгаа. Судалгаануудаас үзэхэд олон түмний хандлага ч ийм байна. Гэтэл эрх баригч МАН- ын зүгээс өдийг хүртэл тогтсон бодлогогүй нөгөө л байдгаараа явж байна. Хэрвээ МАН нь улс төрийн нам л юм бол энэ чухал асуудлаар улс төрийн шийдвэрээ яаралтай гаргах цаг нь нэгэнт болжээ. Тийм биз дээ таминь ээ.
Сонгуулийн пропорционал систем нь даргыг биш хамтрагчаа сонгодог болоход нь монголчуудад тус болно гэж итгэж байгаа учраас би сонгуулийн пропорционал системийг дэмждэг. Сонгуулийн систем бол нийгмийн харилцааны, ялангуяа улс төрийн системийн хамгийн гол суурь асуудлуудын нэг. Сонгуулийн систем нь тухайн улс үндэстний нийгмийн хөгжил, эдийн засаг, уламжлалт харилцаатай шууд хамаатай байдаг. Сонгуулийн зөв систем нь зөв улс төр, нийгмийн зөв харилцааны суурийг бүрдүүлдэг. Өөрсдийн амьдарч буй өнөөгийн энэ нийгмийг бид нээлттэй нийгэм гэж нэрлэдэг. Учир нь хүн бүр өөр өөрийн ашиг сонирхолын үүднээс нийгмийн бүхий л харилцаанд чөлөөтэй оролцох боломж нээлттэй байдаг учраас тэгж нэрийддэг юм. Өөрөөр хэлбэл нийгмийн харилцааны тулгуур хүчин зүйл нь социализмын үеийнх шиг дан ганц нийтийн ашиг сонирхол биш харин нийтийн ашиг сонирхол ба хувь хүмүүсийн ашиг сонирхолын тэнцвэрт байдал юм.
Тэгэхлээр хувийн ашиг сонирхолд тулгуурласан улс төрийн оролцоо гэж юуг хэлээд байгаа юм бэ? Хувийн ашиг сонирхолд тулгуурласан нийгмийн харилцаа чухам яаж, ямар механизмаар дамжин бодит зүйл болж бүрэлддэг юм бэ гэсэн асуудлууд босч ирдэг. Сонгуулийн системийн сонголтод эдгээр асуудлууд түлхүүр үүрэгтэй юм.
Нээлттэй нийгмийн нийгмийн харилцааны ерөнхий бүдүүвчийг дараахь байдлаар илэрхийлж болох юм. Үүнд:
- Бие даан бусдаас үл хамааран орших хувийн ашиг сонирхол, Ижил төстэй ашиг сонирхолоороо нэгдсэн сонирхолын бүлгүүд,
- Зөвхөн өөрийн ашиг сонирхолыг гол болгон нийгмийн харилцаанд оролцох бүлгүүдийн ашиг сонирхолыг харгалзан нийгэм, улс төр, зохион байгуулалт, эдийн засаг, хөгжлийн тэнцвэржсэн иж бүрэн бодлого санал болгож чадах улс төрийн нам,
Нэгэнт сонгосон бодлогыг оновчтой, үр дүнтэй, хурдан шуурхай хэрэгжүүлж чадах Засгийн газар
Хамгийн гол нь өөрийн ашиг сонирхолыг зөв тодорхойлж түүнийгээ ардчилсан нээлттэй нийгэмд хэрхэн яаж үр ашигтай хангаж болох вэ гэдгийг зөв ухамсарлаж ойлгосон сонгогч л эцсийн эцэст энэ схем ажиллаж чадах эсэхийн баталгаа нь болно. Дээр дурдагдсан бүтцийн элемент тус бүр тус тусдаа өөр өөрийн үүргийг сайн гүйцэтгэж байж сая улс төрийн систем бүхэлдээ зөв ажилладаг. Ялангуяа пропорционал сонгуулийн системийн үед энэ шаардлага онцгой чухал болно. Пропорционал сонгуулийн системийн хамгийн төвөгтэй тал нь энэ юм. Засгийн газар иргэдийнхээ нийгэм улс төрийн боловсролыг байнга сайжруулж, иргэд нь нийгэм улс төрийн амьдралд байнга идэвхитэй оролцдог байхаас гадна улс төрийн намууд онцгой үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй болдог. Ялангуяа ямар ч үнээр хамаагүй засгийн эрхэнд гарах, улс төрийн тавцан дээр дангаар ноёрхох эрмэлзлэлээсээ зарим нам ухамсартайгаар татгалзах ёстой.
Монголчууд бид эрт дээр үеэс “Хүний эрхэнд жаргахаар, өөрий эрхээр зов” хэмээн үздэг харьцангуй бие даасан сэтгэлгээтэй явж ирсэн нүүдэлчин ард түмэн. Гэхдээ монголчуудын оюун ухаанд төрийг шүтэх үзэл санаа нэвт шингэсэн байдаг. Төр нь нүүдэлчдийг зохион байгуулж аян дайн хийж асар их эд баялгийг түгээн тараадаг байснаас тэнгэрийн хишиг, төрийн хишиг, хааны хишиг хэмээн хүртэхдээ төрийг бурханчлан шүтдэг байжээ. Мөн үүнд шашин суртахууны нөлөө ч их байв. Нүүдэлчдийн менталитеттай монголчуудыг коммунист туршилтын он жилүүдэд нийгмийн амьдралын бүхий л асуудлыг нь нам засгаас шийдэх гэсэн системтэй оролдлогуудын улмаас бидний хэлж заншиснаар “бэлэнчлэх сэтгэлгээ”- тэй бүхнийг төр буюу хэн нэгэн шийдэх ёстой гэсэн ойлголттой хэдэн үеийг бий болгожээ. Энэ инерц одоо болтол бидний сэтгэхүйд амь бөхтэй зууралдсаар байна. Хэн нэгнээр амьдрал ахуйн асуудлаа шийдүүлэх гэсэн олон түмний ухвар мөчид хүсэл, ямарч үнээр хамаагүй засгийн эрхэнд гарах гэсэн улс төрчид ба улс төрийн намуудын увайгүй сонирхол нийлэхээрээ авилга ялзрал “ургаж цэцэглэх” шимт хөрс болдог. Эрх мэдэл арилжааны гол объект болчихоод байгаагийн нийгмийн шалтгааныг эндээс эрж хайх хэрэгтэй. Улс төрийн намуудын нийгмийн хариуцлагыг сайжруулах гарцаагүй шаардлагыг бий болгодогоороо пропорционал сонгуулийн систем онцгой байр эзэлнэ.
Энэ байдлыг хангахын тулд намын бүлэг байгуулах хэмжээний санал авах шаардлагатай. Өөрөөр хэлбэл 50 пропорционал суудлын 8 буюу нийт сонгогчдын 16 хувийн санал авсан нам парламентид орж байхаар босго тавих нь зүйтэй юм. Сонгогсдын 16 хувийн санал авна гэдэг нь улс төрийн бодитой хүчин гэдгийг нотлох бөгөөд парламентад ч улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно.
Монголын нийгэм, монголын ардчилал шинэ сонголтын өмнө тулж ирээд байна. Энэ бол зөвхөн сонгуулийн системийн сонголт биш улс орны цаашдын хувь заяаг тодорхойлох улс төрийн бодлогын сонголт болно. Аливаа ардчилал жирийн хүний амьдралын сайн сайхнаар баталгаажиж байж л сая утга учиртай болдог. Жирийн хүмүүс аж амьдралынхаа асуудлыг шийдэж чадахгүй бэрхшээлийн өмнө өвдөг сөхөрсөн бол ардчилал, эрх чөлөө хэмээх нь зөвхөн сайхан уриа лоозон л болж хувирдаг. Өнөөдөр манай орны олон зуун мянган иргэн ядуу зүдүү амьдарч аяганы хийц нь даржин байна. Гагцхүү тэр хүмүүсийн амьдралд, ардчилалд, эрх чөлөөнд итгэх итгэл л нийгэм улс төрийн тогтвортой байдлын баталгаа нь болж байна. Гэвч энэ итгэл хэр удаан тэсэх вэ? Хүмүүс хэзээ болтол ардчилал шударга ёс хөгжил дэвшлийг хүлээх вэ? Энэ бол улс төрд оролцож байгаа, өөрийгөө улс төрч гэж нэрлэж байгаа хүн бүрийн өөрөө өөртөө чин сэтгэлээсээ шударгаар хариулбал зохих асуултууд юм.
Манай орны гадаад нөхцөл байдал улс орны маань тусгаар тогтнол бие даасан байдалд нэн тааламжгүй байна. Ийм тохиолдолд монголчууд бидэнд улс орныхоо тусгаар тогтнолыг сахин хамгаалахын тулд нийгмээ улам ардчилж, улам нээлттэй болгож шударга ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч байна. Манай орон хэдий чинээ ардчилсан, хүний эрх чөлөөг хэдий чинээ баталгаажуулсан, олон улсын тавцанд хийдий чинээ нэр хүндтэй байна гаднаас өнгөлзөх өнгөлзлөг тэр хэмжээгээр бага байна. Сонгуулийн системээ зөв болгож хамгийн гол нь түүнийгээ он удаан тогтвортой хадгалж улам бүр боловсронгуй болгох нь энэ асуудлын нэгээхэн хэсэг нь болно.
Хамгийн чухал юм бол аливаад эрүүл ухаанаар хандах явдал билээ. Эрүүл ухаан газар бүр ялах болтугай.