МАН-ын шинэ байр энэ долдугаар сард ашиглалтад орж, тууз хайчлахаар төлөвлөж байгаа ч Эрээн, Зам-Үүдийн боомтод ачаа бараа саатсаны улмаас товлосон хугацаанд амжихааргүй төлөвтэй болжээ. Тэгвэл АН-ын босгох Ардчиллын ордон сууриа ч тавиагүй байх бөгөөд хотын төвийн чухал объектүүдэд цахилгаан дамжуулах дэд станцыг нүүлгэн шилжүүлэхээс нааш барилгын ажил эхлэх боломжгүйд хүрчээ.
Саяхан барилгын ажил гүйцэтгэх гадаадын нөхдүүд ирж Ардчиллын ордны зураг төсөлтэй танилцах явцдаа ЦДП-г өөр газарт нүүлгэх боломжийн талаар асуудал хөндсөн байна. Төрийн ордон болоод талбай тойрсон томоохон байгууламжуудыг цахилгаанаар хангаж буй дэд станцыг зайлуулахгүйгээр Ардчилсан намын хуучин туурин дээр дахин шинэ барилга барих боломжгүй аж. Барилгын хүнд даацын машин техник, өргөгч цамхаг зэргийг барилгын талбай руу оруулах бүх бололцоог хааж буй ЦДП-г хааш нь нүүлгэн шилжүүлэх вэ, ингэх зөвшөөрлийг хэн хэзээ өгөх вэ, зөвшөөрөл олдлоо гэхэд хэрхэн яаж гээд олон асуудал Ардчилсан намынхныг эргүүлдэж байгаа бололтой. Гадаадын мэргэжилтнүүдийн хувьд дахин нэг зориулалтын байшин бариад дэд станцыг нүүлгэн шилүүлжихэд уг нь ядах юмгүй гэж үзжээ. Гэхдээ өнөөхөндөө Ардчиллын ордон ч үгүй, ахиад барьсан ЦДП ч үгүй л байна. Ингэхэд энэ бүхнийг шийдэх төсөв хөрөнгө нь бүрдсэн эсэх ч эргэлзээтэй. Ардчиллын цайз нь Ардчилсан нам гэж итгэдэг олон хүн нийт 80-аад сая төгрөгийн хандив өргөсөн ч шаардлагатай хөрөнгийг аж ахуйн аргаар босгоно гэж тус намын генсек мэдэгдэж байсан билээ. Өөрөөр хэлбэл, хотын төв дэх 20 гаруй давхар Ардчиллын ордныг оффис, үйлчилгээний зориулалтаар худалдах, түрээслэх замаар зардлыг босгоно гэж тооцоолж буй юм.
Саяхныг хүртэл СТӨ, Дуурь, бүжгийн эрдмийн театрыг холбосон шилэн хүзүүвчийг түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн Ардчилсан намтай жишвэл МАН гарааны өөр нөхцөлөөс бүхнийг эхэлсэн билээ. Ерээд жил улс орны төрийн болоод санхүүгийн эрх мэдлийг атгаж байсан МАН-д юм бүхэн байсан. Долдугаар сарын 1-ний үймээнд намын байраа түймэрдүүлсэн МАН “хохирогч” болж, улсын төсвөөс найман тэрбум төгрөгийг шийдүүлж авснаар өнөөдөр 14 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгаар тогтнолын ордныг барьж байна. Бас энэ ажилдаа зориулан банкны зээл авснаа тус намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх мэдэгдэж байсан удаатай. Юутай ч тэдний ажил амжилттай урагшилж, Тусгаар тогтнолын ордныхоо туузыг хайчлах дөхлөө.
Хорьдугаар зууны бүх ололт, тусгаар тогтнолын хүртэл өмчлөх болсон МАН шинэ барилгаа ирэх долдугаар сарын 1-нд нээж тууз хайчилна гэсэн яриа тархаад амжсан ч үгүй бололтой. Арай ч тэгж тэнэглэхгүй байлгүй дээ, ямар дахиад нэг долдугаар сарын 1-нийг ёрлосон биш. Дахиад шатаалгадаг юм байгаа биз дээ. Харин долдугаар сарын 11-нд улс хувьсгалын ойгоор байраа нээх нь үнэн болов уу…