“Улаанбаатар” дэд станц. 2015.05.25
Улиастай дахь 110 киловаттын цахилгаан дамжуулагч “Улаанбаатар” дэд станцад өчигдөр /V.24/ өглөөний 08.52 цагийн орчимд богино залгааны аваар буюу гэмтэл гарч, оч үсрэн, давхар станц тойрсон өвс шатсан байна. Онцгой байдлынхан эл дуудлагын дагуу ослын газарт 09.05 цагт очиж, галыг унтраажээ.
Дамжуулагч станцад гарсан энэ гэмтэл III, IV цахилгаан станцын шугаманд хүчдэлийн савалт үүсгэж, нийслэл даяар цахилгаан тасрахад нөлөөлсөн гэх мэдээллийг албаныхан өгч байна. Үүний улмаас өчигдөр хот даяар 30 минутын турш цахилгаангүй байсан бол зарим газарт өдөржин цахилгаангүй өнжсөн юм.
Ийм тохиолдол сүүлийн 20 жилд гарч байгаагүй. XXI зуунд хотоороо харанхуйд автчихгүйн тулд өчигдрөөс эхлэн ОХУ-аас 180-200 мвт-ын хүчин чадалтай хэрэглээний эрчим хүчийг нэг киловаттыг нь 165 төгрөгөөр худалдан авч, тасалдсан эрчим хүчийг хэсэгчлэн нөхсөн байна. Нэг ёсондоо 480 мвт-ын хүчин чадалтай эрчим хүчний хэрэглээг 350 мвт болгон бууруулж, хэрэглэгчдэд дамжуулжээ.
Бид энэ талаар лавлахад, Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас бусдад нь цахилгааны хязгаарлалт хийсэн гэдгийг салбарын яамныхан нь мэдээллээ.
Нийслэл даяар цахилгаан тасрах үед замын хөдөлгөөн зохицуулагч 109 гэрлэн дохио унтарч, ажиллагаагүй болсон байгаа. Учир нь манай улсад ашиглаж буй замын гэрлэн дохионууд цахилгаанаас өөр эх үүсвэрээр ажиллах боломжгүй юм.
Энэ мэтчилэн эрчим хүч тасалдсаны улмаас улсад хичнээн төгрөгийн хохирол учирсан нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч хүмүүсийн амь насыг хутганы ирэн дээр аваачихгүйн тулд эмнэлгүүдийн цахилгааныг хязгаарлаагүй, хэвийн байлгаж чадсан гэнэ.
Одоогийн байдлаар эрчим хүч дамжуулалт хэвийн байгаа хэдий ч Улиастай дахь дэд станцад гарсан гэмтлийг засварлаж дуусаагүй байгаа юм.
Зарим эх сурвалжуудын хэлснээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн Гүйцэтгэх захирал Ж.Равдандоржийг энэ ослын өмнөхөн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна.
Д.УЛАМБАЯР