БНСУ-ын зээлийг эмнэлгүүдэд зориулна

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

БНСУ-ын зээлийг эмнэлгүүдэд зориулна

Баасан гаригийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжиллээ. Ерөнхий сайд энэ өдөр мал аж ахуйн салбарыг дэмжих асуудлаар сүүлийн хоёр жилд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.
Монгол Улс 2010 оны жилийн эцсийн байдлаар 32.7 сая малтай, 160,0 мянган малчин өрхтэй  байна гэсэн дүн мэдээ гарчээ. Өнгөрсөн онд хөдөө аж ахуйн салбараас 493.7 сая литр сүү, 264,4 мянган тонн мах, 12,7 сая ширхэг арьс шир, хонины ноос 22,4 мянган тонн, ноолуур 6,4 мянган тонн тус тус бэлтгэсэн нь энэ салбар цаашид өргөжин тэлэх бүрэн боломжтой. Алт, зэс зэрэг байгалийн баялаг нэг ашиглаад нөөц нь барагдах бол мал аж ахуйн салбар тасралтгүй өсөн нэмэгдэж байдгаараа онцлог хэмээн Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэн хэлсэн.

Дэлхийн уур амьсгал, байгаль экологийн өөрчлөлтийн улмаас бэлчээрийн доройтол, цөлжилт ихэсч, ган, зудын давтамж ойртох болсон. Тиймээс байгалиас шууд хараат бэлчээрийн мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож, зах зээлийн чиг хандлагатай уялдуулах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс хөдөө аж ахуйн салбарын бодлого, үйл ажиллагааг оновчтой болгон эрчимжүүлэх, зарим арга хэмжээг шинээр төлөвлөн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх үедээ онцоллоо. Харин УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Монгол Улс бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалан үлдэх нь дээр. Нийт бэлчээрийн талбай 126 сая га газар байсан бол өдгөө 113 сая га болж буурчээ. Тиймээс бэлчээрээ усжуулах, жилд 1000-аас доошгүй худаг гаргах хэрэгтэй” гэлээ. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хөдөө аж ахуйн хоршоолол байгуулахдаа 1990 оноос өмнөх байдлаар байгуулалгүй, шат дамжлага аргачлал нь боловсронгуй байх хэрэгтэйг сануулсан. ХХААХҮЯ-ны албан хаагчдын зүгээс энэ талаар бодолцож ажиллаж байгаа, гишүүний санааг ажилдаа тусгана хэмээн салбарын сайд Т.Бадамжунай хэлсэн.

Мөн хөдөө орон нутагт газар тариаланг дэмжих үүднээс бага оврын трактороор хангах, малчдын банкны зээлийг төр хариуцаж чөлөөлөх бус эх орны хувь хишгээс бага багаар төлүүлэх тухайд хэрхэн ажиллаж байгаа талаар гишүүд асуусан. Ерөнхий сайд хэлэхдээ “Малчдын банкны зээлийг Хүний хөгжлийн сангийн хуультай уялдуулах тооцоо судалгааг Засгийн газрын төвшинд хийж байна. Ойрын хугацаанд асуудлыг УИХ-д танилцуулна. Жижиг оврын тракторыг гадны зээл тусламжийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна. Хятад улстай байгуулж байгаа 500 сая ам.долларын зээлийн бодлогын хүрээнд мал аж ахуйн салбарыг үйлдвэржүүлэх хүрээнд зарцуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд малчид, тариаланчдыг бага оврын 8000 трактороор хангах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэв.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бэлчээрийн тухай хуулийг УИХ хэлэлцэж батлах хэрэгтэй гэсэн ч, нөгөөтэйгүүр малчдын эрүүл мэндэд анхаарал хандуулахгүй бол хорт хавдраар өвчлөгсдийн 57 хувийг хөдөөгийн иргэд эзлэх болсныг анхаарууллаа. Хөдөөд эмнэлгийн үзлэг оношлогоо, эмчилгээ муу байдгаас улбаалан өвчилсөн хүмүүс голдуу өвчин нь хүндэрч эцсийн шатандаа орсон байдаг. Тиймээс БНСУ-аас авах зээлийг орон нутгийн эрүүл мэндийн салбарт зарцуулахаар Засгийн газар ажиллаж байгаа аж. Мөн малыг эрүүлжүүлэх, малын түүхий эдийг дэлхийн стандартад хүргэх, иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангах зорилгоор малыг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Чуулганы төгсгөлд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх болсон тул хуралдааныг хаалттай үргэлжлүүлж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлжээ.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж