Л.Болдын санал бүс нутгийн хэмжээнд дэмжигдлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Л.Болдын санал бүс нутгийн хэмжээнд дэмжигдлээ

Олон улсын аюулгүй байдлын судалгааны хүрээлэн /IISS/, Сингапурын Засгийн газар хамтран 10 дахь удаагаа зохион байгуулж буй Азийн аюулгүй байдлын дээд хэмжээний чуулга уулзалт энэ сарын 3-5 өдрүүдэд Сингапурт болж өнгөрлөө. Азийн аюулгүй байдлын чуулга уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, Сингапур улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Н.Тулга, Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат нар албан ёсны төлөөлөгчөөр оролцсон юм. Мөн Олон улсын аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн урилгаар Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг оролцсон байна.

Тус чуулганы үеэр Л.Болд бүс нутгийн хэмжээнд нийтийг хамарсан гамшиг, ослын үед хамтран ажиллах аюулгүй байдлын механизм бий болгох санаачилга гаргасныг чуулганд оролцогсод дэмжихээ илэрхийллээ. Мөн тэрбээр БНХАУ, Вьетнам, Сингапур, Тайландын Батлан хамгаалахын сайд Лян Гуанли, Фунг Куанг Тан, Нг Энг Хен, Правит Вонгсувон, түүнчлэн АНУ-ын Ази Номхон далайн аюулгүй байдал эрхэлсэн дэд сайдын орлогч М.Шиффертэй хоёр талын уулзалтууд хийж батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар харилцан ярилцав.

Нисэх хүчний “Авиэшн вийк” сэтгүүлийн хүсэлтээр сайд Л.Болд зэвсэгт хүчний шинэчлэл, ялангуяа агаар цэргийн цаашдын хөгжлийн үндсэн чиглэлийн талаар ярилцлага өгсөн байна.

Азийн аюулгүй байдлын дээд хэмжээний чуулганы хуралдаанд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс “Ази-Номхон далайн аюулгүй байдалд тулгарч буй сорилтууд” гэсэн сэдвээр үндсэн илтгэл тавьсан бол “Ази дахь цэргийн шинэ номлол ба чадавхи” сэдвээр Япон, Индонези, Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Тошими Китазава, Пурномо Юсгианторо, Паллам Ражу нар, “Азийн хүчний харьцааны шинэ хуваарилалт, түүний нөлөө” сэдвээр Өмнөд Солонгос, Австрали, Их Британий Батлан хамгаалахын сайд Ким Кван Жин, Стефен Смит, Лиам Фокс нар тус тус илтгэл тавьж, байр сууриа илэрхийллээ. Мөн хуралдаанаар батлан хамгаалахын төсөв хүрэлцээтэй эсэх, Афганистанд тулгарч буй сорилт, бүс нутгийн аюулгүй байдал, газар нутгийн маргаан, Ази-Номхон далайн бүсийн цөмийн зэвсгийн асуудал, Зэвсэгт хүчин ба үндэстэн дамнасан аюулгүй байдлын сорилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх боломж, арга замын талаар зөвлөлдлөө. Түүнчлэн БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд генерал Лян Гуанли Хятадын батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний шинэчлэл хөгжлийн талаар илтгэсэн бөгөөд чуулганд оролцогсод түүнд олон асуулт тавьж байлаа. Энэ нь Хятадын цэргийн өсөн нэмэгдэж буй хүчин чадал Азийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн нөлөөтэй болсон, Азийн бусад улсууд Хятадын байр суурийг анхааралтай судалж байгааг харуулсан хэрэг боллоо. Мөн хуралдаанд “Далайн аюулгүй байдлын шинэ аюул занал” сэдвээр Малайзи, Вьетнам, Филиппиний Батлан хамгаалахын сайд нар, “Стратегийн итгэлцлийг бэхжүүлэх нь” сэдвээр ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Сергей Иванов, Сингапурын Батлан хамгаалахын сайд Нг Енг Хен илтгэл хэлэлцүүлсэн байна.

З.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж