Техникийн гэрчилгээгүй мотоцикль худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд анхааруулж байна. Оны эхний улиралд улсын хилээр 43 мянга гаруй мотоцикль орж ирсний 97 хувь нь БНХАУ-ын үйлдвэрийнх байжээ. 2013 онд улсын хэмжээнд мотоцикльтэй холбоотой 330 осол, зөрчил гарч 112 хүн амиа алдан, 191 хүн гэмтэж бэртжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн судалгаагаар иргэд уул хадтай, замгүй, бартаа ихтэй газар хурд хэтрүүлдэгээс мотоциклийн обуд нь хагарч цууран осолддог байна. Энэ нь нийт ослын 51 хувийг эзэлж байгаа ажээ.Манай улсад мотоцикль эзэмшигч, ашиглагч, тэдгээрт хяналт тавих харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалт, холбогдох эрх бүхий байгууллагаас хэрхэн ашиглах талаар зөвлөмж, зааварчилгаа байдаггүйгээс ийм байдалд хүрсэн байна. Цаашид импортоор оруулж ирж байгаа мотоциклийн стандарт, чанарт анхаарах, манай нөхцөлд тохирох эсэхийг тогтоох, мотоцикль оруулж ирж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэл өгөх, улсын хилээр нэвтрүүлэхэд хил, гаалийн хяналтын байгууллагаас хийх үзлэг, шалгалтын ажилд мөрдөх эрх зүйн акт гаргах шаардлагатай болжээ. Мөн мотоциклийг улсын бүртгэлд оруулж, улсын дугаар өгч хэвших, аюул, осолгүй эзэмшиж, ашиглах талаар сурталчилгаа, таниулга, зөвлөмж, санамж өгөх зайлшгүй шаардлагатай.
Эх сурвалж: www.polit.mn