Халуун сэдвийн айлчлал

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Халуун сэдвийн айлчлал

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медве­дев 2009 оны намар Халх голын ялалтын 70 жилийн ойгоор Монголд төрийн айлчлал хийж, Их өрийн үлдэгдэл бийг сануулаад мордохдоо дипломат ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хариу айлчлал хий­хийг урьсан ч хэзээ гэдэг нь тодорхойгүй байв. Харин өнгөрсөн сарын эхээр Монголын Төрийн ордон, Москвагийн Кремлийн хоо­­ронд хоёр Ерөнхийлөгч утас цохилцож, Д.Медведевийг Монголд айлчилснаас жил есөн сарын дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд анхны, албан ёсны айлчлалыг ОХУ-д хийлгэхэд бэлэн болсныг мэдэгдэв. Гэхдээ ёслол, бэлгэдэл маягийн төрийн айлчлал бус, алба ажил амжуулах албан ёсны айлчлал хийх болсноороо онцлогтой. Явах­даа араа­саа баахан нэхэл, хүлээлт, даалгавар дагуулсан. Хомсдолд хүрч талонд орохдоо тулсан дизе­лийн түлш, шатахууны крантыг “нээлгэх”, хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн 1949 оны гэрээг шинэчлүүлэх, уран, цөмийн энерги, Тавантолгойг ашиглах чиглэлд “амьтны аманд” багтчихалгүй шиг яриа хэлцэл хийх, ахиухан мал мах ОХУ-д гаргах гарц нээх, иргэдийг визгүй зорчуулах боломж юу байна гээд хамгийн халуун, хүнд даалгавруудыг Ерөнхийлөгчид үү­рүү­­лэн мордуулсан юм.

1990-ээд оны эхэн үеэс хойш мартсан талон гэгчийг дизелийн түлшинд хэрэглээд эхэлсэн тийм нөхцөлд ихээхэн даалгавар, шахалт тээсээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хойд хөршөө зорьсон. Энэ айлчлал Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглалд хоёр улсын төрийн тэргүүн 2009 оны наймдугаар сарын 25-ны өдөр гарын үсэг зурснаас хойших анхны айлчлал гэдгээрээ бас онцлог байлаа.

Ах, дүү гэж нэг нь томорч, нөгөө нь жижгэрэхгүй, басхүү зүгээр л сайн хөршүүд бус, хэн хэндээ стратегийн ач холбогдол бүхий ижилхэн түнш орнууд гэдгээрээ хэм тэгш, нүүр бардам харилцах эхний алхам ч энэ айлчлал болсон байж мэдэх юм. Ямар ч гэсэн ОХУ-д төлөх Монголын шилжих рублийн өрийг эцэслэн зохицуулсныг 2010 оны арванхоёрдугаар сард жинхнээсээ харилцан зөвшөөрөлцөж чадсан нь ашигтай төслүүдийг улсын шугамаар зээлжүүлэх, санхүүгийн хүрээнд чанарын шинэ хамтын ажиллагааны боломж нээж чадсаныг хоёр улсын Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар харилцан тэмдэглэсэн юм. “Өргүй хүний нүүр бардам” гэдгээр Монголын тал анх удаа хойд хөршийнхөө өөдөөс цэх харж, хэлэх гэснээ хэлж чадав.

“Роснефть”-ийн нөөцөөс шатахуун нийлүүлнэ

Албан ёсны айлчлалаар мордсон Монгол Улсын Ерөнхийлөгчийг Оросын тал Төрийн дээд хэмжээний айлчлалын төвшинд хүлээж авсныг эхлээд тэмдэглэх нь зүйтэй. “Монголын Ерөнхийлөгч ирж, Засгийн газрын дарга В.Путин  морилохоос ч илүүтэй Москвагийн төв замуудыг хааж түгжрэл үүсгэх нь ээ” гэсэн шардуу мэдээг эс тооцвол Оросын хэвлэлүүдэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ” гэсэн төв маягийн мэдээнүүд эхний өдөр гарсан байв. Үнэхээр “Шереметьево” нисэх онгоцны буудлаас Кремлийн ордон хүртлэх бүх замыг цэлийтэл чөлөөлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч, ОХУ-ын Засгийн газрын дарга нартай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өрнүүлсэн ярианы эхний сэдэв мэдээжээр бензин, шатахуун, нефть бүтээгдэхүүн байв. Айлчлалын бүр анхны өдөр Орос-Монголын бизнесийн форумд үг хэлэхдээ л үүнээс яриагаа эхэлсэн.
Монгол Улс шатахууны хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай. Мон­голын бүтэн жилийн нефть бүтээгдэхүүний хэрэгцээ ердөө ганц сая тонн болохыг очсон газар бүхэндээ хэлж явлаа.  Нийтийн тээ­вэр хүнд байдалд орсон, газар тариалангийн ажил эхэлж шата­хууны хэрэгцээ өсч буй, уул уурхайн үйлдвэрүүд зогсч эхэлж байгаа гэд­гийг шулуухан хэллээ.

Хоёр талын бараа эргэлт  өсч 1990 онд жилд нэг тэрбум ам.долларт хүрч байсан тэр төвшинд эргээд хүрч буйг ч онцолсон.
“Хүнд үед Монголд нэг л гарц байдаг. Тэр нь хойд хөрш ОХУ. Тиймээс онцгой харилцаатай гэж үздэг. Иргэдийн дий­лэнх ч Оросыг хүнд үед түших нө­хөр хэмээн тооцдогийг ний нуугүй ярьж байсан юм. Дайны цагт цусаар гагнагдсан, энхийн үед хөдөлмөрөөрөө нөхөрлөсөн, сансрын уудамд ч хамтдаа байсан нөхөд гэдгээрээ хамгийн дотно, бид та нарыгаа хүнд цагт түшихгүй бол хэнийгээ гэх вэ” гэж Ерөнхийлөгч хэлж байлаа.

ОХУ-ын Засгийн газрын дарга В.Путин Ерөнхиийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах үед нялуунаас шулуун нь дээр гэдгээр  яриагаа шууд л шатахуу­наас эхэлсэн юм. “Хамгийн тулгамдсан асуудлаас яриагаа эхэлье” хэмээн Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж шууд л “дав­шилтад” орсон.  “Манай улс ОХУ-аас түлш­ний хэрэгцээгээ үндсэнд нь хангадаг. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Сүүлийн саруудад Монголд түлшний хомсдол бий болж, хөдөө аж ахуй, уул уурхай, нийтийн тээвэр, бусад салбарт хүндрэл учраад байна. Хэдийгээр Оросын дотоод зах зээлд шатахууны асуудал үүсч байгаа ч хоёр улсын цаашдын найрсаг хамтын ажиллагааг харгалзан яаралтай арга хэм­жээ авч өгнө үү” хэмээсэн шахамдуу хүсэлтийг ноён В.Путинд  тавив. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин ч боломж нөхцөлөө тооцож “Роснефть” компанийн нөөцөөс даруй шатахуун нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Засгийн газрын орлогч дарга И.И.Сечин, бусад  албаны хүмүүст үүрэгдсэн. Ерөнхийлөгч Д.Медведев ч, Засгийн газрын дарга В.Путин ч ажилд хамаатай сайд нарыг бүгдийг тухай бүрт нь дуудан ирүүлж байсныг дурдах нь зүйтэй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын орлогч дарга И.Сечинийг заавал байлцуулаач хэмээн зориуд ирүүлж байх жишээтэй. Нефть хангамж, тээвэрлэлтийн хувьд цаашид алсыг харсан арга хэмжээ авах талаар хоёр тал бодолцож үзэхийг В.Путин санал гаргаж, энэ талаар ойрын өдрүүдэд Засгийн газрын холбогдох гишүүдийн хэмжээнд уулзаж холбогдох зохицуулалтыг хийнэ гэдгээ амласан.  Цаашдаа олон гарц, олон боомт байх хэрэгтэй, алсаа харах ёстой, нефть, хийн хоолойн асуудал ч байж болохыг талууд ярилцаж байв. Хий, нефтийн хоолой Монголын хилийн гадуур даялах бус Монголын нутаг дундуур өнгөрөх ёстойг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч очсон газар бүхэндээ хэлж байлаа.

Энэ онд багтааж 1949 оны гэрээг шинэчлэх санал тавив

Хамгийн амин чухал асуудлуудыг ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Кремлийн ордны Ногоолин танхимд хийв. Алтан чимэглэлт ногоолин эрдэнийн багана бүхий ёслолын танхимын хүндэт өрөөнд нэг цаг уулзахаар орсон хоёр Ерөнхийлөгч бараг гурван цаг ярилцав. Эхлээд ганцаарчилсан уулзалт хийж дараа нь сайд нарын хамт өргөтгөсөн хэлэлцээнд орсон юм. Ямар чухал хэлэлцээ яриа хийж, ямар байдалтай гарч ирэхийг Орос-Монголын сэтгүүлчид тэсвэртэйгээр хүлээлээ. Өмнө нь хэртэй бол хөдөлж хүлээж авдаггүй байсан хүнд сэдвүүдийг ямар боловч энэ удаа хөндөж чаджээ. Хоёр Ерөнхийлөгч гар барилцан гарч ирээд Орос-Монголын хамтарсан мэдэгдэл гаргасныг дуулгаж хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тувт оросоор ярьж явсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх удаа хэвлэлийн бага хурал дээр эх хэлээрээ мэдээлэл хийв. УБТЗ-ын сэдвийг хөндөх дургүй Оросын тал ямар ч гэсэн ам нээжээ. Ерөнхийлөгч өмнөх уулзалтууд дээр 1949 оноос хойш хорвоо дээр олон зүйл шинэчлэгдэж, ОХУ ч төмөр замдаа багагүй өөрчлөлт хийн, гагцхүү хувь нийлүүлсэн УБТЗ-ын гэрээ л хэвээрээ үлдсэнийг сануулсаар байсан юм. Энэ нь УБТЗ-ын шинэчлэлд саад болж байгааг хэлсэн.

Хэдийгээр Төмөр замын 1949 оны гэрээг энэ удаа өөрчилж гарын үсэг зураагүй ч Оросын тал анх удаа гэж хэлж болохоор сэдвээр дуугарсан юм. Бүтэн жаран илүүгийн өмнө баталсан гэрээг өнөөгийн цаг хугацаанд нийлүүлж өөрчлөх шаардлагатай юм гэдгийг зарчмын хувьд хоёр тал ойлголцож чадлаа. Өмнө нь Оросын тал уг гэрээг өөрчлөх талаар ам нээдэггүй байсантай харьцуулбал үүнийг бас чамлах аргагүй юм. ОХУ-ын Төмөр замын дарга Якунин, Тээврийн сайд Левитин нарт ч тодорхой үүрэг өгчээ. Монголын талаас санал болгосон 10 гаруй асуудлын ихэнх дээр ойлголцож, гурав орчим асуудал дээр ярьж хэлэлцэх шаардлагатай гэжээ. Энэ бүхэн хөшигний ард яригдсан ч гэлээ зарчмын ойлголтод хүрсэн гэдэг нь том үр дүн хэмээн Монголын холбогдох албаны хүмүүс сэтгэгдэл өндөр гарч ирсэн юм. Монголын тал ямар ч гэсэн 2011 онд багтааж 1949 оны гэрээг өөрчилье гэсэн саналаа тулгаж хэлчихээд гарч ирсэн нь энэ удаад бас нэг алхам урагшилсан хэрэг болов. Монголын төмөр замын дэд бүтцийг байгуулах, шинэчлэх, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийг санхүүгийн хувьд бэхжүүлэн шинэтгэх,  Монгол-Оросын төмөр замын сал­барын хамтын ажиллагааг бүхэлд нь сайжруулах, Монголын баялгийн шинэ нөөцийг ашиглах, шинэ төмөр зам тавихтай холбоотой асуудлыг хамтарсан төслүүдийн хүрээнд нягт уялдаатай  шийдвэрлэх зэрэг асуудлыг хамтарсан мэдэгдэлд тусгаж, хөрөнгө оруулалтыг өргөтгөхөөр болсон юм. Үүнд өнгөрсөн өвөл Ерөнхий сайд С.Батболдын айлчлалын үеэр хөндсөн 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг эхний ээлжинд нэрлэж байлаа.

Төмөр замын талаарх хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр болсныг, цаашид ярилцах асуудлууд бийг ОХУ, Монгол Улсын Ерөнхийлөгч нар хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм. “Монгол түншүүдтэйгээ Улаанбаатар төмөр замын үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар тохиролцлоо. Төмөр замыг алдагдалгүй тогтвортой сайн ажиллуулах, өөрийгөө хөгжүүлэх санхүүгийн эх булагтай болгохын тулд шаардлагатай хөрөнгө болон техникийн арга хэмжээг авна. Нөгөөтэйгүүр Улаанбаатар төмөр замыг хэрхэн удирдахтай холбоотой шийдэл буюу дүрмийн сангийн хувийг эргэн харах, төмөр замын үйл ажиллагааг бүхэлд нь өөрчлөх асуудлыг хөндсөн. Хэн нь ямар хувь үүрэгтэй байх нь төмөр замын үйл ажиллагааг санхүүжүүлэх, хамтарсан төслийг хөгжүүлэх асуудал­тай холбоотой. Хамтарсан боломжийн төслийн тухайд Тавантолгойн орд ч хамаарч байгаа. Төмөр замын асуудлаар хэлэлцээ үргэлжлэх болно. Эцсийн бүлэгт Орос, Монголын үндэсний эрх ашгийг харгалзан илүү орчин үед нийцүүлэхийн тулд хэлэлцээрийг эргэн харахад хүрнэ” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев хэлсэн нь төмөр замд шинэчлэлт хийх боломжтой, тэр нь Тавантолгойгоос хамаатай гэдгийг харуулсан хэрэг боллоо.

Оросын сонирхол юу байв?

Дандаа Монголын талын хүсэлт гуйлтыг гүйцэлдүүлдэг “Алтан загас” биш болохоор айлчлалын үед Оросын тал өөрийн сонирхлыг илэрхийлсэн. Юун төлөө стртегийн түншүүд билээ, хэн хэндээ ашигтай байхыг талууд сонирхох нь жам. Мэдээж Оросын сонирхол бол Тавантолгойн коксжих нүүрс, уран, цөмийн энергийн салбар. “Тавантолгойн ордыг ашиглах чиглэлээр Монгол Улсын  Засгийн газраас зарласан  тендэрийг дүнг ойрын үед дүгнэнэ. Энэ тендэрт ОХУ-ын тодорхой байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоо байгаа. Үнэхээр энд бид ОХУ-тай хамтран ажиллах боломж байгаасай гэж хүсч байна” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кремлийн ордонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

Оросын тал Монголтой хийж байгаа худалдааны хамтын ажиллагаагаа өргөтгөх хүсэлтэй байгааг ноён Д.Медведев илэрхийлсэн.  “Монголын гадаад худалдаанд Оросын эзлэх жин 20 хувьтай байгаа нь хуучны Зөвлөлтийн үеийнхтэй харьцуулахад бага үзүүлэлт. Олон улсын эдийн засгийн хүчний хуваарилалтын бодит талаас үзвэл бас тийм ч муу тоо биш. Монголын гадаад худалдааны лавтайяа 50 хувийг Хятад эзлэх байх. Бид Оросын талын хувь хэмжээ нэмэгдэж Оросын хувьд ч, Монголын хувьд ч ашигтай байгаасай гэж хүсдэг. Монгол Улс манай тоног төхөөрөмжийг илүү ихээр худалдан авч, бид танай хөдөө аж ахуй, хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг импортлох хэрэгтэй байна. Энэ чиглэлээр бараа эргэлтийг эрчимжүүлэх арга хэмжээ авч байна. Хөшүүрэг болохуйц том төслүүд хэрэгжүүлмээр байна. Бидэнд УБТЗ, Эрдэнэт гэх зэрэг түүхэн хөшүүргүүд бий. Гэхдээ хамтын ажиллагааны шинэ хүрээ хэрэгтэй байна. Үүнд Тавантолгой, уран, цөмийн салбар гэх мэт том төслүүд хамтын ажиллагааны хөшүүрэг болох ёстой. Тэр үед л бид Монголтой худалдааны хамтын ажиллагаа хөгжүүлж байгаадаа сэтгэл хангалуун байх болно” хэмээн Оросын Төрийн тэргүүн хэлж байв. Монголын нутагт Оросын тал тээвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуйг хөгжүүлэх хэд хэдэн том төсөл хэрэгжүүлдэг. Ингэснээр хоёр талын худалдааны эргэлт нэмэгдэж. өнгөрсөн жил өмнөх оныхтой харьцуулахад 40 хувь өсчээ. Энэ оны эхний саруудад гэхэд дахин 50 хувь өссөн үзүүлэлт гарчээ. Гэхдээ худалдааны тэнцэл, алдагдал Монголын талд ашиггүй гарч байгааг Оросын тал хүлээн зөвшөөрлөө. Хил орчмын бүс нутгийн худалдаа нийт бараа эргэлтийн 70 хүртэлх хувийг эзэлж байгаа, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн нэмэгдсэн нь худалдааны эргэлт өсөхөд бас эерэгээр нөлөөлжээ.

Цаашид эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий боомтуудыг хөг­жүүлэх, Засгийн газар хоорондын хол­­бог­дох шинэ хэлэлцээрүүдийг боловсруулж, байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Монгол Улс, ОХУ харилцан нэг талын нутаг дэвсгэр дээрх нөгөө талын үл хөдлөх эд хөрөнгө, газартай холбоотой асуудлыг зохицуулах ажлыг идэвхжүүлэхийг зорих болно гэдгийг Хамтарсан мэдэгдэлд тусгалаа. Тэгэхээр Дархан, Улаанбаатар дахь Оросын мэдлийн орон сууцны маргаан зэрэг эмзэг сэдэв эмхэрэх эхлэл тавигдлаа гэж хэлж бас болох нь. Визийн тухай асуудлыг дараа яри­хаар үлдээв. Одоогийн байдлаар Монголоос ОХУ-д зорчигчдын 25 орчим, ОХУ-аас Монголд зорчигчдын 80 орчим хувь нь визгүй байдаг ажээ. Ямар боловч дараагийн удаад энэ сэдвийг хөндөнө гэдгээ талууд илэрхийлсэн юм.  

Д.ОЮУНЦЭЦЭГ

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж