“Автобус 1” буюу “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн жолооч кондукторууд ажил хаялт зарлажээ. Шалтгаан нь мөнөөх л цалин хөлс нэмэх тухай шаардлага. Бүр цалингаа нэг дахин нэмэгдүүлэх санал гаргасан бололтой.
Тэд үе үе ингэж ажил халт зарлаж, цалин хөлсөө нэмүүлдэг нь бараг уламжлалт шахуу үзэгдэл болжээ. Эдийн засаг бүхэлдээ хямарч, улсын төсөв улайж, Засгийн газар цалин, тэтгэврээ цагтаа тавих гэж чардайж байгаа. Дээр, дооргүй бүсээ чангалж, ажилтайгаа үлдсэндээ баярлах хэсэг байхад, авдаг цалингаа голж, ажил хаялт зарлаж байгаад олон нийт ч шүүмжлэлтэй хандаж байна.
Улс орныхоо эдийн засгийг сэргээхийн тулд үсээ экспортолж, үнэт эдлэлээ хандивлаж байсан Өмнөд солонгосчууд шиг өгөөмөр байж чаддаггүй юмаа гэхэд ядаж хямрал нүүрлэсэн хүнд хэцүү үед ажил хаяж, ард иргэдээ чирэгдүүлж боломгүй байх.
“Автобус 1” компанийн хувьд жолооч нь хамгийн багадаа нэг сая, кондуктор нь 800 мянган төгрөг авдаг тухай албаны хүмүүс ярьдаг. Эдийн засгийн хямралтай байгаа үед энэ бол бага цалин биш. Эмч, багш нартай харьцуулахад кондукторууд харин ч харьцангүй өндөр цалинтайд тооцогдохоор. Дээр нь илүү цагийн мөнгө, олон жилийн урамшуулал гээд хөөрхөн нэмэгдэл авдаг ч байх. Зарим нэг нь өдөртөө дор хаяж 30 мянган төгрөгийн “халтуур”-тай буудаг гэсэн яриа ч байдаг.
"Автобус" компанийн ажилчдын цалинг нэмж болно. Гэхдээ эхлээд автобусныхан үйлчилгээгээ өөрчлөх хэрэгтэй болов уу. Адаглаад л жолооч нь автобусандаа тамхи татахаа больчихмоор байна. Шаардлага тавьсан хүмүүсийг элдвээр харааж загнадгаа засчих хэрэгтэй.
Өнөөдөр замын хөдөлгөөнд хамгийн замбараагүй, соёлгүй, бүдүүлэг оролцдог хүмүүс бол автобусны жолооч нар. Хурд хэтрүүлнэ, замаасаа хазайна, ухаан жолоогүй урдуур дайрна, зүрх муутай хүн муужирч унамаар дуут дохиогоо дуугаргана. Зорчигчдоо булаацалдан, уралдаж давхина. Сүүлийн жилүүдэд автобусныхан аваар, осол гаргах нь багагүй өссөн талаар цагдаагийн ажилтнууд ч хэлдэг шүү дээ.
Харин кондуктор нь архи уусан хүмүүсээс хөлсөө нэхэж чадахгүй хэрнээ арван жилийн хүүхдүүдийг нүдийг нь бүлтэлзтэл чичлэж байгаад мөнгөө авдаг нь худлаа биш. Хөгшин хөвөө, хүүхэд шуухад, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст дээрэнгүй хандах нь бараг л хэвийн үзэгдэл болсон.
Ийм л хэдэр ёдор ааштай хэдэн кондуктор, замын дундаас зорчигчдоо буулгаж, солиод давхидаг автобусны жолооч нар ажил хаялт зарлахаасаа өмнө ажилдаа хариуцлагатай хандаж сурмаар байна. Ажил нь байх байдгаараа, ааш гэж авах юмгүй хүмүүст яасан гэж цалин нэмэх юм бэ. Ажлынх нь бүтээмж, авдаг цалин хоёрыг нь харьцуулах юм бол тэнгэр, газар шиг л зөрүү гарах биз.
М.ЯЛАЛТ