СУИС, Шанхайн театр хамтарна

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

СУИС, Шанхайн театр хамтарна

СУИС, Шанхайн театрын академийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарав

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургууль, БНХАУ-ын Шанхайн Театрын Академийн Кино телевизийн сургууль хооронд хамтран ажиллах гэрээ байгуулав. СУИС, Шанхайн театр, киноны академийнхамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан энэ үйл явдал Монгол Улсад анх удаа зохион байгуулсан Соёлын бүтээлч үйлдвэрлэл олон улсын чуулганы үйл ажиллагааны хүрээнд болсноороо ихээхэн онцлог юм.

Соёл Урлагийн Их Сургууль БНХАУ-ын Шанхайн театр киноны академитай анх 2013 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш ийнхүү нарийн мэргэжлийн сургууль хооронд түншийн гэрээ байгуулах хүртэл хоёр тал болоод олон улсыноюутны фестиваль, эрдэм шинжилгээний хурал, чуулганд харилцан оролцож, зочин профессор урьж, багш, оюутнаа солилцон уран бүтээл дээр хамтран ажиллах зэргээр харилцаагаашинэ санаа, шинэ туршлага, шинэ үйл явдлаар өргөжүүлсээр иржээ. Тухайлбал Бээжин хотноо болдог уламжлалт Азийн театрын сургуулиудын эрдэм шинжилгээний бага хурал, Оюутны театрын фестивальд СУИС-ийн Тайзны урлагийн сургуулийн найруулагч, жүжигчний уран чадварын тэнхимийн багш, оюутны томоохон баг жил бүр оролцож мэдлэг ур чадвараа сорихын дээр театр кино урлагийн хурдтай хөгжлийн чиг хандлагаас суралцах томоохон талбар болгосон байна.

Гэрээний дагуу энэ хичээлийн жилд Шанхайн Театр киноны академийн РТДС-ийн багш, Хятадын нэртэй дууны найруулагч, профессор Жан Шин СУИС-ийнхан төдийгүй монголын кино телевизийн салбарын уран бүтээлчдэд дуу бичлэгийн ухааны нарийн мэргэжлээр хичээл заасан нь дууны мэргэжлийн найруулагч ховордсон, ихэнхдээ сонирхогчдын түвшинд энэ ажил явдаг, уран бүтээлийн чанарын хэмжүүрт дууны найруулгыг төдийлөн анхаардаггүй болсон энэ цаг үед нүдээ олсон сургалт болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард СУИС-ийн таван багш 14 оюутан Шанхайн Театрын Академийн Кино телевизийн сургуульд зочлон тодорхой уран бүтээл дээр хамтран ажилласан байна.

Хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжин, хэвлэл мэдээлэл, кино салбарын сургалтыг хөгжүүлэхийн хамт оюутны хөгжил, авьяас чадварыг дэмжих үйл хэргийг зорилгоо болгосон суургууль хоорондын хамтын ажиллагааны шинэ гэрээнд монголын талаас СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн захирал О.Энхжавхлан, Хятадын талаас Шанхайн Театрын Академийн Кино телевизийн сургуулийн захирал Хү Шү Хуа нар гарын үсэг зурав.

Шанхайн Театрын Академийн Кино, телевизийн сургуулийн захирал Хү Шү Хуа:

-"Оюутандаа илүү хандсан тэдний зүрх сэтгэлд чиглэсэн бидний шинэ хамтын ажиллагаа цаашдаа гайхалтай үр дүн авчирна гэдэгт итгэж байна. Энэ алхамд хүртэл бид бие биенээ сайн таньсан, тиймээс бид үргэлж урагшаа хамтдаа явах болно. Өнөөдөр би танай оюутнуудад лекц уншлаа, монгол залуус ямар их эрч хүч, хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг олж хараад кино урлагт хүчээ сорих болсон түүхээ өөрийн эрхгүй дурсахад хүрсэн. Хятадын кино урлаг сүүлийн таван жилд үсрэнгүй хөгжиж кино үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэх орон болоод байна. Монголын кино урлагт ийм ирээдүй ойрхон байна" гэв.

Б.ЭНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж