Хууль хүн бүрт тэгш үйлчилнэ, харин цагдаад биш…

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Хууль хүн бүрт тэгш үйлчилнэ, харин цагдаад биш…

Миний өмнө “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”
Нийслэлийн прокурорын газрын хоёрдугаар хэлтсийн хяналтын прокурор
Ё.Сагсайгийн гарын үсэгтэй тогтоол байна. Хоёрдугаар сарын 3-ны өдрийн
03, 14 тоот тогтоолууд.

Эхнийх нь Эрүүгийн
хуулийн 263.2-оор яллагдагчаар татагдаад байсан Цагдаагийн ерөнхий
газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Чимэддоржийн
Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа
Очирхуягийн Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд
хурандаа Галсандоржийн Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга
асан, цагдаагийн хурандаа Шуурайн Батсүх нарт холбогдох эрүүгийн
20847173 тоот хавтаст хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай. Хоёр дахь нь
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-ээр ялагдагчаар татагдаад байсан
Эргүүл хамгаалалтын тасгийн зургадугаар хэлтсийн албан хаагчид болох
Ядамын Хорлоорембүүчий, Дашцэрэнгийн Төмөрбаатар, Үрчгэрийн Даржаа,
Юрайгийн Гантулга, Алтанхуягийн Ууганбаяр, Батбаярын Батцэрэн, Нямжавын
Ариунболд нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

Цагдаагийн
дарга нарт холбогдох “Албан тушаалын гэмт хэргээ урвуулан ашигласны
улмаас их хэмжээний хохирол, хор уршиг учирсан” гэх зүйл анги нь таван
жил хүртэл хорих ялтай. Эргүүл хамгаалалтын газрын зургадугаар тасгийн
албан хаагч нарт холбогдох “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг
санаатай алсан” гэх зүйл анги нь 15 жил хүртэл хорих ялтай. Гэвч
цагдаагийн дарга нарыг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, мөн
үйлдсэн хэргийн зүйл анги нь Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа тул
хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин цагдаагийн ажилтнуудын хувьд
хэдийгээр галт зэвсэг хэрэглэсэн, буудсан гэдгээ хүлээсэн боловч тэдний
буудсан суманд хэн хэн оногдсон, буудуулж амиа алдсан хүмүүс тэдний
хохирогчид мөн эсэхийг тогтоож чадаагүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй
болгосон байна. Хэргийн нотлох баримт болгон хурааж авсан “зургаан
ширхэг АКМ буу, хоёр ширхэг ПМ маркийн гар буу, сумны 46 ширхэг хонгио,
гурван ширхэг сумыг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуустал Нийслэлийн
прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах архивт хадгалсугай гэжээ.

Хэрвээ
уншигчид санаж байгаа бол саяхан болтол цагдаагийнхан “Цагдаа
буудаагүй, сургуулийн сум л хэрэглэсэн, хар машинтай хүмүүс жагсагчдын
араас хөөж буудсан гэсэн, манайхан биш” гэж мэдүүлж байсан. Гэвч
буудсан гэдэг баталгаа нь дээрх хураагдсан буу, сум болоод буудсан
хонгионууд. Прокурорын тогтоолд дурдагдаагүй нэг зүйл бол цагдаагийн
ажилтнуудын хэрэглэсэн буу, сум дугааргүй байсны улмаас хэн аль буугаар
буудсан хэний бууны амнаас аль хонгио гарсныг тогтоож чадаагүй байна.
Тэр ч байтугай хураагдсан буунуудаас нэлээд хэдийнх нь цохилуурыг
хөрөөдсөн, доторх эд ангийг нь сольсны улмаас хэний буунаас хэдэн сум
гарсныг тогтоох боломжгүй болсон гэж байгаа. Дээр нь долдугаар сарын
1-ний үймээнээр үүрэг гүйцэтгэсэн цагдаа нараа цагдаагийн дарга дар
Заамар луу гэрээт хамгаалалтад явуулж хэдэн өдрөөр нуусан гээд тоочоод
байвал их юм бий.

Хэргийн учир, Эрүүгийн хуулийн
гол зарчим нь гэмт хэрэгтний хийсэн үйлдэл, учруулсан хохирлын
шалтгаант холбоог нэг бүрчлэн тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, Дорж гэдэг
хүний үйлдсэн хэргийн улмаас Дондог гэдэг иргэнд ийм хохирол учирчээ
гэдгийг нотолсон байх учиртай. Үүний оронд “Та нар буудсан нь үнэн,
дөрвөн хүний амь хохирсон нь үнэн” гээд хавтгайруулан яллах юм бол
үүнийг “Ял халдаасан” гэж үзэж, хуулиар хориглодог юм байна. Тиймээс
хуулийн энэ зарчмыг ягштал мэддэг, мэдээлэлд илүү ойр байдгийн хувиар
хуулийнхан, цагдаагийн албан хаагчид ялгүй өнгөрч байгаа хэрэг.
Харамсалтай нь хуулийн энэ зарчим иргэдэд мөн адил үйлчилсэн билүү.

Эргээд
саная л даа. Долдугаар сарын 1-ний хэргээр ял эдэлсэн хүмүүсийн ихэнх
нь хүүхэд залуучууд. Тэднийг “чулуу шидсэн” гэж хэлбэл ялыг чинь
хөнгөлнө гэж хэлээд, жагсаалд оролцож байгаа бичлэгийг нь үзүүлээд л
хэрэг хүлээлгэж байсан тухай Хүний эрхийн дэд хорооноос хийсэн нээлттэй
сонсголын үеэр бүх нийтээрээ харсан. Шүүхээс ял авсан бүх хүмүүст
“Намын байр шатаасан, зандалчилсан” хэрэг тулгаж, хохирлын хэмжээг яг
ижил 11 тэрбум төгрөгөөр тогтоосон байдаг. Уг нь бол хуулийнхаа
зарчмаар явбал хэний шидсэн чулуу цонх оносон, хэн гал тавьсан, үүний
улмаас хэнд хичнээн төгрөгийн хохирол учирсан гэдгийг нэг бүрчлэн
тогтоож байж яллах ёстой. Ингэж нэгбүрчлэн тогтоож чадаагүй бол
эрүүгийн хэрэг үүсгэдэггүй, “шүүхийн шаардлага хангаагүй” гэж үзээд
захиргааны арга хэмжээ авдаг хуультай аж. Харин үймээнийг зохион
байгуулсан, гэмт хэрэг гарах нөхцөл байдал руу турхирсан хүмүүсийг
шийтгэх ёстой ч хуулийнхан үүнийгээ ч тогтоож чадаагүй шүү дээ.

Удахгүй,
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулах ээлжит сонсголоо
галт зэвсэг хэрэглэх асуудлаар хийхээ зарлаад байгаа. Тэр үед шүүх,
прокурор, хуулийн байгууллагууд хуулийг ижил төвшинд хэрэглэж, хуулийн
өмнө хүн бүр тэгш эрхтэй байж чадаж байна уу, үгүй гэдэг асуудал ч мөн
сөхөгдөх байх гэж найдаж байна. Хууль иргэн хүнд нэг утгаар үйлчилдэг,
хуулийн байгуул­лага, цагдаагийн ажилтнуудад өөрөөр үйлчилдэг байх нь
хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн зарчмыг үгүйсгэж
байгаа хэрэг. Хууль хүн бүрт тэгш үйлчилнэ, харин цагдаад биш…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж