-Монголчууд бид сүүлийн хоёр жил гал дээр суучихав бололтой. Нийслэлд л гэхэд шинэ хуучин барилгууд шил дараалан шатаж, багагүй хохирол учрууллаа. Хөдөө хээр талд гарсан түймрийн тоо 160-д дөхжээ-
Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, болсон үйл явдлуудыг ажиглаад байхад бид фронтод аж төрж буй мэт сэтгэгдэл төрөх боллоо. Тэнд ч гал, энд ч гал. Хоёр өдрийн өмнө Төрийн ордонд маань гал авалцаж, гүйцэтгэх засаглалынхны байнга хуралддаг танхим бүхлээрээ шатаж үгүй болов. Засгийн газрын хуралдааны танхимд гарсан галын дөл хичнээн хүчтэй байсныг хэвлэлээр нийтлэгдсэн зурагнаас харж болно. Хуралдааны танхимыг бүхэлд нь модоор доторлож, тохижуулснаас гал маш хурдтай тархсан байх магадлалтайг мэргэжилтнүүд хэлж байгаа.
Монгол Улсын Төрийн ордон бол тусгайгийн тусгай хамгаалалттай газар. Төрийн хамгаалалтын албанаас гадна галын мэргэжилтнүүд олноороо ордонд бий гэх. Төрийн ордонд баргийн хүн амар нэвтэрдэггүйгээс “Гал сөнөөгчид ордонд костюмгүй ирсэн учир дотогш нэвтрүүлэхгүй удсанд гал өндрөө авчээ” гэсэн онигоо хүртэл зохиогоод амжиж, цаана чинь. Засгийн газрын хуралдааны танхимд гарсан галын шалтгаан одоогоор тодорхойгүй. Гэвч цахилгаан тасраад буцаад асахад цахилгааны утасны монтажнаас гал авалцсан гэсэн мэдээлэл байна. Магад ч байх. Учир нь, манай улсын төр засгийн тэргүүнүүд хамтаараа байрладаг Төрийн ордныг барьж байгуулснаас хойш 64 жил хэдийнэ өнгөрчээ. Барилгын суурийг 1947 оны дөрөвдүгээр сард тавьж, барилгын ажилд дотоодын 700, гадаадын /орос, хятад, япон/ 500 хүн ажиллаж, 1951 онд бүрэн ашиглалтад өгсөн байна. Жаран илүүг элээсэн Төрийн ордны барилгын ажилд Халх голын дайны үеэр баривчлагдсан япон цэргүүдийг олноор нь ажиллуулсан гэдгийг настнууд хуучилдаг нь үнэний ортой аж. Төрийн ордон нураад уначихалгүй тэртээгээс өнөөг хүрсэн түүх нь орос, япон чанартай холбоотой байхыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч жарныг туулсан барилгын чанар эрс муудаж, гал гарах нь бүү хэл нурж унаж ч мэднэ гэдгийг энэ удаагийн хэрэг явдал дахин санууллаа. Төрийн ордон хөл ихтэй. Зарим үед гадаадын зочид олноороо хуралдаж зөвлөлдөхөөр цугладаг. Өчигдөр л гэхэд Азийн залуучуудын зөвлөлийн XIII ерөнхий ассамблей болж, 23 орны 600 гаруй зочид төлөөлөгч Төрийн ордны их танхимд чуулж байна. Гал гарсан өдрийн хувьд гадаадын үйл явдал байгаагүй нь аз болов.
Нэгэн хэсэг дуулиан шуугиан болоод мартагдсан Төрийн ордны шинэчлэл хаачив гэдгийг холбогдох мэргэжилтнүүдээс асуух цаг болжээ. Цагтаа багагүй дуулиан шуугиан тарин байж Кувейтээс авсан Парламентын ордны мөнгө хаачив. Кувейтийн Засгийн газраас манай улсад Парламентын шинэ ордонтой болоход зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд найм дахь жилтэйгээ золгож байна. Тэр мөнгө хаачсан, юунд зарцуулсан, зарж үрээгүй бол хаана хадгалж байгаа талаарх сураг ажиг алга.
Төрийн ордныг “Газар хөдлөлтөд тэсвэргүй, хэсэгчлэн нурж унах аюултай” гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараад мөн л чамгүй олон жил болж байх жишээтэй. Тиймээс ч шинэ ордонтой болох ажлыг 2011 онд эхлүүлсэн ч зарим гишүүний эсэргүүцэлтэй тулгарснаар зогсонги байдалтай байгаа юм. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын хэлснээр, Парламентын шинэ ордон бариулах талаар УИХ-ын тогтоол гарч, Засгийн газарт хүргүүлжээ. Мөн УИХ-ын даргын захирамжаар, УИХ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Ажлын хэсэг шинэ ордны барилгын байршил болон санхүүжилтийн талаар судалгаа хийж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлжээ. Парламентын шинэ ордныг Төрийн ордны ард талд барих нь зүйтэй гэсэн чиглэлийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Ордны зураг төсөл эцсийн байдлаар бэлэн болж, 54 сая ам.доллараар босно гэсэн тооцоо гарсан гэсэн мэдээллийг одоогоос яг нэг жилийн өмнө хэвлэлүүдэд гарч байсан. Харин одоо болтол хийсэн ажил, хэрэгжүүлсэн үр дүн алга. Ингэж байгаад Төрийн ордон нурж, дэлхийгээр нэг элэг доог болох вий дээ. Төр засгийн эрх баригчдаа нурах шахсан байшинд бөөндөж суулгах нь бүү хэл нэг автомашин, нэг онгоцонд хамтад нь суулгадаггүй дипломат зарчим манайд бүрэн утгаараа үйлчлэхгүй байгаа нь сайн үр дүн хүлээхээргүй болгочихоод байна.
Монголчууд бид сүүлийн хоёр жил гал дээр суучихав бололтой. Нийслэлд л гэхэд шинэ хуучин барилгууд шил дараалан шатаж, багагүй хохирол учрууллаа. Улсдаа төдийгүй тивдээ гайхагдана хэмээн зарласан Шангриллагийн шинэ барилгыг ашиглалтад өгөхийн өмнөхөн гал гарч, сэв суулгаад амжив. Нарантуул худалдааны төвийн хүнсний барааны сэндвичин барилга бүхэлдээ шатаж үгүй болсноос олон арван түрээслэгч ажлын байргүй үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт үлдсэн нь саяхан. Араас нь Нарантуул-2, Барс, Сандэй худалдааны төвүүдэд их бага хэмжээний гал авалцаж, хохирогчдын тоо хэдэн арваар тоологдох болсон. Сэндвичин барилга галд тэсвэргүй гэдгийг “Хаан гэр” ресторанд гарсан гал батлаад амжив. Хөөсөнцөрт авалцсан гал хоромхон зуурт газар авч, дээвэр туурга нь хүн авирах ая даахааргүй болдгоос "Хаан гэр"-ийг харсаар шахам үнс болгосон.
Энэ бүхний араас хаврын ой, хээрийн түймэр залгасан. Хоёрдугаар сараас эхлэн цасан дээр шахам түймэр асч, улсын хэмжээнд гарсан түймрийн тоо 160-д дөхжээ. Хээрийн түймэр сүүлийн жилүүдэд огт байгаагүйгээр газар авлаа. Хэд хэдэн аймаг, сумдын газар нутгийг бүхэлд нь хуйхалсан түймрийн улмаас улс орон, сум орон нутаг, айл гэр, хувь хүнд их хэмжээний хохирол учрав. Түймрийн улмаас амь үрэгдсэн хүн үгүй ч олон арван айл өрх орон гэр, мал ахуйгаасаа хагацлаа. Нэг сумын 10 гаруй хүн галд өртөж, түлэгдсэнээс нэг хүн хараагүй болж, үлдсэн нь их бага хэмжээгээр галд төөнүүлжээ. Тэр дундаа нэг гэр бүлийн гурван хүн /охин нь нэг настай/ галд дайрагдан, насан туршдаа бие сэтгэлийн шархтай үлдээд байна. Олон айлын мал хоттойгоон галд хайлав. Харлан үлдсэн гэрийн буурь, малын хороогоо харж халагласан нохой нь хүртэл гаслан байгааг сэтгүүлчид газар дээрээс нь мэдээлсэн.
Байгаль дэлхийд нөхөж баршгүй хохирол учрав. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газар нутгийн 90 хувь, Сүхбаатар сумын нийт газар нутгийн 71 хувь түймэрт өртжээ. Дорнод аймгийн Баян-Уул суманд тав хоногийн турш ассан ойн түймэр байгалийн үзэсгэлэнт газар нутгийг занасан мэт сүйтгэж орхижээ. Эдгээр түймрийн зарим нь хайхрамж болгоомжгүй нэгний асгасан үнс, нурамнаас үүдсэн байхад нөгөө хэсэг нь ОХУ-аас хил даван орж ирсэн байх жишээтэй. Импортлогдсон түймрийн хохирол тооцох, барагдуулах гэрээ хэлцэл байдаг /барагдуулсан тухай мэдээлэл одоогоор гараагүй ч/ бол санамсар болгоомжгүйгээс гал алдсан хэнэггүй монголчуудад тооцох хариуцлага, тохирсон ял шийтгэл одоогоор алга. Түймрийг унтраахаар тал талд олон зуун онцгой албаны ажилтнууд, орон нутгийн иргэд, хилчин дайчид ажилласан. Тэд улаан галыг сөрөн 3-10 хоногийн турш зүтгэхдээ галын аюулыг биеэрээ мэдэрсэн биз ээ. Харин биеэр туулаагүй олонход гал түймрийн гашууныг хэрхэн мэдрүүлэх вэ. Тамхилаад мордохдоо сэрэмж анхааралтай байх наад захын дадлыг нийт олондоо хэрхэн суулгах вэ.
Ядаж л жар гаруй жилийн настай Төрийн ордноо галд өргөчихөөсөө өмнө, нураад уначихаас нь урьтаад шинэ ордон босгочих юмсан даа.
Д.ЦЭЭПИЛ