Ливэрпүүлийн мөнхийн ахлагч Жэррард

Хуучирсан мэдээ: 2015.05.24-нд нийтлэгдсэн

Ливэрпүүлийн мөнхийн ахлагч Жэррард

Хөлбөмбөг гадарладаг хүн Стивэн Жэррард гэдэг нэрийг сонсвол хүндлэл, үнэнч сэтгэл, Ливэрпүүлийн гайхалтай ахлагч гэсэн сайхан дүр зураг хамгийн түрүүнд буудаг байх. Хөлбөмбөгийн арвин их уламжлалтай Английн Ливэрпүүл клубын сүүлийн жилүүдийн мөнхөд гэрэлтэх “алтангадас” од нь байсаар ирсэн тэдний хайртай хүү Стивэн Жэррард 17 жилийн турш үргэлжилсэн Ливэрпүүл дэх гайхалтай замналаа тун удахгүй өндөрлөх гэж байна.

Дэлхийн нэг номерийн спорт болох хөлбөмбөгийн ертөнцийг дагасан асар их мөнгөний урсгал, бизнесийн давалгаанд гүн шигдсэн энэ цагт зөвхөн нэг л багийнхаа төлөө үнэнчээр хүчин зүтгэж чадсан тоглогч гарын 10 хуруунд багтахаар цөөхөн үлдсэний нэг бол Ливэрпүүлийн ахлагч Стивэн Жэррард юм. Хөлбөмбөг, тэр дундаа энэ спортыг хүн төрөлхтөнд бэлэглэсэн англичуудад зөвхөн өөрсдийнх нь дундаас супер од мэндлэн гарч, бүхий л замналаа төрөлх багтаа зориулна гэдэг маш том бахархал байдаг билээ.

Пеле, Марадонна, Зидан, Роналдо гэх мэт тухайн цаг үедээ бурхан мэт тахигдаагүй ч тэднээс хол дутахааргүй гайхалтай замналыг туулж, өөрийн гэсэн нэрээ энэ агуу спортод тамгалж чадсан эгэл даруу, үлгэр жишээ нэгэн тоглогчийн тухай би яг одоо өгүүлэх гэж байна.

**

Ливэрпүүл клуб Европ дахинд суу алдраа мандуулж явсан цаг буюу 1980 онд Мэрсисайдын Хьютон дүүрэгт Стивэн Жэррард мэндэлжээ. Өрнийн соёлт Англид төрсөн учраас Өмнөд Америкийн хөлбөмбөгчидтэй харьцуулахад амьдралын хатуу бэрх, зовлон зүдгүүрийг тэр туулаагүй. Гэхдээ түүний энэ спортод орох зам тийм ч дардан байгаагүй юм.

Өсвөр насандаа гудамжинд хөлбөмбөг тоглож байхдаа хүнд бэртэж, хөлийнхөө эрхий хурууг ч тайруулж болзошгүй аюул тулгарснаар түүний хөлбөмбөгийн замнал эхэлжээ. Мөрөөдөж байсан Лильшолын үндэсний сургуульд гологдож, бие жижигтэй хэмээн үргэлж сонголтоос гадуур хоцорч байсан нь харин ч өнөөгийн Жэррардыг бий болгоход тус болжээ. Тэр талбайд хэзээ ч өрсөлдөгчдөө бууж өгдөггүй, шүүгчийн сүүлчийн шүгэл дуугарах мөч хүртэл бүхнээ дайчилж чаддаг нь магадгүй үүнтэй холбоотой байх.

1998.11.29 Танилц, Түүнийг Стивэн Жэррард гэдэг

Премьер лигийн тэмцээний хүрээнд Блэкбурн багийг 2:0-ээр хожиж байх үед тэр үеийн дасгалжуулагч Жэрар Улье нэгэн хүүг хөлбөмбөгийн ертөнцөд илгээсэн нь Стивэн Жэррард байлаа. Бие бялдар нь гүйцэд хөгжөөгүй, 18 настай туранхай хүүг хараад хожмоо энэ клубын билэг тэмдэг болтлоо өсч дэвжинэ гэдгийг хэр олон хүн тааварлан суусан бол?

Ингэж л 1998 оны тэр нэгэн өдөр түүний мөрөөдөл биелжээ. Гэхдээ энэ бол зөвхөн Жэррардын мөрөөдлийн эхлэл байсан юм.

Ж.Улье 18 настай залуу хүүг анхных нь улиралд 13 удаа талбайд гаргасан байдаг. Мэдээж хангалттай байр сууриа багт эзэлж чадаагүй нь ойлгомжтой. Харин дараагийн улиралд /1999-2000/ тэрбээр 31 тоглолтонд оролцсон төдийгүй Шэффилд Уэнсдэй багийн эсрэг Ливэрпүүлийн төлөөх анхны гоолоо оруулсан байна. Хашир туршлагатай Пол Инс Улаануудыг орхиж, Жэйми Рэднаппын удаа дараалсан гэмтэл бэртэл нь нэг талаар залуу тоглогч Жэррардад боломж олгосон. Гэхдээ тэр энэ боломжийг өөртөө ашигтайгаар эргүүлж, багтаа эзлэх байр сууриа улам нэмэгдүүлсээр байлаа.

2000-2001 он бол Ливэрпүүл клубын хувьд түүхэн амжилт гаргасан цаг үед тооцогддог. Тухайн улиралд Улаанууд УЕФА-ийн Цом (одоогийн Европа лиг), ФА Цом, Лигийн Цомыг хүртэж трибл хийхэд залуу тоглогч Стивэний үүрэг роль маш их байсан юм. Тэрбээр энэ улиралд нийт 50 тоглолтонд оролцохдоо ихэнхид нь гараанаас тоглосон төдийгүй 10 гоол оруулаад амжжээ. Улмаар улирлын төгсгөлд багтайгаа 3 цом хүртсэнээс гадна Мэргэжлийн Хөлбөмбөгчдийн Холбооноос олгодог “Оны шилдэг залуу тоглогч” шагналыг хүртсэн байна. Ингэснээр хөлбөмбөгийн ертөнцөд гайхалтай нэгэн хагас хамгаалагч мэндэлж буйгаа албан ёсоор зарласан юм.

Ливэрпүүлийн ахлагч боллоо

Багийн ахлагч байна гэдэг амар хэрэг биш. Удирдагч, ахлагч хүнд зайлшгүй байх ёстой үлгэрлэн дуурайлал үзүүлэх, манлайлах чадвар нь олдмол бус төрөлхийнх байдаг болов уу.
Дасгалжуулагч Жэрар Улье 2003 оны 10-р сард 23-хан настай залуу тоглогч Стивэн Жэррардад Ливэрпүүлийн ахлагчийн туузыг гардууллаа. Эл цагаас хойш тэр одоог хүртэл уг хариуцлагатай хэрнээ бахархалтай албыг нэр төртэйгөөр хашсаар байна. Тэрбээр одоо хэдийнэ ахлагчийн туузтай хамгийн олон тоглолтонд оролцсон Ливэрпүүлийн тоглогч болсон.

Ахлагч хүнд зайлшгүй байх ёстой удирдан манлайлах, үлгэрлэн дуурайлал үзүүлэх чадвар Стивэн Жэррардад цогцолсон. Энэ төрлийн сурах бичиг зохиох болвол зөвхөн Жэррардын биечлэн харуулсан олон арван жишээг дурсахад хангалттай. Италийн Рома клубын домогт ахлагч Франческо Тотти нэгэнтээ “Хэрвээ би өөрийн мөрөөдлийн 11 тоглогчоо сонгоод, нэгийг нь ахлагчаар томилох ёстой бол эргэлзээгүй тэр нь Стиви Жи байх болно” хэмээсэн байдаг.

Истанбулын гайхамшиг

Хэрвээ Жэррардын тухай ярьсан л бол “Истанбулын гайхамшиг”-ийн тухай дурьдахгүй аваас алдас болно. Магадгүй түүний Ливэрпүүлд өнгөрүүлсэн 17 жилийн хамгийн онцгой үдэш Истанбулд тохиосон байх.

Маш их саад бэрх, хүнд хэцүүг даван туулсны эцэст Ливэрпүүл клуб 20 жилийн дараа Европын хамгийн нэр хүндтэй Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд шалгараад байлаа. Финалд тэдэнтэй учраа таарахаар дэлхийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг АС Милан клуб хүлээж байсан бөгөөд эхний 45 минутанд л 3 гоол оруулж, Ливэрпүүлийг хүнд байдал оруулаад байв. Нуман тулгуурт орсон Ливэрпүүлийн талд бурхан зогссон ч оройтсон гэдэгтэй бүгд санал нийлж байсан байх.

Ливэрпүүлийн дэмжигчид хайртай багаа Аваргуудын лигийн финалд тоглохыг 20 жил хүлээсэн. Харамсалтай нь тэдний мөрөөдөл талаар болж, нүдэн дээр нь Миланы фэнүүд баяраа тэмдэглээд эхэлсэн гашуун мэдрэмжийг уугуул нутгийн унаган хүү Жэррард л бүхнээс илүү мэдэрч, өөртөө бурууг өгч суусан биз.

Багийн нөхдөө хий хоосон үгээр уриалах бус, өөрөө үлгэрлэн үзүүлье, эхний гоолыг заавал оруулъя. Дэмжээд өгөх Копууд минь ард байна хэмээн сэтгэж, улмаар түүндээ хүрсэн. Гайхамшиг ингэж л эхэлсэн. Зүүн жигүүрээс хөөргөн өгсөн Йон Арнэ Рийсийн дамжуулалтыг мөргөж хаалганд оруулсны дараа хоёр гараа савчин гүйх энэ дүр зураг одоогоос 10 жилийн өмнө тохиосон билээ. Ливэрпүүлд хэрэгтэй байсан амь тариаг яг л хэрэгтэй мөчид нь залгаж чадсанаар хормын төдийд тооны харьцааг тэнцүүлж, улмаар торгуулийн цохилтоор Миланыг буулган авч, Истанбул дахь гайхамшиг бүтсэн түүхтэй. Ингэснээр Улаанууд Аваргуудын лигийн 5 дахь түрүүгээ 20 жилийн дараа хүртэж, энэ цомыг үүрд хадгалах эрхтэй гуравхан багийн нэг болсон.

Нэр хүнд, цар хүрээгээрээ ДАШТ-ний дараа ордог Аваргуудын лигийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглолтоор шалгарсан энэ тоглолтын гол дүр нь Стивэн Жэррард байлаа. Тэр бол энэ алдарт тэмцээний финалын тоглолтын шилдгээр нэрлэгдсэн цорын ганц Англи тоглогч юм.

Истанбулаас нэг жилийн дараа

Уг гайхамшигт тоглолтоос нэг жилийн дараа Ливэрпүүл дотоодын нэр хүндтэй цомын тэмцээн болох ФА Капын финалд шалгараад байлаа. Энэ удаад өрсөлдөгч Вэст Хэм клуб Улаануудад гэнэтийн сюрпризийг барьж, эхний 2 гоолыг тэдний хаалганд оруулчихав. Гэвч энэ бүхний дараа Жэррардын сантиметрийн нарийвчлалтай дамжуулсан бөмбөгийг Жибрел Сиссе найдвартай гүйцээж, ахлагч өөрөө нэгийг нэмснээр тоо тэнцлээ.

Харамсалтай нь Пол Кончески (хожмоо Улаануудад хүчин зүтгэсэн) Ливэрпүүлийн зүтгэлийг үгүй хийж, тооны харьцааг дахиад л холдуулчихав. Цаг дуусах дөхөж, шүүгчийн мэдлийн минутыг сунгахтай зэрэгцээд өнөөх л Жэррард 35 гаруй метрийн зайнаас гайхалтай гэхэд багадмаар гоолыг оруулж, багаа ялагдлаас дахиад л аварчихлаа. Улмаар торгуулийн цохилтоор Ливэрпүүл ялж, 7 дахь удаагаа ФА Цомыг өргөсөн байдаг.

Өдгөө энэ тоглолтыг “Жэррардын финал”, “Миллэниум цэнгэлдэхэд тохиосон гайхамшиг” зэргээр нэрлэдэг билээ. Дашрамд сонирхуулахад Жэррард бол оролцсон бүх цомын тэмцээний финалын тоглолтонд гоол оруулсан цорын ганц Англи тоглогч юм.

Талбайн жанжин

Ливэрпүүлийн заналт өрсөлдөгч Манчэстэр юнайтэдийн алдарт дасгалжуулагч Сэр Алекс Фэргусон хэлэхдээ “Жэррард бол Патрик Виара шиг хамгаалалттай, Пол Скоулз шиг дамжуулдаг, Фрэнк Лампард шиг гоолын мэдрэмжтэй, Рой Кийн шиг тоглолтыг удирддаг жинхэнэ төгс хагас хамгаалагч” хэмээн үнэлж байсан удаатай. Хамгийн том өрсөлдөгч багийнх нь дасгалжуулагч түүнийг ийн үнэлсэн нь Жэрррардын хамгийн бодит тодорхойлолт ч байж магадгүй юм.

Тэр үнэхээр ч ийм л хагас хамгаалагч. Хатуу ширүүн, Англи маягийн хамгаалалтыг хийж, өрсөлдөгчийнхөө зүрхэнд шар ус хуруулан таклдаж унагаах хамгийн дуртай гэж номондоо өгүүлсэн нь ч бий.

Түүнээс гадна алсын хүчтэй цохилт бол Жэррардын нэрийн хуудас юм. Торгуулийн шугамны гаднаас илгээсэн сум шиг хүчтэй цохилтынх нь хохирогч болсон олон шилдэг хаалгачид бий. Тэр Ливэрпүүлд хүчин зүтгэсэн 17 улирлынхаа турш нийт 180 гаруй гоолыг оруулснаас харвал ямархуу эрэмбэтэй “гоолдогч” болох нь харагдана. Энэ бол зарим довтлогчдын зөвхөн мөрөөдөж л чадах үзүүлэлт гэдэг нь нууц биш.

Жэррард хөлбөмбөгийн талбайд яг л жанжин мэт тоглолт үзүүлдэг. Ливэрпүүл хүнд байдалд орсон үед Жэррард л тоглолтыг эргүүлж, багийн нөхдөө зоригжуулдаг. Тэр хамгаалалтанд маш сайн дэм болохоос гадна довтолгооныг эхлүүлэх, төгсгөх дамжуулалтыг төгс хийж чаддаг. Түүнд зориулсан дуунд He’ll pass the 40 yards гэсэн үг гардаг. Энэ нь 40 алхам газрын зайнаас сантиметрийн ч алдагдалгүй дамжуулалт өгч чаддагтай нь холбоотой.

Ноён Ливэрпүүл

Тэр үеийн хүүхдүүдтэйгээ шороон талбайд бөмбөг хөөн гүйж явахдаа хэзээ нэгэн цагт Ливэрпүүлийн өмсгөлтэй тоглох юмсан хэмээн мөрөөдөж байсан гэдэг. Наймхан настайдаа Ливэрпүүлийн хүүхдийн академид элсэн орж, мөрөөдлөө эхлүүлсэн Стивэн Жэррард 27 жил үргэлжилсэн Ливэрпүүл дэх замналаа эргэн харах цаг дөхжээ.

Ливэрпүүл хотын хаа нэгтээ бөмбөг өшиглөж явсан жаалхүү Стивэн хожмын нэг өдөр хайртай багийнхаа домогт тоглогч, өсч торнисон хотынхоо билэг тэмдэг, хөлбөмбөгийн эх орон Английн шигшээ багийн ахлагч болно гэдгээ өөрөө ч төсөөлөөгүй тухайгаа саяхан ний нуугүй өгүүлжээ.

Тэр хөлбөмбөгчдийн оргилд нь хүрч, бүхий л цом шагналуудыг хараахан түүж амжаагүй. Гэхдээ тэднээс дутахгүй нэр алдар, хөгжөөн дэмжигчдийнхээ хайранд умбасаар өдийг хүрсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Европын хамгийн шилдэг багуудын арааны шүлсийг асгаруулж явсан идэр залуу насандаа тэр Ливэрпүүлийн дэмжигч Копуудыгаа өөр ямар ч дэмжигчдээр солиогүй. Ливэрпүүлийн ямар ч дэмжигч Жэррардыг Месси, Роналдугаар солихгүй. Манчэстэр Юнайтэдийн Райн Гиггсийн энгэр дээр арван хэдээрээ багшралдсан Английн Премьер Лигийн аваргын алтан медаль Стивэн Жэррардын минь энгэр дээр ганц ч болтугай гялалзсан бол гэсэн бяцхан харуусал огтхон ч төрөхгүй байна.

Учир нь тэр хийдгээ хийж, Ливэрпүүлийн дэмжигчдээ хангалттай баярлуулж, аз жаргал бэлэглэсээр ирсэн. Жэррардтай Ливэрпүүлийн цаг үе хамгийн төгс, дийлэгдэшгүй нь биш хэдий ч зөвхөн түүнд татагдаж энэ багийг эргэлт буцалтгүй дэмжсэн Копууд олон.

Хөлбөмбөгт мөнгө, цомноос илүү эрхэм зүйл байдаг гэдгийг биечлэн харуулж, дэлхий нийтэд ойлгуулсан ховорхон тоглогчдын нэг бол тэр. Энэ ертөнцөд тэр өөрийн нэрээ тамгалж чадсан… Миний мэдэх хамгийн агуу тоглогч бол Стивэн ЖЭРРАРД. Ливэрпүүлийн төлөө, гайхалтай хөгжөөн дэмжигчдийнхээ төлөө хийсэн бүхэнд чинь талархаж байна. Баярлалаа агуу ахлагч минь…

2015.05.15

“Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.БАДРУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж