Дэлхийн чансааг тэргүүлж буй, жин бүрийн шилдэг 16 жүдоч хүч үздэг "Masters" тэмцээн Марокко улсад болж байгаа билээ.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр Монгол, Япон, ОХУ-ын бөхчүүд тус бүр хоёр алтан медаль хүртэж, тэдэн дунд Монголын хүчирхэг хоёр бүсгүй алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа дараалан эгшиглүүлэв.
"World masters" тэмцээний эмэгтэйчүүдийн 48кг-д зодоглосон дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг алтан медалийн төлөө дэлхийн аваргын мөнгөн медальт, Аргентины Парето Паулатай барилдаж, 1:16 секундэд цэвэр ялсан юм.
Харин "World masters" тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д "В" хэсгийг тэргүүлэн барилдсан ОУХМ Д.Сумъяа финалын барилдаанд Францын тамирчныг торгуулиар ялж, дэлхийн шилдгүүдийн "World Masters" тэмцээний хошой аварга боллоо. "Мастерс" тэмцээнээс Монголын жүдочдын зургаа, долоо дахь алтан медалийг тэд ийнхүү эх орондоо авчирлаа.
Монголын жүдочдоос ОУХМ С.Мияарагчаа "Мастерс" тэмцээнээс хос алтан медальтай цор ганц жүдоч байсан бол энэхүү жагсаалтад Д.Сумъяа бичигдэж эхэллээ. М.Уранцэцэг, Д.Сумъяа нар ийнхүү аваргын алтан медаль хүртсэнээрээ шагналын 6000 ам.доллар хүртэн, олимпийн эрхийн 700 оноо халаасалж байгаа юм.
Түүнчлэн өчигдөр дэвжээнд гарсан манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг нар хүрэл медаль хүртсэн. Дэлхийн аварга Г.Болдбаатар хүрэл медалийн төлөө торгуулийн барилдаанд Д.Амартүвшинг цэвэр ялсан Гүржийн Папинашвилитэй барилдаж, ялсан. Папинашвили барилдааны эхэнд юүко үнэлгээгээр хошуучилж явсан ч сүүлийн минутад отгон дэлхийн аварга маань маш хариуцлагатай барилдаж вазари үнэлгээ авч, улмаар даралтанд оруулснаар 4:52 секундэд буулган авсан юм. Ийнхүү тэрбээр 2013 онд Тюмений "Мастерс"-аас мөнгөн медаль хүртэж байсан бол ийнхүү хүрэл медалиар ижилсүүлэв.
Харин "С" хэсгийг тэргүүлэн барилдсан, ОУХМ Д.Төмөрхүлэгийн хувьд эхний тойрогтоо хийлж, улмаар 2013 оны "Masters"-ын хүрэл медальт Израйлын Поллак Голанг барилдаан дуусахаас таван секундын өмнө цэвэр ялсан. Ингээд хэсгийн аваргын төлөө Японы Тайкачи Кенгог цэвэр ялж, хагас шигшээд Гүржийн жүдоч Зантариад ялагдсан юм. Хүрэл медалийн төлөө тэрбээр "Их дуулга"ын хошой хүрэл медальт, Францын Корвалыг торгуулиар ялж, "Мастерс"-аас анхны медалиа хүртлээ.
Б.ЭНХ