Боловсрол өөртөө итгэх итгэлийг төрүүлж, итгэл нь чадварыг үүтгэнэ.
Чадвар нь амар амгаланг бүтээгч юм.
Күнз
Birmingham-д амьдардаг дүүгийнхээ ярьсан түүхээс үүдээд би энэ тухай бодох болсон юм. Монголоос шилжиж очоод удаагүй 3-р ангийн хүү нь хичээлийнхээ дараа ээждээ гомдол мэдүүлжээ. "Ээж, 4х4=16 биз дээ", "Тийм", "Би хамгийн түрүүнд хариуг нь хэлсэн чинь багш буруу гээд байх юм". Ээж нь багшаас асуув. "Сонор бодлогын хариуг зөв хэлсэн байхад та яагаад буруу гэсэн юм бэ?", "Сонор буруу ойлгожээ. Би түүнд бэлэн хариу битгий хэл. 4х4 гэдэг нь яг юу юм бэ гэдгийг эхлээд тайлбарла. Бэлэн хариу хэрэггүй гэсэн юм" гэж.
Монголд байхдаа үржүүлэхийн хүрдийг сүнгэнэтэл цээжлэчихсэн хүүхдэд 16 гэдэг хариу нь чухал болохоос тус бүр 4 ширхэгээс бүрдсэн багц 4 байна. Нийтдээ 16 нэгж, 4 багц гэдэг агуулгын талаар бодохыг хэн ч зааж байсангүй. Дөрвөн дөрвийн арван зургаа, гүйцээ !
Энд өрнө, дорнын сургалтын ялгаа тод ажиглагдна. Өрнийхэн үйл явц, агуулгыг ойлгуулах, учрыг нь ухуулах, дадлагажуулахад анхаардаг бол дорныхон ялангуяа буддист уламжлалд эхлээд цээжлэ, түм бум давт, яваандаа ухамсарлагдна гэж сургадаг байжээ. Даяарчлалын давалгаанд хамгийн ихээр холилдон сүлэлдэж байгаа салбар бол мэдээж боловсрол бөгөөд хөгжиж ядан байгаа монголчуудын хувьд ямар боловсрол хэрэгтэй талаар хэсэгхэн зуур ч болов бодлогоширцгооё.
Мэдэх, чадах хоёрын хооронд тэнцүүгийн тэмдэг бий юу?
Зөвлөлт маягийн сургалтын уламжлаар одоо ч явж буй монголын сургуулиуд, өвөлдөө урт урт онолын хичээлүүд, лекциэр завсаргүй бөмбөгдөж байгаад хавар, намартаа дадлагын ажил гэж хаа нэг газар оюутнуудыг тараан байрлуулаад өнгөрдөг нь амьдрал дээр мэдэхээс цаашгүй мэргэжилтнүүд болон ирж байна. Нэгэн студийн продюсер зураглаач мэргэжлээр сурсан гэх хэд хэдэн залууг ажилд аваад шууд зураг авалт хийлгэх гэсэн мэргэжлийн камер барьж ч үзээгүй, тохиргоо хийж чадахгүй байсан гэв. Сүртэй нэртэй сургууль дүүргэсэн тэдэнд сонирхогчийн камераар зураг авах боломжийг ч тун цөөн удаа олгосон гэнэ. Ардын, гавъяат, соёлын тэргүүний гээд сунжирсан олон цол, гуншинтай багш нарын хоосон онолдохыг бичиж аваад, үүх түүхээ дурсан ярихыг сонсож байгаад төгсдөг гэнэ.
Шинээр нам байгуулж, монгол ХҮНийг "жаргаагаад" өгөх юм ярьж яваа залуустай уулзахаар бас л баахан онол суртал дурдаж, тэнд ч ингэдэг, энд ч тэгдэг гэх зэргээр дүрэмдэх агаад монголын хөрсөн дээр улс төр хийж байсан, монголын сонгогчидтой тулж ажиллаж байсан туршлагыг асуухаар таг суух ажээ. "Жаргаах" гээд байгаа монгол хүнийхээ сэтгэл зүйн талаар ямар ч ойлголтгүй. Тэдэнд нөлөөлөх ганц ч болтугай бодитой ажил хийж үзээгүй хүмүүсийн цуглуулга. Энд тэндхийн онол, жишээ татсан л хүмүүс байх. Ийм намын боловсрохыг хүлээвэл "жаргаж" амжихгүй зул болох биз ээ.
Мэдлэг бол боловсрол биш. Боловсрол гэж мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх чадварыг хэлээд байгаа юм. Өмнөх үеийнхний амьдралаараа, туршлагаар олж авсан мэдлэгийг багшаас, сургуулиас өвлөж аваад түүнийгээ өөрийн болгож, хэрэгжүүлэх чадвар суусан цагт боловсрол болно. Онол бол товч зам, багц мэдээлэл, туршлагыг дамжуулж байгаа явц бөгөөд туршлага, дадлагагүйгээр боловсрол болон хувирахгүй. Товчхондоо мэдэх нь чадна гэсэн үг биш. Харин чадвар бол харин мэдлэгийн дээд илрэл.
Боловсролын байгууллагууд суралцагсдадаа үзсэн онолоо шууд практик дээр хэрэглэх, турших боломжийг бүрдүүлэх нь мэдээж өртөг ихтэй. Дээр дурдсан зураглаачаар суралцаж байгаа оюутнуудыг дадлагажуулахын тулд орчин цагийн техник тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, зай талбай бүхий студи зайлшгүй хэрэгтэй. Гэтэл монголд зураглаачаар сургаж байгаа бүх сургуульд энэ нь байхгүй. Тэгэхээр гоё гоё камерын нэр цээжлээд, хэрэгтэй хэрэггүйг нь ялгахгүй баахан онол сонссон зураглаач л бэлтгэхээс өөр аргагүйд хүрч байгаа юм.
Онол хэрэггүй, практик л чухал гэх бүдүүн бааздуу хандлага ч байдаг. Хэрэглэгчийн гарын авлага шиг зүйлээр мэргэжилтэн бэлтгэх, Зураглаачийг гэхэд л эхлээд камераа асаа, дараа нь цагааны балансыг тааруулаад, фокус, гэрэлтэлтийн төвшнийг тохируул. Тэгээд дүрс хайгч дээр зохиомжоо нягтал. Зохиомжид ийм, тийм зүйлийг анхаарах хэрэгтэй. Бүх тохиргоо бэлэн болсон бол дууныхаа төвшинг шалга. Тэгээд "rec" гэсэн бичигтэй улаан товчлуур дээр дарж бичлэгээ эхлүүлнэ. Бичлэгийг дуусгах бол "rec" товчлуурыг ахин дарна… гэх маягаар бэлтгэж бас болохгүй байх. Нуль бараашигдах маягаар сурсан иймэрхүү мэргэжилтний хөрвөх чадвар муу, өөрчлөгдөн байгаа нөхцөлд дасан зохицох нь удаан байдаг. Яагаад гэвэл түүнд тухайн зүйлсийн талаарх суурь ойлголт байхгүй, ердөө л ажлын дараалал мэддэг учраас…
Энэ бүхний эцэст бид онолыг хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх боловсрол л бидэнд чухал гэсэн дүгнэлтэд хүрч байна. БСШУЯ яг ийм чиглэлд боловсролыг шинэчилж байгаа ажээ. Тийм ч учраас сургуулиудад туршилтын лаборатори байгуулахад урьд өмнө зарцуулж байгаагүй их төсвийг олгож, иж бүрнээр тохижуулж байна.
Боловсролын сайд өөрийн багийг орчин цагийн боловсролын системийг буй болгох нүсэр ажилд залж чиглүүлж, энэ ажлынх нь үр дүн түрүүчээсээ гарч эхэлж байгаа нь баярлуулштай мэдээ мөн. "Ажил хийвэл дуустал" гэх ардын үг бий. Эхлэсэн ажлаа дуусгаж, Боловсролоо гүйцэд боловсруулахын ерөөл талбия.
Г.МӨНГӨНЧИМЭГ
Эх сурвалж: "ТОЙМ" сэтгүүл