“Наран туул” захын босс, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу улстөрийн тогооноос гарснаар нам жимхэн байх болсон. Гэхдээ тэрээр улстөрд зүтгэсэн он жилүүдээ нөхөхийн тулд бизнестээ анхаарч, толгой өндийх завгүй ажиллаж байгаа аж. Энэ тухайгаа тэрээр “times.mn” вэб сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Ирээдүйн зорилго нь занараас нефть гаргаж дотоодын хэрэгцээг хангах. Мөн “Наран туул” худалдааны төвийг битүү зах болгох төсөл ч боловсруулсан юм байна. Бүр цогцолбор болгох гэнэ. Гэхдээ энэ ажлыг хэзээ эхлүүлэх вэ гэдэг тодорхойгүй аж.
Түүнийг 2008-2012 оны үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай “Наран туул” худалдааны төвд олон зуун монгол иргэн өвлийн хүйтэн улиралд цементэн шалан дээр худалдаа хийж амьдралаа залгуулж байгаа нь эрүүл мэндийг нь хохироосон, бурангуй үйлдэл болж байна” гэж шүүмжилсэн удаатай. Түүнээс ч болсон уу, тухайн үед хотыг МАН-ын гишүүд удирддаг байсан бөгөөд зарим нэг шахалтыг үзүүлдэг байсан бололтой юм. Харин одоогийн хотын удирдлага намынх нь экс хотын дарга нартай харьцуулахад учир зүйтэй асуудалд хандаж, дарамт шахалт үзүүлэхгүй байгаа тухай ийн өгүүлжээ.
Тэрээр “Хотын захиргаанаас надад албан ёсны бичиг өгсөн зүйл байхгүй. Өмнөх Засаг дарга нарын үед захыг битүү болгох асуудал яригддаг байсан. Тэд л ийм заваан задгай зах байлгахгүй гэж хамгийн их ярьдаг байлаа. Харин Э.Бат-Үүл чинь асуудалд өөрөөр хандаж, сэтгэж, ажиллаж байгаа нь ажиглагддаг. Хямралын үед муучлаад, муугаар дуудаад байсан “Нарантуул” зах шиг хэрэгтэй зүйл байхгүй байгаа биз дээ. Би түрээсийн төлбөрөө ерөөсөө нэмдэггүй. Наймаачдад тэгж дарамт үзүүлээд яах юм. Захыг битүү болгочихвол түрээсийг нэмэхээс өөр аргагүй болно. Тэр хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ өсч таарна. Ард түмний амьдрал хүндхэн байхад үнийн дарамт мэдрүүлэхгүй юмсаан гэж хичээж ирсэн. Түүнээс хөрөнгө мөнгө босгож чадахгүйдээ одоо болтол задгай байлгасан юм биш. Цаг нь болохоор шаардсан, шаардаагүй томоохон өөрчлөлт хийж л таараа. Цогцолбор байгуулахаар зураг төслийг гаргуулаад, наймаачиддаа аль болох ашигтай хувилбарыг бодож байгаа. Гэхдээ хэзээ цогцолборыг барих вэ гэдгээ шийдээгүй байна” гэдгээ энэхүү ярилцлагадаа онцолжээ.
“Наран туул” худалдааны төвд борлуулагдах бараа бусад захынхтай харьцуулахад үнийн хувьд доогуур тул нийт массыг хамарсан наймаа хийгддэг гэж хэлж болно. Нэг үгээр хэлбэл, нийслэлийн гэр хорооллынхон төдийгүй хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг зорин ирсэн иргэд, наймаачид хамгийн гол үйлчлүүлэгч нь байдаг. Өөрөөр хэлбэл, тус төвд хамгийн том “наймаа” эргэлддэг гэж хэлж болно.
Хоёр жилийн өмнө Хүнсний төвд нь гал гарснаар үйлчлүүлэгчийнх нь тоо багасч, тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэсэн ч эдийн засаг хямарсан энэ үед бусад худалдааны төвтэй харьцуулахад арай дөнгүүр нь “Наран туул” болж буй аж. Гэхдээ л иргэдийн худалдан авах чадвар өмнөх жилтэй харьцуулахад муудсан нь зарим наймаачны хувьд лангуугаа бусдад түрээслүүлэхээс аргагүйд хүргэж байгаагаа учирлах нь бий.
Г.ХОРОЛ