Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн болон Сангийн сайд гишүүдийн асуултад хариулж байна.
О.Баасанхүү: Эдийн засгийн өршөөлийн хууль юм уу, татварын өршөөлийн хууль юм уу. Эдийн засгийн өршөөлийн хууль гэхээр Уянгаагийн яриад байгаа Баярын асуудал байна гэж харж байгаа. Эдийн засагтай холбоотой юм бол яагаад залилангийн хэргийг өршөөж болдоггүй юм. Офшор дансыг судалсан юм байна уу. Баярцогт гишүүнээс хойш офшор дансыг маш сайн мэддэг болчихоод байна л даа. Эдийн засагт тодорхой хэмжээний мөнгө орж ирэх байх гэж өршөөж байгаа болохоос толгойг нь илээгүй. Өршөөл үзүүлснээр хичнээн мөнгө орж ирэх вэ, хэн өршөөлд хамрагдах вэ. Шударгаар татвар төлөөд явж байгаа хүнд ямар боломж байгаа юм?
Ж.Эрдэнэбат: О.Баасанхүү гишүүний асуултад хариулъя. Офшор данстай холбоотой мэдээлэл байхгүй. Үүнийг мэдэх боломж хомс. Та ч өөрөө үүнийг мэдэж байгаа. Энэ хуулийг баталснаар офшор дансад байгаа мөнгө орж ирж магадгүй л гэж үзсэн. Олон улсын санхүүгийн байгууллагаас далд эдийн засаг их байна гээд байгаа. Хууль батлагдаж гарах юм бол та бидний хардаж байгаа энэ зүйлүүд маань орж ирэх боломжтой гэж харж байгаа.
Р.Гончигдорж: Хуулиудыг хэлэлцэх үед лавлагаа, асуулт хариулт явагдах байх. Нэг зүйлийг тодруулж, санаа оноогоо хэлье. Төрийн нэг чухал чанар бол ял оноож чаддаг, бас уучилдаг байх ёстой. Татварын харилцаан дээр төр ч өөрөө буруутай байх тал бий. Татварын ачаалал их, тооцооллын алдаа их, нягтлан бодох бүртгэлийн системийг мэдэхгүй, зарим зүйлийг тойрч гарах боломжуудыг бий болгосон гэх мэтчилэн төр өөрөө буруутай зүйл байгаа байх. Нэг талаас эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй байна. Энэ ачааллыг аж ахуйн нэгжүүд үүрч байгаа.Ачаа үүрч яваа аж ахуйн нэгжүүдийн ачааллыг хэдэн хувиар үзүүлэх боломжтой вэ?
Ж.Эрдэнэбат: Татварын асуудлаар 8231 аж ахуйн нэгжийг шалгаж 46 тэрбум төгрөгийн өр шинээр үүссэн. Хүү, торгууль, алданги тооцоод 48 тэрбум асуудал яригдаж байгаа. Хуулийн хувьд мэдээж, өмнөх онд эдийн засагт өсөлт гарсан учраас татвараас авч байгаа орлого нэмэгдсэн. Гэхдээ цаана нь багагүй хэмжээний мөнгө нуугдаад байна. ДНБ-ийн 35 хувь нь сүүдийн эдийн засагт эргэлдэж байгааг олон улсын байгууллагууд хэлж байгаа.
Ч.Хүрэлбаатар: 2013, 2014 онд нийтдээ 17 их наядын зөрчил илрүүлж 450 тэрбум төгрөгийн торгууль тавьсан байна. ДНБ-тэй тэнцэх хэмжээний зөрчил илрүүлсэн байгаа биз дээ. Ил гарах юм үлдсэн юм уу. Монгол Улсад 24 мянган аж ахуйн нэгж татвар төлж байгаа гэсэн. Үүнээс 11 мянга нь прокурор дээр шалгагдсан байгаа шүү дээ. Одоо цагдаа аж ахуйн нэгжийн татварын зөрчлийг шалгаад, баримтуудыг үзээд явж байна. Яагаад гэвэл цагдаа нар ашигтай байхгүй юу. Татвар дээр нь цагдаа нар орчихсон. Увс аймгийн Цагдаагийн хэлтэсийн дарга Базаррагчаа гэдэг хүн байна. АН-ын байран дээр сууж байдаг. 11 аж ахуйн нэгжийг хууль хүчнийхэн шалгаж байна гэдэг Монгол Улсаас хөрөнгө оруулагчийг үргээж байгаа асуудал.
Ж.Эрдэнэбат: Татварын хяналт шалгалтын хувьд графикт төлөвлөгөөт шалгалт гэж аж ахуйн нэгж рүү ордог. Татварын хяналт шалгалтыг заавал 14 хоногийн өмнө мэдэгдэж байж аж, ахуйн нэгжийг шалгаж байхаар хуулийн заалт оруулсан. Бизнес эрхлэгч дээр татварын эрх зүйн орчин хуулийг таниулах тал дээр анхаарч байгаа. 2014 онд 10.1 мянган аж ахуйн нэгж дээр татварын шалгалт оруулсан байгаа. Их наядаар тооцогдох хэмжээний зөрчил илэрдэг. Өнгөрсөн онд13 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 445.9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байдаг.
Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл: Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг илрүүлэх нь хууль сахиулагчдын үүрэг мөн. Гэхдээ үүнийг илрүүлж байна гээд бизнес эрхлэгчдийг дарамталж, ашиг хонжоо олох нь хуулиар хориотой. Ялангуяа удирдах албан тушаалтан холбоотой ийм асуудал байж болохгүй.
Д.Ганхуяг: ТЕГ, прокурор, цагдаа нийлээд татварын хэргээр хичнээн аж, ахуйн нэгжийг шалгасан юм бэ. Тоогоо ойлгомжтой ирүүлээч ээ. Хоёр өөр тоо яриад байх юм. Татварын ерөнхий газар өөр юм яриад, прокурор нь өөр тоо хэлээд байх юм.
Б.Гарамгайбаатар: Эдийн засгийн өршөөлийн хууль их чухал. Нэрнээс нь болоод байна уу, үгүй юу. Гишүүдийн ойлголцол өөр байх юм. Эдийн засаг хүндэрснээс бодоод татвараа төлөөгүй аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх юм гэж ойлгоод байгаа шүү дээ. Татварын орчин сайжрах юм байна гэж ойлгогдож байгаа.
Ж.Эрдэнэбат: ТЕГ дээр татварын хяналт шалгалт хийдэг байцаагч нарын тоог багасгая гэж бодож байна. Татвар төлөхгүй болчихвол төр өөрөө хэцүү болно. Татвар төлдөг системийг бий болгоно. Татварын хяналтаар тогтоогдоогүй зүйл дээр цагдаа шалгалт оруулдаг явдал байна. Эрүү үүсгэх чиглэлийн асуудал дээр иж бүрэн шинэчлэл хийх гэж байна.
Б.Ариунсан: Татварын хууль, журмыг бүхлээр нь өөрчлөх хэрэгтэй байгаа. Цагдаагаар шалгадаад байгаа 11260 аж ахуйн нэгж дээр бид нар ялгаад, эрүүгийн дугаарыг тусгайлаад судалсан. Цагдаа дээр хоёр өөр тоо байгаа юм. Хамаг хөрөнгө нь барьцаанд орсон аж ахуйн нэгж хүнд байна. Аж ахуйн нэгжүүдийг ялгаагүй. Аль нэгэн аж ахуйн нэгж, хэн нэгэн хүнд зориулсан хууль гаргах гээгүй. Бүгдийг нь нэг гараанаас эхлүүлэх гээд байгаа юм.
Г.Баярсайхан: Төр төмөр нүүрээ ч гаргадаг,бас өршөөдөг байх ёстой. Их хурал болгон дээр өршөөл үзүүлэх асуудлыг ярьдаг болж. Өршөөлийн хуулийн лобби явагдаад байна гэж харж байгаа. Ардын нам акул компаниуд ч байгаа. Эдийн засгийн өршөөлд хамрагдах хамгийн том мөнгөний тоо хэд вэ. Компанийн нэрийг дурдаад яах вэ, тоог нь хэлээч. Эдийн засгийн өршөөл, луйвар, гэмт хэргийн асуудлыг дахиж өршөөх асуудлыг яримааргүй байна. Та нэг мөнгөний тоо хэлээч.
Ж.Эрдэнэбат: Үнэнийг хэлэхэд би танд мөнгөний тоог хэлж чадахгүй нь, Баярсайхан гишүүн ээ. Хэн, хэдийг хаана нуусныг би мэдэхгүй. Гэхдээ хамтарсна засагт орж ирээд Ардын нам санаачлаагүй. Энэ хууль таны гарын үсэгтэй явж байгаа шүү. О.Баасанхүү гишүүнээ би хариулъя. Та ганцаараа юм шиг дандаа ярьж байх юм. Үүнийг улстөр болгоод байх шаардлагагүй. Энэ Засгийн газар батлах, хэлэлцэх эхэсээ Их хурал яаралтай шийдэх хэрэгтэй байна. Энэ хуулийн хүлээлт их байгаа. Энэ нь эдийн засагт их хортой байдал үүсгээд байна. Нэг бол баталъя. Эсвэл больё.
Л.Цог: Түрүүчийн хууль гаргаснаар эдийн засаг сайхан болчихоогүй. Эдийн засаг өөрөө тэлсэн. Өнөөдөр гэхдээ энэ хуулийн хүлээлт их байна. Өршөөлийн хууль гаргана гээд өгөхгүй суугаад байна. Гэтэл өгсөн нь хохироод байгаа шүү дээ. Ний нуугүй хэлэхэд, шударгаар татвар төлсөн нь хохироод байна.
Б.Ариунсан: Өнгөрсөн 2007 оны өршөөлийн хуулиар аж ахуйн нэгжийн тоо эрс өссөн. Тэгэхэд 24 аж ахуйн нэгж байж байгаад 42 болсон. Улсын төсөв 1.6 дахин өссөн. Тэр үед аж ахуйн нэгж гурван тайлан гаргадаг байсан. Одоогийн бол өөр утгатай. Эдийн засгийн том тэлэлтийг авч үлдэх гэсэн санаа яваад байна. Хууль хүлээгээд татвараа төлөхгүй байна гэж ойлгож болохгүй. Тоо харъя гэвэл, сүүлийн үед өрийн байдал үүсээд байна.
Х.Тэмүүжин: Энэ бол энэ Засгийн газрын хууль. УИХ энэ хуулийг ямар ч байсан хэлэлцэх, эсэхээ шийдэхгүй бол хүлээлт үүсгээд аж, ахуйн нэгжийн тушаах татвар доголдоод эхэлж байна. Хэрэв ингээд шийдэхгүй бол буруу дохио өгөөд байна. Сүүдрийн эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг ил гаргах нь аль ч засгийн газарт хийх ёстой ажил мөн. Татварын байгууллагаас гаргаж байгаа тоо, прокурорын байгууллагаас гаргаж байгаа тоо өөр байна вэ гэвэл энэ дохио. Хуулийн байгууллагууд том мөнгөтэй компанийг шалгадаг. Энэ нь аж ахуйн нэгжид дарамт үүсгэж буйг үгүйсгэхгүй. Одоо бол дурын аж ахуйн нэгжийг шалгах боломжтой байгаа.
С.Бямбацогт: Яах аргагүй чухал асуудал юм. Ирэх долоо хоногт УИХ-аар Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэлэлцэгдэнэ. Баялаг бүтээгчдээ дэмжих, дарамтлахгүй байх тал дээр анхаардаг. Монгол Улсын төсвийн орлогыг тэр үүрдэг. Ажиллах хүчний 80 хувийг тэд хангадаг. Нөхөн татвар 2.6 тэрбум, алданги 52 тэрбум болж 2012 оноос дөрөв дахин нэмэгдсэн, торгууль 160 тэрбум болж өссөн. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар хэд дахин өсч байгаа алданги, татварын дарамтад орсон аж ахуйн нэгж хамрагдахааргүй болж байгаа юм. Баялаг бүтээгчдээ хамруулахгүй байгаа нь шударга биш байна. Хэрэв Эдийн засгийн өршөөл үзүүлэх гэж байгаа юм бол шударга татвараа төлсөн, шударга татвараа яах юм бэ. Илэрсэн нь хохь болоод шоронд ордог, илрүүлэхгүй нуусан хүмүүс нь яах вэ. Мөн шударгаар татвар төлсөн хүмүүсээ яаж урамшуулах юм бэ. Төр өршөөж болно, гэхдээ урамшуулах хэрэгтэй. Бодитой тооцоо судалгаа хийж, энэ хуулийг баталснаар хэн хожих юм бэ, хэнд үр дүн очих вэ, Монголын эдийн засагт ямар ашигтай вэ гэдгийг тооцох ёстой. Хуулиа зөв баталж, нийгэмдээ зөв таниулж амьдрахыг УИХ-д бас хүсч байна гэснээр энэ асуудал өндөрлөв.